“Рио Тинто”-д хорин жилийн өмнөх түүх давтагдах уу???

EEEEEEW“Блүүмберг”-ийн цахим хуудаснаа Э.Берманн, Ю.Хамбер нарын ийм гарчигтай нийтлэл гарчээ. Энэхү нийтлэл нь Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нийтлэгдсэн боловч өнөөдөр Оюу Толгойн асуудал чухал сэдэв болоод байгаа учраас дахин хүргэж байна.

“Рио тинто” группийн Монгол дахь зэс, алтны уурхай эдгээр түүхий эдийн хамгийн том зах зээл болох Хятадаас холгүй оршдог бөгөөд энэ нь ашигт малтмал олборлогч аливаа компанийн атаархлыг төрүүлдэг гэхэд хэтрүүлэг болохгүй. Хэдий тийм ч, сүүлийн үед Монголын тал Оюутолгойн төсөлд илүү хяналт тавих болсон нь тус компанийн түүхэн дэх хар дарсан зүүд мэт нэгэн үйл явдлыг эргэн санагдуулах боллоо.

Далайд гарцгүй Монголын цорын ганц гадаадын томоохон хөрөнгө оруулалттай, 6.6 тэрбум ам.долларын төсөв бүхий энэ төслийн менежментийн арга барилд тус улсын Засгийн газар шүүмжлэлтэй хандах болсон юм. Хууль тогтоогчид тус улс Оюутолгойгоос илүү ашиг хүртэх ёстой гэж үзэж байгаа бол тус улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удардлага, менежментэд нъ Монгольн тал илүү хяналт тавих шаардлагатай гэж мэдэгдсэн билээ.

Монголын эдийн засаг 2011 онд 17.3 хувиар өсч дэлхийн дээд амжилтыг тогтоосон хэдий ч гурван сая иргэдийн амьдралд бодитоор нөлөөлөөгүй юм. Иймд, ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд Ц.Элбэгдорж “Рио Тинто”-д шахалт үзүүлэхээс аргагүй гэлтэй.

“РиоТинто” Монголын Засгийн газрын Оюутолгойн гэрээг шинэчлэн байгуулах саналыг хүлээж аваагүй билээ.Энэ нь хорь гаруй жилийн тэртээ болсон үйл явдлыг эргэн санахад хүргэж байгаа юм.

Тэр үед тус группийн Папуа-Шинэ Гвинейн Бугейнвилл арал дахь Пангунагийн зэсийн уурхай нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас хаагдаж, маргаан нь АНУ-ын шүүхээр таслагдалгүй өнөөг хүрчээ.

Сиднейн их сургуулийн эдийн засгийн газар зүйн профессор Ж.Нейлсон энэ талаар ярихдаа, “Тэр үед Бугейнвиллийн иргэд Пангунагийн уурхай амьдралд нь эерэг нөлөө үзүүлэхгүй байгааг идэвхтэй эсэргүүцсэн юм. Ер нь хөгжиж буй орнуудын Засгийн газар байгалийн баялгийн ашиглалт нь зохих үр ашиг өгөхийг шаардах нь зүй ёсны асуудал юм. Иймд уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж буй улс орондоо зохих хэмжээний баялаг нийлүүлэхэд анхаарах учиртай” гэсэн юм.

Пангунагийн зэсийн уурхайн эсрэг нутгийн иргэдийн эсэргүүцэл эмгэналт үр дүнд хүрч 1989 онд уурхайг хаажээ. Бугейнвиллд уурхайчнаар ажиллаж байсан Фрэнсис Она “Рио Тинто”-гийн бодлогыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнийг удирдаад зогсохгүй тус арлыг тусгаар тогтносон улс болгохын төлөө тэмцэж эхэлсэн аж. Үүнээс үүдэн Папуа-Шинэ Гвинейн Засгийн газар онц байдал зарлан тус арал руу цэрэг илгээжээ. Цэрэг, иргэдийн мөргөлдөөний улмаас олон мянган хүн амиа алдсан билээ. Эмгэнэлт үйл явдлын дараагаар Папуа-Шинэ Гвинейн хэсэг хуульч “Рио Тинто”-г тус улсын Засгийн газартай хамтран байгаль орчинд ноцтой хохирол учруулсан төдийгүй хүний эрхийг ноцтой зөрчин аймаглан устгах ажиллагаанд оролцсон гэж АНУ-ын шүүхэд гомдол гаргасан аж. Шүүх “Рио Тинто”-гийн эсрэг шийдвэр гаргасан бөгөөд тус групп АНУ-ын Дээд шүүхэд давж заалдаад байгаа юм. Группын удирдлагын үзэж буйгаар АНУ-тай огт холбоогүй хэргийг тус улсад шүүх учиргүй, харин Их Британи юм уу Авсгралид хэлэлцэх ёстой аж.

Ирэх долдугаар сард бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэй Оюутолгойн уурхай 25 сая тонн зэсний нөөцтэй бөгөөд 50 жилийн турш ажиллах боломжтой юм. Энэ нь 1972-1989 оны хооронд гурван сая тонн зэс олборлосон Пангунагийн уурхайгаас даруй гурав дахин том билээ. “Рио Тинто”-гийн төлөөлөгч Д.Лафф хэлэхдээ, “Бугейнвилл Коппер” компани үйл ажиллагаагаа сэргээхийг эрмэлзэж байгаа бөгөөд энэ талаар Палуа-Шинэ Гвинейн Засгийн газартай яриа хэлэлцээ хийхэд бэлэн” гэжээ.

Тэрээр мөн ирэх дөрөвдүгээр сард Бугейнвиллийн зэсний талаархи хуралдаанд энэ асуудлыг хэлэлцэх тухай мэдээлсэн юм. Эдийн засгийн судалгааны “Эрнст энд Янг” компаниас 2012 оны наймдугаар сард гаргасан эмхэтгэлээс харахад, байгалийн баялгийн национализм буюу үндэсний үзэл уул уурхайн томоохон корпорациудын хамгийн том толгойны өвчин болжээ. Шинжээч В.Жайн, “Байгалийн баялгийн национализм тэгтлээ өссөн гэж би үзэхгүй. Ийм үзэгдэл урьд өмнө ч байсан, хойшид ч байх нь тодорхой. Монголын хувьд айсуй сонгуульд бэлтгэж байна. Сонгогчдын саналыг татах гол зүйлийн нэг нь уул уурхайгаас илүү ашиг олж, ард түмний амьдралын төвшинг дээшлүүлэх нь чухал болж байгаа. Иймд гадаадын хөрөнгө оруулагчид нөхцөл байдалд уян хатан хандахаас өөр аргагүй шүү дээ. Пангунагийн түүх Монголд давтагдахгүй л болов уу” гэсэн юм.

 

“Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих