Хортой сүү Монголд орж ирчихсэн юм биш үү

-М.Маккалли “мах, сүүний” айлчлалдаа Монголыг юуны учир багтаав-

Шинэ Зеланд улсын “Fonterra” компанид 2012 оны тавдугаар сард үйлдвэрлэгдсэн “WPC80” код бүхий шар сүүний уургийн хатаасан бэлдмэл Clostridium botulinum нянгаар бохирдсон  талаар олон улсын хэвлэл мэдээллээр шуугиж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан МХЕГ-ын даргын гаргасан удирдамжийн дагуу дээрх бэлдмэлээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн манай улсад худалдаалагддаг эсэх талаар судалгаа явуулж буй. Энэхүү шалгалтын хариу одоогоор гараагүй.

Энэхүү асуудал хэрэглэгчдийн анхаарлын төвд байх үед Шинэ Зеландын Гадаад харилцааны сайд М.Маккали манай улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Азийн орнуудаар хийх түүний албан ёсны айлчлалын хөтөлбөрт манай улс багтсан байна. Хамгийн сонирхолтой нь түүний энэ айлчлал нь хортой сүүний асуудлаас болж хямарч байгаа сүүний экспортоо сэргээхэд оршиж байгаа явдал юм.

Тэрбээр манай улсаас гадна БНХАУ, Хонгконгод айлчлах бөгөөд гол зорилгоо “Тун саяхан манай улстай холбоотой үүссэн мах, сүүний бүтээгдэхүүний талаарх шуугианд үнэн бодит хариулт өгөх явдал” хэмээн тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр энэхүү айлчлалаараа алдагдсан нэр хүндээ сэргээх, экспортлогч орнуудыг ятган сэнхрүүлж, зах зээлээ эргүүлэн олох зорилго тавьжээ.

М.Маккали БНХАУ-д Гадаад хэргийн сайд Ван, улсын зөвлөх Ян Цжечи нартай уулзах юм. “Манай хоёр улсын харилцаа зөвхөн худалдаа гэлтгүй маш өргөн хүрээтэй. Тухайлбал Номхон далайн бүс нутгийн асуудлаар ярих зүйл их бий” гэж хэлжээ.

Энэ бол Шинэ Зеланд сүүн бүтээгдэхүүнийхээ зах зээлийг сэргээхийн тулд бас нэгэн хөзөр дэлгэн тавихад бэлэн байгаагаа илэрхийлсэн үг гэж ойлгож болох юм. БНХАУ-ын хувьд стратегийн ач холбогдолтой байж болох Кукын арлуудын талаар тэрбээр хальт дурсаад өнгөрсөн нь үүнийг батална.

Харин манай улсад ирээд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид бараалхахаас гадна Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзаж, ажил хэрэгч яриа өрнүүлэхээр төлөвлөжээ. Албан ёсны мэдээлэлд хөдөө аж ахуй, боловсролын салбарт хамтрах асуудлыг хэлэлцэнэ гэсэн байна. Хонконгод бол бизнес төлөөлөгчидтэй л уулзахаар төлөвлөсөн байна.

Манай улсын хувьд Шинэ Зеландын хортой сүү одоогоор илрээгүй боловч зөвхөн импортлогч компаниудын үгээр явж байгаа. Тэд бүтээгдэхүүндээ шар сүүний уураг ашигладаггүй гэж мэдэгдэж байгаа юм. Гэхдээ хортой сүүг экспортлогч улсын Гадаад хэргийн сайд нь яг энэ асуудлаар хийж буй айлчлалынхаа хөтөлбөрт манай улсыг багтаажээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Х.Сайхан

URL:

Сэтгэгдэл бичих