Х.Номин: TOEFL шалгалт өгөх гэж байгаа бол компьютер дээр сайн бэлдээрэй

Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв нь дунд сургуулийн 10, 11 дүгээр ангид онцсайн дүнтэй суралцаж буй, англи хэлний өндөр мэдлэгтэй, орлого багатай өрхийн сурагчдыг АНУ-ын Их Дээд Сургууль Коллежийн Тэтгэлгээр Суралцуулах хөтөлбөрийг 2006 оноос хэрэгжүүлж байгаа билээ.

2013-2014 оны хичээлийн жилд таван сурагч өөрсдийн хүссэн сургуульдаа сургалтын тэтгэлэгтэйгээр суралцахаар болжээ. Тэд өөрсдийн туршлагаас хуваалцаж байна.

-Юуны өмнө АНУ-д Бакалаврын зэргээр сургалтын тэтгэлэгтэйгээр суралцах болсонд баяр хүргэе. Америкийн ямар сургуульд ямар мэргэжлээр суралцах гэж байгаа вэ?

Т.Машбаяр:
Стэнфорд их сургуульд Биологийн чиглэлээр суралцахаар бүтэн тэтгэлэг авсан. Үүнд сургалтын төлбөр, байр, хоол, ойр зуурын зарим зардал орно.

Х.Номин: Браун их сургуульд Физикийн инженер чиглэлээр суралцахаар сургалтын 100 хувийн тэтгэлэг авсан. Энэ тэтгэлэгт сургалтын төлбөр, байр хоол тэгээд бас ном сурах бичиг, бусад зардлууд багтаж байгаа.

Б.Золбоо: Конкордиа Коллежид Олон улсын худалдаа бизнесийн чиглэлээр суралцахаар бүтэн тэтгэлэг авсан.

А.Жигүүр:
Кьюннипиак их сургуульд Санхүүгийн чиглэлээр суралцах гэж байгаа. Сургалтын 66 хувийн тэтгэлэг авсан. Мөн Education USA Opportunity fund тэтгэлэгээс онгоцны билет, визний шимтгэлийн мөнгө авсан.

-Бакалаврын зэргээр суралцахад TOEFL, SAT шалгалт өгсөн байх шаардлагатай байдаг. Эдгээр шалгалтанд хэрхэн бэлтгэвэл үр дүнтэй байх вэ? Хэрхэн шалгалтанд бэлтгэсэн бэ?

Т.Машбаяр: Сарын өмнөөс бэлтгэлээ эхлээд, долоо хоногт багадаа нэг дадлага тест хийвэл зүгээр байдаг. Ном их уншиж, эссэ, богино өгүүллэг гэх мэт ямарч хамаагүй юм бичиж үзэж байвал сайн. Шалгалтын өмнөх өдөр сайн унтаж амрах хэрэгтэй. Хичнээн сандарсан ч бэлдсэн л бол толгойд юм байгаа гэж бодох хэрэгтэй.

Х.Номин: SAT шалгалтыг өгөхөд дадлага тест их сайн хийвэл үр дүнтэй байх болов уу. Миний хувьд юундаа их анхаарч бэлдэх хэрэгтэй вэ гэдгээ мэдээд тэрнийхээ жишээ юмуу дадлага тестүүдийг их сайн хийж бэлдсэн. Тэгээд долоо хоногт ядаж нэг удаа ч болов SAT цаг харж байгаад өөрийгөө сорих хэрэгтэй. Ингэж байж үр дүнтэй бэлдэнэ. TOEFL шалгалт өгөх гэж байгаа бол компьютер дээр сайн бэлдэх хэрэгтэй. Хүмүүстэй аль болох англиар ярихыг оролдож, англи кино үзэж сонсголоо сайжруулах, ном унших, бичих чадвараа сайжруулах тал дээр илүү бэлдэж байсан.

Б.Золбоо: Миний хувьд дадлага тестүүд хийгээд байвал сайжирна. Анхаарал сарниулахгүй нам гүм орчинд бэлдвэл сайн. Мөн залхуурч ерөөсөө болохгүй. Зун бэлдвэл илүү тохиромжтой. Яагаад гэвэл өдөржин зав зайтай байдаг болохоор.

