Б.Гангаамаа: “К-2” намайг хүлээж авах өдөр удахгүй ирнэ

gangaamaa-middle“Алуурчин уулс” хэмээн орон орны уулчдын нэрлэдэг “К-2”, “Броуд пик” зэрэг дэлхийд алдартай догшин хайрханд Монголын уулчдын анхны мөрийг тамгалсан гавьяат тамирчин Б.Гангаамаатай ярилцлаа.

-Хоёр сар гаруйн хугацаанд дэлхийн хоёр том ноён оргилд хийсэн аяллын тань тухай сонирхъё?
-Би Пакистаны нутаг дэвсгэрт орших Кара-Карум /Хар хорум/ нурууны далайн төвшнөөс дээш 8047 метрийн өндөр “Броуд Пик” болон 8611 метрийн өндөр “К-2” оргилд өнгөрсөн зургадугаар сарын 27-нд авиралтаа эхлүүлсэн. “Броуд Пик” уулнаас эхлүүлсэн анхны авиралтад 13 орны 67 уулчин есөн баг болон хуваагдаж, нийт 24 өдрийн турш авирсан боловч ердөө долоон уулчин нь оргилд хүрч чадсан.

Харамсалтай нь тэдний гурав нь буух замдаа эндсэн юм. Дэлхийд 8000 метрээс дээш өргөгдсөн 14 уулын тав нь Пакистан улсад харьяалагддаг юм билээ. Эдгээр уулсын замд таарах бэршээл саадыг “К” хэмээн ангилдаг. Би өнгөрсөн сарын 17-нд гуравдугаар кэмпд ачаагаа буулгаж, тэндээсээ эхний дайралтаа хийсэн.

Улмаар манай аяллын багийнхан хоёрдугаар кэмп буюу 6200 метрийн өндөрт гарахад Иран улсын гурван уулчин харамсалтайгаар амь эрсэдсэн юм. Тиймээс аяллын штабын зүгээс нийт уулчдаас бүрдсэн эрэн хайх эрсдэлийн хоёр багийг гаргаж авиралтыг түр хугацаагаар цуцласан. Бид удаан хайсны эцэст хэдэн хүний мөрийг олсон юм. Тухайн мөрийг бид Иран улсын уулчдынх хэмээн таамаглаж, цааш эрэн хайх ажиллагаагаа үргэлжүүлсэн.

Ингэж явсаар ууланд осолдсон нэг хүний цогцостой таарахад тэр нь энэ оны гуравдугаар сард сураг тасарсан Польшийн хоёр уулчны нэг болохыг олж тогтоосон. Харин өнөөх уулчдын явсан мөр уул руу авирах ёстой замын эсрэг талаар буюу авирахад хүнд хэсгээр дайрсан байлаа. Тэд манай багийн замын хөтөч байсан. Штабын зүгээс аяллыг зогсоохыг үүрэг болгосон юм билээ. Ингээд манай аяллын багийн авиралт энд хүрч зогссон боловч бид “К-2” оргилд гарах зорилгоо цааш үргэлжлүүлсэн юм.

-Тэдэнтэй холбоо тогтоох ямар ч боломж байгаагүй хэрэг үү?

-Тэд аяллын багийнхантай долдугаар сарын 16-нд хамгийн сүүлд холбогдсон. Хоёр хоног хэл чимээгүй болоход бид Ираны залуусыг өнгөрчээ л гэж таамагласан юм. Түүнээс хойш дөрвөн өдрийн дараа тэд Иран улсын Элчин сайдын яам руу хамгийн сүүлд холбоо барьсан гэсэн.

Тухайн дуудлага тэдний сүүлийн боломж байсан юм билээ. Тэд хэлэхдээ “Идэх хоол хүнс дууссан. Бие хямраад ядарч байна. Буух замаа мэдэхгүй, хамгаалалтын олс олдохгүй хэцүү байна” гэсэн юм билээ.

-“Броуд Пик”-ийн оргилд Монгол Улсын төрийн далбайг хэрхэн мандуулсан талаараа дурсаач?
-Би оргил руу гарах боломжгүй гэдгээ мэдэх даруйд өөр улсын туршлагатай сайн уулчинд төрийн далбаагаа мандуулж өгөхийг хүссэн юм. Тэр уулчин Монголын төрийн далбааг 12 цагт намируулсан юм билээ. Би морин цагт “Броуд пик”-ийн оргилд Монголын далбаа намирлаа гэж бэлгэшээж байгаа.

-Та Дэлхийн хамгийн өндөр уул Эверестэд амжилттай гарсан Монголын анхны эмэгтэй уулчин. Харин энэ удаад хамгийн хэцүү гэгдэх “К-2”-руу дайралт хийсэн Монголын анхны уулчин болж чадлаа?
-Манай аяллын багийнхан энэ онд дайралт хийсэн 14 дэх баг нь юм билээ. Энэ удаагийн авиралтын группэд багтсан уулчдын дотроос цорын ганц эмэгтэй уулчин нь би. Биднийг дайралт хийхэд авирах зам тийм ч таатай байгаагүй. Бид 7000 гаруй метрийн өндрөөс авиралтаа зогсоосон хэрэг. Энэ удаагийн экспедицээс нэг ч хүн оргилд хүрэлгүй нутаг буцсан даа.

-Уулчдын ярианаас сонсоход “К-2”хайрханыг “ааштай” гэлцэх юм билээ. Магадгүй энэ хайрхан өнгөрсөн сард уулчин хүлээж авах дургүй байсан биз?
-“К-2”-т авирах тохиромжтой мөчлөг нь долдугаар сар байсан юм. Би энэ ууланд авирах гэж эртнээс бэлдсэн. Надад сэтгэл санааны болон биеийн хүчний бэлтгэл гээд дутуу зүйл байгаагүй. Харин “К-2” хайрханд гарах хугацаа нь энэ жил биш бололтой. Гэхдээ би шантрахгүй. Энэ хайрхан намайг хүлээж авах өдөр удахгүй ирнэ гэж боддог болохоор тэр.

-Таныг авирах хугацаанд тэнгэр ямархуу байв?
-Цаг агаар харьцангуй тогтуун байсан. Биднийг үндсэн дайралтаа хийх үед шинийн 15-ны сар гарч байсан юм.

-Эверестийн, “К-2“-ын авиралт юугаараа ялгаатай, онцлог байв?

-Энэ хоёр алдартай хайрханд дайралт хийх шийдвэрийг уулчин бүр тийм ч амар гаргадаггүй юм. Эверестэд авирах зам нь өндөр боловч “К-2”-той харьцуулахад бэрхшээл нь арай бага юм болов уу. “К-2”-руу авирахад зам нь эгц налуугаас гадна гишгэсэн газрын доогуур ус урсч байх жишээтэй. Зарим хэсэгтээ мөстэй, түүгээр явж өнгөрөхөд цаг их алддаг юм билээ. Огцом пирамид хэлбэртэй энэ уулнаас хөл нэгэнт алдвал тогтож үлдэнэ гэж бараг үгүй. Хүний тасарсан гар, хөл тааралдах нь “К-2”-ыг аль хэр зочломтгой вэ гэдгийг харуулах биз ээ.

8611 метрийн өндөр “К-2” уулын оргил

-Талийгаачдын цогцсыг цэвэрлэдэг болсон гэж дуулсан?
-14 хүний бүрэлдэхүүнтэй эрсдэлийн баг жилд нэг удаа цэвэрлэдэг гэсэн. Энэ багийг Италийн уулчин Агустина өөрийн хөрөнгөөр ивээн тэтгэж цэвэрлүүлдэг гэнэ лээ. Учир нь түүний багын найз 25 жилийн өмнө “К-2” уулын оргилоос буух замдаа осолдсон юм.

-Танай аяллын багт багтсан Ираны уулчид осолдоогүй бол гэх бодол төрж байв уу?

-Тэд зам гаргах жижүүрийн үүрэгтэй авирсан. Тэднийхээ гаргасан замын хүчинд бид уулын хагасыг амжилттай давсан юм шүү. Уулын спортын оргилд баг хамт олны эвийн хүч, нэг санаа зорилгын үр дүнд хүрдэг юм. Таяг, дөрөөтэй хэн нэгэн дуртай үедээ гараад буучихдаг юм биш. Олон сар жилийн нарийн тооцоо, сэтгэл зүйн өндөр бэлтгэл, тэвчээртэй хүн л амжилтанд хүрдэг. Уулын оргилыг цаг хугацаа, хэн нэгний хийсвэр ойлголтоор дүгнэдэг зүйл биш.

-Таны дараагийн зорилгыг сонирхож болох уу?

-Туршлага, алдаа хоёроо нягтлаж дахин авирахыг хүсч байна. Хэзээ, хэн оргилд гарахыг хэлж мэдэхгүй ч “К-2”-т Монголын далбаа намирахыг тэсэн ядан хүлээх үлдэж байна.

-Таныг энэхүү амь эрссэн хэцүү аялалд дахин дахин явахад ойр тойрныхноос чинь дургүйцэж байгаа байлгүй?

-Манай гэр бүлийнхэн эхэн үедээ дургүйцдэг л байсан. Харин хэсэг хугацаа өнгөрсний дараа амжилт хүсч, эрүүл энх сайн яваад ирээрэй гэж захидаг болсон шүү. Намайг ойлгож дэмждэг гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлье. Мөн намайг ивээн тэтгэж тусладаг хүмүүс, болон Соёл, спорт, аялал жуулчлалын яамандаа баярлаж байгаагаа илэрхийлье.

Д.Жавхлан

/Зууны мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.