ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид өөрсдийгөө ижил хүйстэн биш гэжээ

ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид өөрсдийгөө ижил хүйстэн биш гэжээ

ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчин бүсгүйчүүдийг ижил хүйстэн хэмээн дэлхийн хэвлэлүүдээр шуугижээ.

Учир нь өнгөрөгч бямба гарагт хөнгөн атлетикийн ДАШТ-ээс 4х400 метрийн холын зайн гүйлтэд алтан медал хүртсэнийхээ дараа багийн тамирчид болох Ксения Рыжова болон Юлия Гущина нар бие биенийхээ уруул дээр үнссэн явдал нь олныг ийн дүгнэхэд хүргэжээ.

Мөн зарим хэвлэлүүдээр тэд энэхүү үйлдлээрээ ОХУ-ын ижил хүйстнүүдийг ухуулахыг хориглосон хуулийн эсрэг байр сууриа илэрхийллээ гэж таамаглаад байжээ. Гэтэл тэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан энэ их таамаглалд ундуйцаж Москва хотноо хэвлэлийн бага хурал хийжээ.

Тэд тайлбартаа “Бид найман жил хүсэн хүлээсэн алтан медалиа хүртсэн. Та нар төсөөлөөхөд ч хэцүү тийм их догдлол, баяр баясалтай байсан. Сэтгэл хөдлөн бид бие биедээ баяр хүргэж, санамсаргүйгээр хоёр биенийхээ уруул дээр үнсчихсэн төдий. Харин хэн ингэж ор үндэслэлгүй таамаглал дэвшүүлж хүмүүсийг итгүүлэхэд хүргэснийг мэдэхгүй ч бид ижил хүйстнүүдийг ухуулахыг хориглосон хуулийг зөрчсөн гэж бодохгүй байна” гэжээ.

Хөнгөн атлетикийн тамирчид хоёулаа гэр бүлтэй бөгөөд хоорондоо ямар нэгэн илүү харьцаатай биш гэсэн тайлбарыг өгчээ. Мөн удаан хүлээсэн шагналаа хүртсэн энэ цаг үед ийм таагүй мэдээлэл цацагдсанд үнэхээр их гомдолтой байгаагаа хэлжээ.

Өнгөрөгч зургадугаар сард ерөнхийлөгч Владимир Путин ижил хүйстнүүдийн тухай суртал нэвтрүүлэг гаргах болон ижил хүйстнүүдийг жагсаал цуглаан хийхийг хориглосон хуульд гарын үсэг зурж, баталгаажуулсан юм.

Б.Сондор


URL:

Сэтгэгдэл бичих