Хан-Уул дүүрэгт битүү дээвэртэй өвлийн спортын төв барихаар шийдсэн

Хан-Уул дүүрэгт битүү дээвэртэй өвлийн спортын төв барихаар шийдсэн

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Лениний музейн засварын асуудал хийгдэж байгаа юу. Нээлтээ хийнэ гэж зарласан хугацаа нь дөхлөө?

-Нийслэлийн шүүхээс “Лениний музейн барилга нь төрийн өмч мөн юм” гэсэн шийдвэрийг гаргалаа. Хэрэв Нийслэлийн шүүхийн шийдвэрийг МАН хүлээн зөвшөөрч давж заалдахгүй гэвэл манай зүгээс үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн байна. Давж заалдана гэвэл бас баахан хугацаа шаардагдах болчихоод байгаа юм.

-Музейн үзмэрүүдийн асуудал юу болж байна. 4900-аад үзмэр бий гэсэн судалгаа гарсан гэж байсан. Олдож байна уу?

-Өнгөрсөн жилийн гуравдугаар сард манайх яаман дээрээ үзмэрүүдийг хүлээж авах комисс байгуулаад МАН-аас барилгын асуудал шүүх дээр явж байгаа хойно үзмэрүүдийг хүлээж авч байя гэсэн шаардлага тавьсан. Олон ч удаа хандсан. Гэтэл нэг ч үзмэр гаргаж өгөөгүй. Хэчнээн ширхэг үзмэр байгааг эцсийн байдлаар гаргаж чадаагүй. Үзмэрийн ерөнхий дэвтэр гэдэг юмыг гаргаж өгөхгүй байгаа. Энэ 4900аад үзмэрүүдийг бид баримтат кино гэх мэтээс харж тоолж байж гаргасан тоо. Удаа дараа үзмэрээ нэхэхэд МАН гаргаж өгөхгүй байгаа учраас Цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

-МАН музейн барилгыг өгөхгүй бол ирэх үлэг гүрвэлүүдийн олдворыг хаана байрлуулах гэж байна?

-Музейн барилгаа авчих байх гэж бодоод үлэг гүрвэлийн түр музейгээ Чингис хааны талбай дээр байгуулчихсан ажиллаж байдаг. Гэтэл олдворуудаа хүлээж авах гэхээр МАН-ын нөхдүүд байрыг нь өгдөггүй. Шинэ байгуулагдсан музейн захирал үлдсэн үлэг гүрвэлийн олдворыг авчрахаар ажиллаж байгаа. Тээвэрлэлтийн зардлыг АНУ-аас гаргая гэсэн шийдвэр гаргасан юм шиг байна лээ. Тиймээс олдворуудыг байрлуулах газар сэтгэл зовоосон байдалтай байна.

-Танай яамны зүгээс ямар ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

-Зуны улирал манай яамны хувьд их чухал улирал шүү дээ. Аялал жуулчлалын ид цаг үе. Спортын олон улсын болон дэлхийн, бүсийн гэх мэт олон тэмцээн зохион байгуулагддаг. Цаг хугацаа нь учраас энэ мэт өдөр тутмынхаа үйл явдал руу их анхаарч ажиллаж байна.

Ер нь манай яамны бодлогын үүднээс өнгөрсөн долоо хоногоос эхлэн соёлын өвийг хамгаалах тухай хуулиа Засгийн газраар дэмжүүлэх гэж байна. Энэ бол их чухал. Соёл талдаа хамгийн их үгүйлэгдэж байсан зүйл бол яах аргагүй соёлын өвийг хамгаалах тухай асуудал байсан. Манай яамны гол бодлого бол соёлын өвийг яаж хамгаалах вэ гэдгийг анхаарах. Энэ асуудлаар том хууль боловсруулж Засгийн газраар хэлэлцүүлээд УИХ-д өргөн барих гэж байна. Одоо бид нар аялал жуулчлалынхаа хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Тус ажил ч ерөнхийдөө дуусч Засгийн газарт оруулахаар бэлдэж байгаа. Мөн биеийн тамир, спортын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Ийм гурван хууль дээр энэ зуны турш ажиллалаа. Нэлээд ахицтай байгаа. Намрын чуулганд гол гурван хуулиа оруулаад батлуулчих болов уу гэсэн бодолтой байна.

-Спортыг хөгжүүлэхийн тулд ямар ажлууд хийж байгаа талаараа дэлгэрүүлээч?

-Ямар ч улс орон бүх спортыг жигд хөгжүүлнэ гэсэн ойлголт байдаггүй шүү дээ. Энэ нь улс үндэстний онцлог, амжилт гаргаж байгаа төрлүүд гэж байдаг. Мөн амжилт гаргах боломжтой төрлүүд гэж бий. Монгол хүний бие организм, цаг уурын байдал тохирсон болон тохирохгүй спорт гэж байна. Тийм учраас манай яам бол монгол хүн ямар спортоор хичээллэвэл амжилт гаргах бэ гэдэг бодлогыг түлхүү барина.

Амжилт гаргадаг төрлүүддээ түлхүү анхаарал тавина. Үүнээс гадна спортын төрлүүдээс гадна нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхийг анхаарч байгаа. Хүн бүхэн тамирчин, тив дэлхийн аварга болдоггүй юм аа гэхэд бүгд биеийн тамираар хичээллэдэг, эрүүл мэндээ анхаардаг байх хэрэгтэй. Тийм учраас энэ тал руу ч анхаарч ажиллана. Нэг үгээр бол Соёл, спорт аялал жуулчлалын яам соёл, спорт, аялал жуулчлалыг яаж цогц холбож цааш нь хөгжүүлэх вэ гэдгийг анхаарах ажиллах юм.

-Ер нь амжилт гаргасан тамирчдад хэрхэн анхаарал тавьдаг юм бэ?

-Манай улс олимп болон дэлхийгээс медаль авч байгаа спортын олон төрлүүд байгаа. Жудо, чөлөөт бөх, байт харваа, буудлага гэх мэт. Эдгээр төрлүүд дээр Ерөнхийлөгч, Засгийн газар онцгой анхаарч олимп, дэлхийн аваргад оролцсон амжилттай тамирчиддаа насан туршийн мөнгөн урамшуулал олгож байгаа. Энэ бол төрийн зүгээс спортыг дэмжиж байгаа, цаашид ирээдүйг нь анхаарч байгаа хамгийн том хэлбэр юм.

Шинэ яам байгуулагдаад ямар ахиц гарч байгааг спортын байгууллага болон тамирчдаас асуувал илүү мэдээлэл авах байх. Бидэнд их олон хүн санал хүсэлтээ илэрхийлж байгаа. Ямар нэг арга хэмжээнд оролцоход хөрөнгө мөнгө, бодлогын дэмжлэгийг сайн үзүүлж байна гэх мэт.

-Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортын төрлөөр амжилт үзүүлбэл жил бүр олгодог мөнгөн урамшуулалд оруулдаг уу?

-Засгийн газрын тогтоолын жагсаалт байдаг. Төрлүүдийг нь ангилчихсан. Үүнийг бид дахин шинэчлэхээр судалж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй спортын тамирчдаа аль болох дэмжих бодлого баримтална. Бүхий л төрлийг нь дэмжээд мөнгө өгөөд байж чадахгүй шүү дээ.

Нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг нь анхаарах ёстой. Хоёрдугаарт, тухайн хүний оролцож байгаа тэмцээний цар хүрээ, чанарыг нарийн судалж байж тэтгэлэгт оруулдаг. Тиймээс энэ ажил судалгааны шатанд явж байгаа.

-Манай улсад тамирчид бэлтгэл хийх газар хомс. Ядаж ганц байгаа спортын ордны өрөөнүүдийг иргэд түрээсэлж үйл ажиллагаа явуулж байна. Энэ тал дээр танай яамнаас ямар нэгэн арга хэмжээ авахгүй юм уу?

-Биеийн тамир, спортын ордыг шинээр барих хүсэлтээ Эдийн засгийн яаманд хүргүүлсэн. Зураг төслийн мөнгө нь шийдэгдвэл энэ ондоо багтаан зураг төслөө хийлгэнэ. Амжвал 2014 онд, цаашилбал 2015 онд барилгын ажлаа эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Энэ төвд спортын бүх төрлүүд бэлтгэлээ хийх боломжтой байх юм. Үүнээс гадна эхний байдлаар санал солилцож байгаа юм бий.

Одоо байгаа спортын төв ордны барилга нь 1950-аад оны үед баригдсан хэдий ч гадна архитектур нь тухайн үеийнхээ онцлогийг харуулсан, түүх болсон барилга шүү дээ. Тийм учраас фасадыг нь авч үлдээд суурин дээр шинэ барилга барьдаг бусад орнуудын туршлагыг ч ярьж байгаа. Тэгвэл гаднах фасадыг нь хэвээр үлдээгээд дотоод бүтцийг нь өөрчилж барих байх. 2016 он хүртэлх Засгийн газрын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулчихсан, Эдийн засгийн яамнаас зураг төслийн мөнгөө хүсчихсэн, эхний байдлаар зураг төсөл нь хийгдчихсэн, холбогдох хүмүүстэй санал бодлоо солилцчихсон байдалтай байна.

-Улирлын шинж чанартай спортын төрлүүдээр тамирчид бэлтгэл хийх боломжийг хэрхэн хангах гэж байна. Жишээлбэл, хоккей болон усан спорт гэх мэт спортоор хичээллэдэг тамирчид ганц улиралд бэлтгэл хийх боломжтой байдаг гэж ярьж байсан?

-Спортын төв ордны барилга баригдахаас гадна Хан-Уул дүүрэгт битүү дээвэртэй мөсөн спортын төв барихаар шийдсэн. Эхний хэсгийн хөрөнгө нь шийдэгдсэн байгаа. Одоо түлхүүр гардуулах нөхцлөөр тендер нь зарлагдахаар Худалдан авах ажиллагааны газарт хүргэгдчихсэн. Энэ байгууламж нь өндөр өртөгтэй, нэлээд нарийн ажиллагаа шаардсан байгууламж юм. Саяхан олон улсын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч ирээд явсан. Хэрэв төрөөс дэмжлэг үзүүлээд мөсөн ордноо барих юм бол техник хэрэгслийн тал дээр дэмжлэг үзүүлж болох юм гэсэн анхны аман яриа хэлэлцээр хийгдсэн.

-Нэлээд өндөр өртөгтэй гэлээ?

-Өмнөх засгийн үед хийгдсэн зураг төсөл 45 сая төгрөгөөр хийгдсэн байсан. Харин бид нар Герман, Харбинд баригдсан олон улсын мөсөн ордны зураг төслийг судалж байгаа. Тэрийг судлаад үзэхээр доод тал нь 22 тэрбум төгрөгөнд баригдахаар байгаа. Энэ нь олон улсын стандартад нийцсэн, өвлийн спортын бүхий л төрлийн бэлтгэл хийх боломжтой байгууламж байх юм.

-Энэ жил жуулчдын тоо өмнөх жилтэй харьцуулбал ямар байна. Жуулчдыг нэмэгдүүлэх үүднээс ямар арга хэмжээ авч байна вэ?

-Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар бол манай улсад ирж байгаа гадаадын жуулчдын тоо энэ жил буурсан гэсэн судалгаа гарсан байна лээ. Албан ёсоор манайд энэ судалгаагаа ирүүлээгүй. Харин дотооддоо жуулчлах жуулчдын тоо эрс өссөн. Гадаадын жуулчдын тоо буурсан шалтгаан нь Европын орнуудаас ирдэг жуулчид багассан гэсэн судалгаа байна лээ. Энэ нь европт болж байгаа хямралтай холбоотой юм байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хүмүүс хийсэн байсан.

Манай улсын бодлогоос болж жуулчдын тоо буурах үндэслэл байхгүй. Манай яамны бодлого бол жуулчид ирээд юу сонирхож байна, тэрийг нь хөгжүүлэх юм. Нөгөө талаас нь үзэх юмных нь цар хүрээ цаг хугацаа хөтөлбөрийг тодорхой байлгах үүднээс манай улсад зохион байгуулагдаж байгаа бүх арга хэмжээг календарьчлан гаргасан.

Ингэснээр жуулчид ирэх хугацаагаа яг тодорхой болгож ирэх юм. Мөн зохион байгуулагдах гэж байгаа үйл ажиллагааг сонирхолтой болгох үүднээс манай яам санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа.

-Жуулчид манай улсад юу үзэхээр ирдэг юм бэ. Бүхий л улс орнууд байгалийн үзэсгэлэнт газартай шүү дээ?

-Ерөөсөө л нүүдэлчин соёлыг л сонирхохоор ирдэг. Манай улсад түүхийн дурсгалт газар гэх мэт зүйлс цөөхөн. Жишээбэл, Монголын иргэд талд гэрээ яаж барьж байна, гэрийнхээ модыг хэрхэн хийж байна, эсгийгээ яаж боловсруулж байна гэх мэт. Мөн ямаагаа яаж самнаж байна, гүүгээ саагаад яаж айраг боловсруулж байна зэрэг дэлхийд ганцхан байгаа нүүдэлчдийн амьдралыг харах гэж л жуулчид ирдэг. Тэгэхээр тэр нүүдэлчдийн амьдралыг орчин үеийн соёлтой яаж зэрэгцүүлэн авч явж байна гэдгийг л бид харуулдаг. Манай сайд ч “Дэлхийд хамгийн тансаг таван одтой зочид буудал бол таван ханатай гэр л байна” гэж хэлсэн.

Г.Баярцэцэг /Нийслэл таймс/


URL:

Сэтгэгдэл бичих