Монголын нэг жил

Б.ДАМДИН-ОЧИР

ХЯМРАЛ

 

Үнийн галзуурал ид явж байна. Энэ хямралын голдьрол нь буруу явчихав уу, үндэс суурь нь болж байдаг шатахууны үнэ одоохондоо хэвээр үлдэв. Харин тэгсгээд тогтоочихдог америк доллар, хятад юанийн “үүсгэсэн” хямрал биднийг тартагт нь тулгах бололтой. Богино хугацаанд тун хурдацтай үргэлжилж байгаа хямралын улмаас гуанзанд зардаг таваг шөлний үнэ хүртэл өсчихлөө. Олон асуултад маш товч хариулт өгөх жишээ бол энэ. Намартаа махны үнэ бууж, валютын ханш өсдөг. Гэхдээ энэ хааш хаашаагаа бага зэрэг л хэлбэлздэг байсан уламжлалтай.

Харин энэ удаад шал өөрөөр эргэж байна. Валют, гурил, будаа,  элсэн чихэр, барилгын материал, гуанзны хоол, оюутны сургалтын төлбөр, цэцэрлэгт хүүхэд оруулахад өгдөг авлига… гээд бүгд өсчихлөө. Өссөн л бол бууж үзээгүй Монголын үнийн өсөлтийн хувьд түүхийн бас нэг “шинэ хуудас” гэж байгаа, энэ.

Чухамдаа бол Норовын Алтанхуягийн Засгийн газрын нэг жилийн ойн баяртай давхцаж байгаа энэ их хямралаас гарах гарцыг нэртэй эдийн засагчид ч олигтой хэлж өгч чадахгүй байна. Хэлэхгүй байгааг бодоход арга бараг байхгүй нь гэж ойлгож болох ажээ.

Уул уурхай, ашигт малтмалаас өөр үндэсний үйлдвэрлэл худалдаа, экспортын орлогогүй явж ирсэн Монголын төрийг удирдагчид яг энэ үед өмнө тавьсан өр зээл, Оюутолгой, Ардын нам хоёрт бүх бурууг тохоогоод өнгөрөх санаатай байна. Үгүй дээ. Эд нар Ардын намыг бяртай байхад өвөрт нь шургаж хэвтэхдээ байгалийн баялгийн урьдчилгаа халамж хэлбэрээр тараагдаж байгааг мэдэж л байсан шүү дээ. Бас бүтэн жил засаг төр даргалахдаа энэ намрын хямрал хомсдлыг тооцож чадаагүй нь тун харамсмаар. Чадахгүй байсан бол дарга, сайд хийж суухын хэрэг юу байна?!

 

ХЯЗГААРЛАЛТ

 

Өнгөрсөн жилээс нийслэлчүүд бид автомашины дугаарын хязгаарлалт гэдэг цоо шинэ хууль дүрэмтэй болж авсан. Э.Бат-Үүл баатрын багийнхны гаргасан энэ ШБОС бас л бүтэн жилийнхээ ойтой золгож байна. Аливаа юм хөгждөгийн жишгээр дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж байснаа, тэгш сондгой гэдэг ялгаварлалаар ангилж байх юм. Маргаашаас энэ хязгаарлалт үргэлжилнэ. Уг нь бол Хотын захиргаанаас хийгээд энэ хязгаарлалт шууд утгаараа хүний эрх, том яривал Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа юм. Хотын дарга миний машинаа унах үгүйг бус тэр хэдэн автобус троллейбусаа л мэднэ биз. Үндсэн хуульд тусгасан хамгийн том зүйл бол иргэн миний эрх чөлөө гэж ойлгодог. Гэхдээ бусдын эрхээр хязгаарладаг эрх чөлөөний алтан тунхаглалыг лизингээр авсан машин минь яаж зөрчөөд байгааг би ойлгодоггүй юм. Хотын даргаас ингэж асуувал замын түгжрэлийг бууруулах сонгодог арга гэх биз. Гэвч үгүй юмаа. Өнөөдөртөө энэ арга тохирч байгаа юм шиг л бодогдож байгаа. Энэ хэвээрээ яваад л байвал удахгүй жолочийн насны ангиллаар машиныг нь унуулдаг тэнэг горимд шилжиж ч болзошгүй. Би 40 настай, дөрөв дэхийн орой машин жолоодох эрхтэй гээд сууж байна гэсэн үг. Зүй нь элдэв ШБОС-гүйгээр энэ хэдэн жолоочийн тархинд л жаахан юм суулгах хэрэгтэй байхгүй юу. Түгжрэл чинь машинаас биш биднээс, жолооч нараас үүсдэг. Томъёолж хэлбэл тархины түгжрэл юм. Бүгдийг нь импортолдог манайх байтугай  хэд хэдэн үйлдвэртэй газар нутаг багатай Япон, Солонгос энэ асуудлаа өөрөөр шийдээд л байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг есдүгээр сарын 11-нд Японд айлчлах гэнэ. Очихдоо энэ мэтийг судалбал, хязгаарлалтын захирамж байсгээд л гаргадаг хотынхныг дагуулаад явбал яасан юм?

Хязгаарлана гэдэг цагдана гэсэн үг. Цагдах хорих гэж эрхзүйн том ойлголт бий. Ардчилсан замаар 23 жил давхисан, тэгж тэгж арайхийн Ардчилсан намынхан төрийн бүх эрхийг атгаж эхлүүт ийм нэр томъёо, дүрэм журам бүхий хязгаарлалт, хориглолт хийж эхэлсэн нь жаахан тааруухан утга илэрхийлээд байгаа юм.

Саяхан гадаадад амьдардаг найз минь нутагтаа ирж, бидний хэдэн анд нь Хөвсгөл, Архангайгаар дагуулан аялав. Арав гаруй жил хүний хутагт номын мөр хөөж суурьшсан найзад минь эх нутгийнх нь байгалийн гоо үзэсгэлэн дэндүү таалагдсан. Бага залуудаа олон удаа ноцолдож зодолдоод ч нулимсыг нь харж байгаагүй бид найзынхаа нүдэнд нулимс байн байн хурахыг хэдэн удаа хараад авсан юм. Ингэж явсаар хотод ирлээ.  Найзын сэтгэл хангалуун. Монгол минь, эх нутаг минь… гэсээр л. Хотын төвд дөхөж явтал цагдаа шүгэлдлээ. Олон хоног хөдөө явсан бид машиныхаа хөдөлгөөнд оролцдоггүй өдөр ороод ирчихэж. Учирлалаа, гуйлаа… Болдоггүй ээ. Тэгсээр журмын хашаанд хийлгэчихлээ. Машины эзэн цагдаатай хамт журмын хашаа руу явж, бид бууж үлдэн, такси барихаар үлдэв. Дор хаяж 30 минут такси хүлээсэн байх аа. Үүүнээс хэд хоногийн дараа найз минь буцсан юм. Гаргаж өгөхөөр онгоцны буудал дээр цуглацгаалаа. Онгоцонд суухынхаа өмнө, эх нутагтаа  сайхан амарснаа, Хөвсгөл нуурын хосгүй гайхалтайг бахархаж, харин сүүлд нь “Монголд машиныг дугаараар хязгаарладаг, тэгээд журмын хашаанд хийдэг нь л муухай юм аа. Ирэх жил багш профессороо дагуулж ирэхдээ энэ тухай хэлэх болбол яг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Би Монголоо дээд зэргийн ардчилалтай, хүний эрхийг хүндэлдэг орон гэдэг юм. Энэ хязгааралалт жижиг юм шиг мөртлөө нэг л биш…” гэсэн юм.

Нээрэн л жижиг биш аж. Ядаж байхад өнгөрсөн жилээс эхлээд ардчилсан орнуудыг хоёр билүү гурван жилийн хугацаатай удирдаж, өнгөрсөн хавар дэлхийн ихэнх улсын хүмүүсийг цуглуулсан лут том хурал, зөвлөгөөн хийгээд авсан. Ийм том улс тийм жижигхэн асуудлыг бодлогын гаргалгаатай шийдчихэж чадалгүй, шууд утгаараа хүчирхийллийн аргаар зохицуулж байгааг юу ч гэмээр юм, бүү мэд.

 

БАРИВЧИЛГАА

 

Өглөө сэрэхэд л хэн нэгийг баривчилсан тухай мэдээлэл сонин хэвлэлээс харах болоод нэг жил болов. Хамгийн сүүлд, өчигдөр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн дарга Шоовдор нарыг баривчилсан талаар мэдээллээ. Нэг л  их сүртэй “……-ийг баривчилж хорилоо” гэсэн мэдээллийг хэвлэлийнхэн ч гэсэн хөөрөгдмөөргүй л санагдах болов. Хэнийх нь захиалга, сонирхол байдаг юм баривчилгааны талаарх сүржин мэдээллүүд эцэстээ жирийн олонд залхмаар ядаргаатай, бас нийгэм нэг л жихүүн байгааг мэдрүүлж эхэллээ. Хуулийнхны хэлж байгаагаар хүнийг баривчлах нь байцаан шийтгэх ажиллагааны нэг л жижигхэн хэсэг гэнэ. Бас нөгөөтэйгүүр баривчиллаа гэдэг чинь тэр хүнийг гэмт хэрэгтэн гэчихсэн үг биш гэж байна. Хууль ч ийм л дээ. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд дуу дуугаа авалцсан баривчилгаанууд цуварч, заримынх нь сэжиглэгдэж байгаа хэргийн талаарх мэдээлэл ердөө маргааш нь нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бүрэн эхээрээ, барим тавим баримтаар гарчихсан байх жишээтэй. Сураг сонсох нээ, тусгай зөвшөөрөлтэйгээр ингэж мэдээлүүлдэг ч гэх шиг. Үнэн байвал, завхарсан юм.

Энэ жил гэхэд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нар эвдэрч муудсан MRI аппарат улсад 1.7 тэрбумаар шахсан гэх хэрэг мандаж олон хүн Н.Түмэндэмбэрэлтэй хамт баривчлагдсан. Гэтэл эцэстээ тэрхүү MRI аппаратыг Fhilips-ээс цоо шинээр нь оруулж ирсэн болж таарч байна. Бас Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын хүүгийнхээс сэйфтэй мөнгө алдагдсан хэргээс улбаалан сайд асаныг гадаадаас ирэхэд нь онгоцны буудал дээрээс “тагнуултай кино”-ныхон шиг баривчилж сүрийг үзүүлээд л байсан. Гэвч Н.Хүрэлбаатар гэдэг “шалдан гуя” Ардын намыг дагаад ийм болчихоогүй аж. Тэрээр нэлээд үнээр үзэж, эмчилгээ хийдэг дориухан хувийн эмнэлэгтэй байж. Мэдээж тийм болохоор орлого дажгүй. Өөрөөр хэлбэл, нам дагаж, сайд болохоосоо өмнө биеэ, гэрээ засчихсан эрхэм байжээ. Тэгээд ч сэйфэнд байсан хэдэн юань өнөөдрийн бизнесмэнүүдэд байдаг л мөнгө гэнэ. Сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг яав. Эхнэрийнх нь 20 гаруй данснаас хэдэн тэрбум ам.доллар “олдлоо” гэж ирээд л нийгмээр нэг сенсааци тарьсан. Сүүлд нь юу гэлээ, банкны ажилтан тооны орон андуурч мэдээлэл өгснөөс боллоо гээд чимээгүй болсон. За тэгээд ИНЕГ-ын дарга нар, өмнө нь төрд, төрийн өмчит компаниудад удирдах алба хашиж явсан бүгд баривчлагдаад л байгаа бололтой. Үнэхээр гэмт хэрэг үйлдсэн бол гэмээ хүлээж, төрийн цээрлэл хүлээх нь зүй ёсны асуудал. Харин бүдэгрээд, сураггүй болоод, эсвэл өөр юм сонсогдоод эхэлдэг нь олон нийтээс цагдаа, прокурор, шүүхэд итгэх итгэлийг нам цохиж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлд хууль үйлчлээд ирэхээр энгийн ард юу бодох нь тодорхой биз дээ. Ийм улстөржсөн баривчилгаа, гэмт хэрэг тохоох гэсэн оролдлого, цаашилбал гүжирдлэгийн эцэст тэр хүний нэр хүнд, улс төрийн карьер нам унаад л дуусна. Угаас захиалагчийн зорилго энэ бөгөөд хохирсон этгээд ямар ч нөхөн төлбөр, буцаж сэргэх аргагүйгээр гудамжинд гарах ажээ.

ТОМИЛГОО

 

Лав бүтэн жил ардчиллынхан хүмүүсээ албанд томиллоо. Одоо ч дуусаагүй байна. Уржигдар ТЕГ-ын Тэргүүн дэд даргаар С.Эрдэнийг томилсон бол маргааш ч юмуу, нөгөөдөр ч юмуу ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн оронд АТГ-ын дэд дарга Б.Хурцыг аваачих талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Нуух юмгүй шуудхан л нударган дотроо хуруудаж байгаад албан тушаалуудыг хуваагаад байгаа нь Ардын намынханд байтугай ард түмэнд таалагдахаа болилоо. Одоо бодохнээ, Ардын намынхан арай л жудагтай байж. Тэд иддэг, уудаг л байсан байх. Харин аль нэг том албан тушаалд хүн тавихаараа ядаж нууцаар тохирч, жаахан нуусхийгээд тохоодог байсан  байна. Харин АН-ынхан ил цагаан л юм болж байна. Түмний нүдэн дээр фракц болж суудлуудаа булаацалдаж хэрэлдчихээд, энэ бол ардчилал гээд тодорхойлчихно. Марзан юм. Одоо ч энэ хэрүүл нь дуусаагүй. Хэзээ мөдгүй Н.Алтанхуягийг авч хаяж оронд нь шинэ Ерөнхий сайд тавих нээ гэж бор шувуу нисгээд л. Н.Алтанхуяг солигдвол шинэ Ерөнхий сайдыг дагаж “хоолондоо орох” бүхэл бүтэн арми бэлэн болсон байна ч гэх шиг. Дунд нь МАН-ынхан ч бас горьдлого тээчихсэн тууж яваа дуулдана. Нөгөө том нам, нөгөө олон жилийн түүх сураггүй. Сайдын суудалд дөрлүүлэн зүтгэж эхэлсэн том улстөрчийн жижигхээн явдлын тухай учир мэдэх хүмүүс хийгээд улс төрийн хүрээнийхэн яриад л байна.

Монгол минь нэг иймэрхүү. Хямрал, хязгаарлалт, баривчилгаа, томилгоо… гээд бүтэн жил үргэлжилсэн их ядаргаатай, айдастай, залхуу дургүй хүргэм энэ төрийн “ажил” хэзээ зөв эргэх юм бүү мэд…

 

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих