ШӨХТГ-ийн шийдвэр ҮХААЯ-ныханд ”хамаагүй”

246d932a89c1ee4f7714850b286ca5b4_x3Шинэ хичээлийн жил эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Эцэг, эхчүүд ч үр хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг аль хэдийнэ зэхээд эхэлчихсэн. Харин үнэ нь тэнгэрт хадсан шинэ загварын гэх дүрэмт хувцас хэл ам дагуулсаар удаж байна. Бүр ээжүүдийн дунд хэл амтай хувцас хүүхэддээ өмсгөмөөргүй байна гэсэн яриа ч чих дэлсээд авсан.
Арга ч үгүй шүү дээ. ҮХААЯ-ны анхнаасаа хуудуутай эхэлсэн эл ажил эцсээ хүртэл хэрэглэгчид болон оёдлын салбарынхны эсэргүүцэл, дургүйцэлтэй тулгараад байгаа. Хуудуутай гэсний учир нь анхнаасаа дүрэмт хувцас үйлдвэрлэх долоон компанийг сонгон шалгаруулахдаа олон нийтэд ил тод мэдээлэлгүй, ямар ч тендер зарлахгүйгээр зохион байгуулсан нь ийн олны хэл аманд өртөхөд хүргэсэн.
Холбогдох байгууллага нь ч сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэлийн цаана хууль зөрчсөн олон үйлдэл байгааг ил болгожээ. Өөрөөр хэлбэл, ШӨХТГ-аас өнгөрөгч сарын 25-ны өдөр сурагчийн дүрэмт хувцастай холбоотой бүхий л асуудалд хяналт шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил байгааг илрүүлж, зөрчлөө арилгах улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан байна.
Энэ талаархи мэдээллийг өнгөрөгч баасан гаригт “Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх, үйлдвэрүүдийн холбоо” ТББ танилцуулсан. ШӨХТГ- ын улсын ахлах байцаагч Г.Энхманлай, Ц.Цэвэгмид нар нь “Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх төслийг зохион байгуулахдаа сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй ил тод мэдээлээгүй,
оёдлын үйлдвэрлэлийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг бусад аж ахуй эрхлэгчдийг сонгон шалгаруулалтад оролцох боломжоор хангаагүй нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5 “зах зээлийн нутаг дэвсгэр, эсхүл үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ, барааны нэр төрөл, худалдагч, худалдан авагчийн хүрээгээр хувиарлахад чиглэсэн”, 13.2.7 “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” шийдвэр гаргах, үйл ажиллагааг хориглосон заалтыг тус тус зөрчсөн хэмээх дүгнэлтийг гаргажээ. Дээрх зөрчлийг өнгөрөгч сарын 29-ны өдөр арилгуулах албан шаардлагыг ч тус яамны Төрийн нарийн бичиг Х.Золжаргалд хаягласан байдаг.
Албан бичигт “Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч оёдлын үйлдвэрүүдийн холбоо” ТББ- аас ирүүлсэн гомдлыг хянаж үзэхэд Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчигдсөн болох нь дүгнэлтээр тогтоогдлоо. Тиймээс таныг гаргасан шийдвэрээ эргэн харж, зөрчлөө арилгахыг шаардаж байна.
Улсын байцаагчийн албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, биелэлтийг гаргаж ирүүлэхгүй бол Өрсөлдөөний тухай хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулах арга хэмжээ авахыг анхаарна уу” хэмээжээ.
Харин өнөөдөр найман сар дундаа ороод өнгөрч байхад салбарын яамны төрийн нарийн болон бусад мэргэжилтнүүд энэхүү албан шаардлагын хариуг өгсөнгүй. Зөрчлөө ч арилгах талд ямар нэгэн арга хэмжээ авсангүй.
Харин ч хэд хэдэн удаа хэвлэлийн хурал хийж, дүрэмт хувцас үйлдвэрлэж буй оёдлын үйлдвэрүүдтэй танилцсанаа, үйлдвэрлэлийн шат дамжлагад яваа бүтээгдэхүүнийхээ тоо баримт бүр цаашлаад бидний хийж байгаа энэ ажилд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэх зэргээр өөрсдийгөө зөвтгөсөөр л.
Бүр улсын байцаагчийн дүгнэлт гарчихаад байхад ямар ч зөрчилгүй гэж гэдийсээр өнөөг хүрч байхад дүгнэлт гаргасан байгууллага нь ч холбогдох арга хэмжээгээ авсан эсэх нь бас л эргэлзээтэй. Ямартаа ч тус яамныхан энэ хугацаанд их л сайн сайхан зүйлсийг хэлсэн.
Харин Сурагчдийн дүрэмт хувцас үйлдвэрлэх оёдлын холбооны захирал Ж.Оюунчимэг хэвлэлийн бага хурлын үеэр ҮХААЯ-ныхны хуулийг гууль болгож, төрийн ажлыг хувийн бизнес болгосон энэ үйлдлийг таслан зогсоож, шийдвэрлэж өгөхийг нийт 30 мянган үйлчин бүсгүйчүүдийнхээ нөрийн өмнөөс гэж хяглан тус яамны сайдад өргөн барих болсноо дуулгасан.
Үүнд, сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх компаниудыг шударгаар олон нийтэд нээлттэй зохион байгуулах, хууль зөрчсөн төрийн албан хаагчдад эрүүгийн болон захиргааны арга хэмжээ авах мөн Оёдлын нэгдсэн холбоо нь төрийн албан хаагчдад өгсөн авлига хээл хахуулийг илрүүлэх зэрэг арга хэмжээг авч өгөхийг хүсчээ.
Хэрэв эдгээр асуудлыг шийдвэрлэж өгөхгүйгээр хэдхэн компанийн эрх ашгийг хамгаалсан дарга нарын талд асуудалд хандвал 10 мянган үйлчид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн юм. Гэхдээ нэгэнт  үйлдвэрлэл нь эхэлчихсэн ажлыг зогсоогоод бүгдийг эхнээс нь эхлүүлнэ гэвэл бүтэшгүй зүйл биз.
Сонин мн

URL:

Сэтгэгдэл бичих