А.Жигүүр: Ер нь бол гэртээ бэлдсэнээс номын санд бэлдсэн нь илүү үр дүнтэй санагдсан. Мөн өдөр болгон үг цээжлэх, ном унших, олон улсын мэдээ унших зэргээр үгийн сангаа сайжруулах хэрэгтэй. TOEFL шалгалтанд бэлтгэхийн хувьд аль болох компьютер дээрээ дадлага их хийх нь сайн.

-Америкийн сургуулиуд руу материал бүрдүүлж өгөх бэлтгэл үед юу нь илүү бэрхшээлтэй байсан бэ
?

Т.Машбаяр: Эртнээс багшийн тодорхойлолт, дүнгээ авах хэрэгтэй. Завгүй эсвэл мартсан тохиолдолд цаг хэт тулгаж яарах тохиолдол бий.

Х.Номин: Эссэ буюу зохион бичлэг ер нь хамгийн хэцүү нь байх. Нэг сургуулиас 2-3 зохион бичлэг бичүүлдэг болохоор эртнээс санаагаа гаргаж бичих хэрэгтэй. Яагаад гэвэл дараа нь цаг тулгамдаад их дарамттай, бэрхшээлтэй байдаг. Дараа нь сургуулийн багшаасаа тодорхойлох захидал авах хэрэгтэй болно. Багшдаа эртнээс хэлж бичүүлэхгүй бол цаг нь давчуу болоод ирэхэд чамд ч хэцүү багшид чинь ч хэцүү байх болно.

Б.Золбоо: Олон сургууль руу элсэлтийн өргөдлийн маягт явуулж байгаа болохоор толгой эргэдэг юм байна лээ. Мөн зохион бичлэг бичих гэж нилээн шөнө нойргүй хоносон, цагийг нь тулгасан байсан болохоор жаахан хүндрэлтэй байсан. Ер нь цагийг нь тулгаж болдоггүй юм байна лээ.

А.Жигүүр: Миний хувьд олон эссэ бичих бэрхшээлтэй байсан.

-Хэрэв цаг хугацааг нэг жилээр ухрааж болох бол юун дээр илүү анхаарах вэ?

Т.Машбаяр: Сургуулиудын тэтгэлэгүүдэд илүү анхаарал тавьж илүү олон сургуульд өргөдөл гаргахад залхуурахгүй, сандрахгүй байх байсан.

Х.Номин: Бүх бэлтгэлээ эртнээс бэлдэн, цагийн хуваарьтай хийх байсан. Сургуулийн хичээл ном, өргөдөл мэдүүлэх явц хоёр давхцаад хэцүү байсан болохоор SAT шалгалт, зохион бичлэгээ бичихээ хойшлуулаад байсан. Энэ нь маш буруу шүү. Аль болох хийх зүйлээ маш сайн зохион байгуулж, юмыг цаг цагт нь хийдэг байх ёстой.

Б.Золбоо: Бүх бэлтгэлээ эртхэн эхлэх байсан. SAT шалгалт, зохион бичлэг, сургуулийн өргөдлийн маягт зэргийг бүгдийг нь илүү анхааралтай, яарахгүй хийх байсан. Бас өргөдлийн маягт явуулсан сургуулиудаа илүү сайн судалж байж сонгох байсан байх.

А.Жигүүр: Олон нийтийн үйл ажиллагаанд илүү их оролцох, өөрийгөө илүү сайн дайчлах байсан.

-Үеийнхэндээ хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

Т.Машбаяр: Сургуулиа сонгоход сургуулиудын зэрэглэл хамаагүй, өөрийн хүссэн сургуульдаа л өргөдлөө мэдүүлээрэй. Үүний тулд өөрөө өөрийнхөө тухай хэн бэ гэдгээ мөн өөрийн зорилгоо сайн бодоорой. Зохион бичлэгүүд чинь ч гэсэн ингэснээр сайжирна.

Х.Номин: Эртнээс эхэл, өөрийн хийх зүйлээ сайн төлөвлөж бай, бүү хойшлуулаарай. Юу хийх хэрэгтэйгээ мэдэж ав, яаж хийхийг нь ойлгохгүй бол тусламж ав.

Б.Золбоо: Сайн хичээгээд шантрахгүй бэлдээд өөрсдийн ирээдүйн төлөө зүтгээрэй.

А.Жигүүр: Хэзээ ч битгий бууж өгөөрэй. Боломж үргэлж байгаа шүү.

Б.Уран /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.