Цагаа олсон хайрын илчлэл

Урам зориг эрч хүчээр дүүрэн “Гурван охин” хамтлаг энэ сарын 22,23-ний өдөр анхны бие даасан “Жинхэнэ хайр” тоглолтоо үзэгч фэнүүддээ хүргэлээ. Тоглолт эхлэхээс 2 цагийн өмнө  тасалбар дууссан ч   билет хайсан хүмүүс бужигналдаж байгаагаас дүгнэхэд тэднийг тоглолтыг олон олон фэнүүд нь зорьж ирсэн болотой. Зарим нь билет шаглаачдаас  тоглолтын билетыг үнэ хайрангүй худалдан авч байгаа харагдав. Тоглолтын цаг болсон тул зарим нэгэн  билетгүй хоцорсон фэнүүд нь харамссан сэтгэлтэйгээр горьдлого тасрахгүй гадаа үлдсэн юм. Ингээд их ч удалгүй тоглолт ” Гурван охин тайзан дээрээ гараад” дуугаараа эхлэхэд үзэгчдийн сэтгэл ч ихэд хөдлөж хамаг чадлаараа дуулалдан халуун дотноор хүлээн авлаа.  Тоглолт 3 цагийн турш үргэлжилсэн ч   үзэгчид хөгшин,  залуу хамааралгүйгээр  гурван охин хамтлагтай хамт дуулалдан бүжиглэж суудалдаа сууцгаасан хүмүүс тун ч  цөөхөн харагдсан юм. Тоглолтын турш дуулж, бүжиглэж, хөгжимдөж,  уран нугарч гэх мэт  олон олон авъяасаа харуулаад авсан гурван охиныг Төр ч өндрөөр  үнэлэн ” Соёл шинжлэх ухааны яам”-наас хамтлагийн гишүүд болох Анхмаа, Солонго, Ану нарыг СТА цол тэмдгээр шагнав. Хүүхэд ахуй цагаасаа дуулж бүжиглэх авъастай төрсөн гурван охин гэдгийг  тэдний бага насандаа дуулж,  бүжиглэж байсан тэмцээн уралдааных нь видёо бичлэг гэрчлэн харуулсан юм. Тэр дундаа Хамтлагийн гишүүн Анхмаагийн цэцэрлэгт байхдаа дуулж байсан бичлэг нь үзэгчдийг үнэхээр гайхшруулж орхив. Тэд  хоёр дуу дуулаад л  хувцасаа солиж байсан ч  амьд хөгжимчид болон чадварлаг бүжигчид нь тэднийг орлон үзэгчдийг огтхон уйдаагаагүй нь гайхалтай. Ингээд бага насны хүүхэд ахуй цагаасаа ” Урлаг” хэмээх гэр бүлд хүчин зүтгэсэн тэднийг Төр ийнхүү үнэлэн СТА хэмээх нэр хүндтэй цолоор шагнахад  үзэгч фэнүүд нь ч гэсэн тэднээс дутахгүй баярлаж байсан юм. Тоглолтоо нэрлэсэн “Жинхэнэ хайр”  дуугаа дуулах үеэр хамтлагийн дуучин Г.Анхмаагийн найз залуу болох жүжигчин Т.Билэгжаргал буюу Бэкэ түүнд сарнай цэцэг бэлэглэж, хайртай гэдгээ баталсан нь Г.Анхмаагийн сэтгэлийг хөдөлгөж, тайзан дээрээ хайрын нулимс өөрийн эрхгүй асгаруулсан юм. Энэ мөч тоглолт үзсэн хүн бүрийн сэтгэлийг огшоож, зүрхийг уярааж  чадсан нь үзэгч, фэнүүдийнх нь харцнаас тодоос тод харагдаж байсан юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих