Д.Лүндэндорж: Шүүгчийн цалинг нэмэх нь шударга ёсонд оруулах хөрөнгө оруулалт

lundendorj_shuuh-middleШүүгч нар сардаа 3.5-4 сая төгрөгийн цалин авах нь. Шүүхийн тухай багц хуулиар шүүгчдийн цалинг Шүүхийн ерөнхий зөвлөл тогтоохоор болж байгаа. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн тэргүүн Д.Лүндэндоржтой ярилцлаа.

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн цалинг 3,5-4 сая байхаар тооцсон байна. Үүнийг зарим хүн нэлээд өндөр тооцжээ гэж хэлж байна. УИХ танайхаас өгсөн төсвийг танахгүй байхаар хуульд заасан. Тэгэхээр танай зөвлөлийн батласан төсөв ногоон гэрлээр батлагдах нь ээ?

-2002 оны Шүүхийн тухай хуулиар шүүгчдийн цалинг УИХ тогтооно гэсэн хуулийн заалт байсан юм. Энэ хуулийн заалтыг судлаачид ялангуяа академик хүрээний судлаачид нэлээд шүүмжилдэг байлаа. Юу гэхээр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн харилцан хяналт, тэнцвэртэй байх гурван эрх мэдлийн нэг нөгөөгийнхөө хамгийн амин чухал асуудал болсон эдийн засгийн хараат бус байдлын гол зангилаа болсон цалинг нь тогтоож байгаа явдал бол УИХ-аас буюу хууль тогтоох эрх мэдлээс шүүх эрх мэдэл хамааралтай болоод байна. Энэ нь шүүгчийн бие даасан хараат бус байдалд халдаж байна. Энэ бол эрх мэдлийн тэнцвэржилтийг хангаж чадахгүй байна гэдгийг судлаачид олон жил шүүмжилсэн.

Энэ шүүмжлэлийг хууль тогтоогчид хүлээж аваад шинээр батлагдсан Шүүхийн тухай багц хуулинд шүүх, шүүгчдийн цалинг УИХ тогтооно гэсэн заалтыг оруулаагүй. Өөрөөр хэлбэл, шүүгчийн цалинг хэн тогтоох вэ гэхээр хэн нэгэн субъект тогтоож таарна. Тэгэхээр мэдээж шүүхийн захиргааны төв байгууллага нь тогтоохоос өөр арга байхгүй гэдэг хууль зүйн логикт хүрч байгаа.

Манай хуулийг үг, үсгээр хөөцөлддөг хуулийг механикаар ойлгодог хуульч биш хүмүүс ийм асуудлыг бидэнд тавьж байна. Юу гэхээр Шүүгчийн хуульд шүүгчдийн цалинг Шүүхийн ерөнхий зөвлөл тогтооно гэсэн үг байхгүй байна гэж. Үгээр илэрхийлээгүй, утгаар илэрхийлж тайлбарлаж явдаг юм бол Хуульзүйн шинжлэх ухаанд байдаг. Тиймээс хэдийгээр Шүүхийн багц хуульд шүүгчийн цалинг ШЕЗ тогтооно гэсэн үг байхгүй ч гэсэн утга агуулгаараа орж ирж байгаа юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Шүүхийн захиргааны хуульд шүүхийн төсвийн УИХ-д Шүүхийн ерөнхий зөвлөл боловсруулж шууд оруулж батлуулна гэсэн заалт бий. Энэ үгээр юу илэрхийлэгдэх вэ гэхээр шүүхийн төсөв гэдэг нь үнэн чанартаа ихэнх нь цалин байгаа. Тэгэхээр ямар логик харагдаж байна гэхээр шүүхийнхээ төсвийг цалингаа өөрөө тогтоочихоод шүүх ямар төсөв хийж суух юм. Цахилгаан, татварт гэж. Шүүхийн эдийн засгийн хараат бус байдлын амин чухал асуудал бол цалингийн асуудал байдаг. Хараат бус байдлыг нь хангах үүднээс ингэж өргөн хүрээнд харах юм бол төсвөө өөрөө төсөвлөж УИХ-д өргөн мэдүүлнэ гэсний цаана шүүгчдийнхээ цалинг өөрөө тогтооно гэсэн логик юм.

Үүнээс гадна Шүүхийн захиргааны тухай хуулийн 5.1.1- д Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийг тодорхойлсон байдаг юм. Шүүгч хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулна гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл, шүүгчийн хараат бус байдлыг хангах асуудлыг бид зохион байгуулна гэсэн үг. Тэдний хараат бус байдлыг хангах нэг чухал эдийн засгийн баталгаа нь цалин мөн үү гэвэл мөн. Тэгвэл биднийг зохион байгуул гээд хуулиар чиг үүрэг ногдуулчихсан. Үүгээр бол Шүүгчдийн цалинг ШЕЗ өөрөө тогтоож болох юм гэдэг логик бас үүгээр гарч ирж байна. Үүнээс гадна шүүхийн захиргааны тухай хуулийн 6.1.2-д Шүүхийн эдийн засаг, санхүү, хөдөлмөр, ажлын нөхцлийн болон бусад баталгааг хангах ажлыг зохион байгуулах гэж.

Шүүхийн хөдөлмөрийн баталгааг хангах асуудалд мөн л нөгөө шүүгчдийн цалингийн асуудал байдаг. энэ мэтээр олон зүйл хөөж харах юм бол шүүгчийн цалинг шүүхийн захиргааны байгууллага тогтоохоос өөр арга байхгүй. УИХ-аас тогтоовол шүүх эдийн засгийн хувьд хараат бус байна, бие даасан байна гэсэн ойлголт хангагдахгүй.

-Судалгаагаар тогтоосон биз дээ. Шүүгчид нэлээд сэтгэл хангалуун байж таарна?
-Шүүгчдийн цалинг тогтоохдоо хөх тэнгэр рүү харж байгаад тогтоочихоогүй. Шүүгчийн цалинг гэдэг бол эцсийн дүндээ бор ард түмний халааснаас гарсан татвар төлөгчдийн хөрөнгө. Үүнд бид хариуцлагатай, ухаалаг, хайр гамтай хандах ёстой. Энэ чиг үүргээ Шүүхийн ерөнхий зөвлөл маш сайн ухамсарлаж байгаа. Гэхдээ шүүгч бага цалинтай байх юм бол шүүгчийн хараат бус байдал алдагдах төдийгүй Монгол Улсын тусгаар тогтнол алдагдах хэмжээнд хүрсэн гэдгийг төр, засгийнхан, ард олон, энгийн иргэд ойлгож байгаа байх.

Ялангуяа, уул уурхай дагасан ашигт малтмалын лицензүүдтэй холбоотой том, том хэрэг шийддэг боллоо. Манай улсын том хэргүүд бол уул уурхай тойрсон байна. Ийм үед шүүгчдийнхээ эдийн засгийн хараат бус байдлыг хангаж, хариуцлагыг нь дээшлүүлэхгүй юм бол үүний цаана Монголын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол ч алдагдаж болзошгүй байдалд хүрснийг сайн ойлгох ёстой. Тиймээс шүүгчийн цалинг 3.5-4 сая төгрөгийн хооронд тогтоож байгааг би хувьдаа өндөр цалин гэж үзэхгүй байгаа.

Бид судалж үзэхэд улсын үйлдвэрийн газруудын удирдах зөвлөлд ажиллаж байгаа хүн тэдний зөвлөхүүд бараг юу ч хийдэггүй зүгээр суудаг нөхөд тэр байтугай цалин аваад суудаг юм билээ. Тийм цалин аваад суудаг хүнийг тоолох юм бол шүүгчийн тооноос дутахааргүй тоо гарах байх шүү. Энэ мэтийн юмаа Монголын төр харж үзээд харьцуулах ёстой.

Шүүгчид өндөр цалин өгдөгийн утга юу гэхээр тэр хүнийг материаллаг хэрэгцээг хангахаас гадна шударга ёсыг хамгаалуулж байгаа юм. Английн эртний үг байдаг. Шударга ёс үнэтэй байдаг гэж. Шударга ёсонд бид мөнгө төлөхгүйгээр хурын ус шиг дээрээс буугаад ирдэг хямд төсөр зүйл гэж андуурч огтхон ч болохгүй. Шударга ёсыг тогтоох гэж байгаа юм бол тэнд мөнгө төлөх ёстой. Шүүгчид өгч байгаа цалинг өндөр цалин гэж харахаас илүү шударга ёсонд төлж байгаа төлбөр, шударга ёсонд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж харвал энэ мөнгө чамлалттай санагдаж магадгүй.

-Судалгааныхаа талаар яриач?
-Шүүгчийн цалинг тогтоохын тулд том судалгаа хийлгэлээ. МУИС-ийн Нийгэм судалгааны хүрээлэнгийн эрдэмтэдтэй гэрээ байгуулаад судалгаа хийлгэж үзлээ. Энэ судалгааны үр дүнд тулгуурласан гэж ойлгож болно. Энэ судалгааны гол зүйл нь юу байв гэхээр шүүгчдийн цалинг олон улсад жишиг нь ямар байна гэж олон улсын судалгаа хийлээ. Үүнийг Англи, АНУ, Герман гэдэг ч юм уу өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулсангүй. Харин бидэнтэй хөгжлийн төвшнөөрөө ойрхон, ижилхэн зам туулж байгаа орнуудынхтай харьцуулж судаллаа.

Хоёрдугаарт, шүүгчдийн амьдралын төвшин авч байгаа цалин өөрсдийнх нь нэн тэргүүний хэрэгцээг хангаж чадаж байна уу гэдгийг судалж үзлээ. Гуравдугаарт, шүүгч хийж байгаа хуульчид маань шүүгчээс өөр ажил хийвэл тэр дундаа бизнесийн томоохон байгууллагад хуулийн зөвлөхөөр ажиллавал, өмгөөлөгчөөр ажиллавал эдгээр хүмүүс ямар цалин авахаар байна гэдгийг бас судаллаа. Ийм гурван гол зүйлийг харьцуулан судалж байгаад шүүгчийн цалин бол 3.5-4 сая төгрөг байх нь Монголын өнөөгийн бодит байдалтай ойртож очно гэдэг дүгнэлтэд судлаачид хүрсэн байна лээ.

-Шүүгч нарын олонх нь банк санхүүгийн байгууллагад зээлтэй гэдэг шүү дээ. Энэ нь хараат бус байдлаа алдах шалтгаан болно гэж хэлэх хуульч бий. Өөрөөр хэлбэл, өр зээлээ дарах гэж авлига авахыг үгүйсгэхгүй гэдэг?
-Шүүгчдийн хэрэглээний байдлыг нь аваад үзэхэд нийт шүүгчдийн 60 орчим хувь нь янз бүрийн зээлтэй. Давхардсан тоогоор 511 орчим шүүгч зээлтэй. Тэгэхээр Монголын шүүгчид нэлээд өр зээлэнд баригдсан байдалтай байдаг юм байна.

Зээлтэй байна гэдэг бол наад захынхаа хэрэгцээг хангахын тулд өндөр зээлтэй байж таарч байгаа юм. Нөгөө талаас шүүгчдийн одоогийн авч байгаа цалин бол 1 сая орчим төгрөг. Ийм бага цалинтай хүнийг шударга ёсны манаач байна гэж хэлэх хүн байхгүй болов уу гэж бодож байна.

Шүүгчдийн цалинг тогтоохдоо шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23-р зүйл. Түүнд шүүгчийн цалин бол эдийн засгийн хувьд бусдаас хараат бус, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай гэж гурван зүйлийг онцолж байгаа юм. Шүүгчийн цалинг нэмснээр хүний гар харахааргүй хоол иддэг, хувцас өмсдөг, хүүхдийнхээ сургууль соёлын асуудал шийддэг хэмжээнд хүрэх болов уу гэсэн судалгаа, төсөөллөөр хийсэн. Тэгэхээр хуулийн заалтыг хэрэгжүүлэх шаардлагын үүднээс цалинг тогтоосон.

Цалин цаашаагаа нэмэгдэнэ. Ажилласан хоёр жил тутам таван хувийн нэмэгдэл, мэргэжлийн үйл ажиллагааны төвшинг тогтоолгоод хувь хэмжээгээр нэмэгдэл авч таарна. Ингээд үзэхэд шүүгчийн гар дээрээ авах цалин бол дунджаар 5-6 сая төгрөг байх бололцоо бий. Энэ мөнгийг бусад төрийн албан хаагчидтай харьцуулахад өндөр боловч шударга ёсонд төлж байгаа төлбөр гэж харвал бага мөнгө юм.

-Та бол өөрөө цалинг авахгүй ч УИХ дээр хамгаалж үлдэнэ гэсэн том асуудал гарах байх. Тэд дуртайяа батлах болов уу. Энэ хүнд даалгавар уу?
-Хүнд даалгавар гэж бодохгүй байна. Шүүгчийн тоо 2014 он гэхэд 718 болох юм. Эдгээр шүүгчийн цалин үсрээд 50-60 тэрбум төгрөг болж байгаа. Энэ бол шударга ёсыг тогтоох, хүний эрхийг дээдлэх, хууль ёсыг хэрэгжүүлэхтэй харьцуулахад их мөнгө биш. Тиймээс УИХ-ын гишүүдийн баталсан хуулийнх нь дагуу баталсан учраас учиргүй эсэргүүцээд байна гэж бодохгүй байна.

-Хэзээнээс хэрэгжиж эхлэх юм бэ?
-2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

-Шүүхийн ерөнхий зөвлөл хэмээх том байгууллагыг удирдаад хоёр сар болж байна. энэ хугацаанд ямар ажил амжуулав?
-Энэ хугацаанд ерөнхийдөө шүүхийн захиргааны байгууллага Монгол Улсын хэмжээнд ямар зохион байгуулалттайгаар ажиллах вэ гэдэг ерөнхий дүр зургаа гаргалаа. Үүнээс гадна шүүхийн багц хуулийг гол хэрэгжүүлэгч нь шүүхийн ерөнхий зөвлөл. Үүнтэй холбогдуулан 40 орчим дүрэм, журам батлах ёстой байсан. Үүнийхээ 50 орчим хувийг нь баталлаа. Заримыг нь Ерөнхийлөгчөөр батлуулахаар өргөн мэдүүллээ. Шүүхийн багц хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын судалгааг нарийн хийлээ гэх мэт томоохон ажил хийж байна.

Түүнээс гадна хуульчдын анхдугаар хурал хуралдаад шүүгчдийн мэргэжлийн хороо байгуулагдсаны дараа шүүгчдээ сэлбэх асуудал бидний өмнө тулгарч байна. Одоо хамгийн сайн шилдэг хуульчдаас шүүгчийг шилж олно гэсэн том зорилт байна. Өмнө нь яадаг байсан гэхээр сонгон шалгаруулалт зарлаад шүүх тойрсон буюу шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга иймхэн хэдэн хүн шалгалтад орно. Өөр салбарын хуульчид өрсөлддөггүй байсан. Тийм учраас энэ хүрээг жаахан өргөтгөмөөр байна. Тэр хүмүүс нь оролцог. Үүнээс гадна прокурорт ажиллаж байгаа, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа, бизнесийн салбарт хуульчаар ажиллаж байгаа, төр, захиргааны байгууллагад хуульчаар ажиллаж байгаа, их, дээд сургуулийн хуульч гээд олон хүнийг шүүгчийн сонгон шалгаруулалтад ордог болгохын тулд маркетинг хийнэ гэж бодож сууна. Нэгэнт л хуульчдаас шилж ол гээд тодорхойлчихсон учраас шилж олохын тулд шилүүлэх хүнээ бүрдүүлэх ёстой.

Өмнө нь шүүгчийг сонгохдоо тест бөглүүлж, бодлого бодуулаад авчихдаг байсан. Одоо бол нарийн болно. Эхлээд мэдлэг чадварыг шалгана. Монгол хэлний мэдлэгийг шалгахын тулд эссэ бичүүлж илтгүүлнэ, шүүхэд хэрэглэх программд ажилуулна. Үүнээс гадна шүүгчийн мэргэжлийн ёс зүйн хандлага ямар байгааг тогтоох бодлого бодуулна. Хамт олноос нь үнэлгээ дүгнэлт гаргуулна. Эцэст нь, шүүгчийн зан төлвийн төлөвшил ямар байгааг тогтооно. Өөрөөр хэлбэл, шүүгч болох зан төлвийн өгөгдөл байна уу гэдгийг шалгана гээд нарийн шалгаруулахаар болсон. Энэ нь өмнөх шалгалтуудтай харьцуулахад нэлээд хүнд нарийн болно. Шүүгчийн алхыг бариулах гэж байгаа учраас хариуцлагатай хандах ёстой. Энэ нь яваандаа шилдэг хуульч шүүгч болдог болно гэдэгт найдаж байгаа.

-Шүүгчээ цомхотгох асуудал байгаа юу?

-Шүүхийн багц хуулиар шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны төвшинг тогтоох тухай заасан байгаа. 3-5 жил болгон төвшинг нь тогтооно. А шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаа өндөр төвшинд байна гэвэл тэр хүний үндсэн цалинг 50 хүртэлх хувийн нэмэгдэл олгодог болох юм. Энэ үйл ажиллагаа энэ оны сүүлчээр монголын бүх шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны төвшинг нь тогтооно. Одоогоор үүний шалгуур, журмыг тогтоохоор Голландаас энэ талаар мэргэшсэн эрдэмтнийг урьчихаад байж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсэг энэ талаар төсөв боловсруулсан байгаа. Боловсруулсан төсөл маань олон улсын жишиг хандлагад хэр нийцэж байгааг шалгах үүднээс Азийн санд хандаж олон улсын шинжээч уриад байгаа нь энэ. Үүгээр хангалттай үнэлгээ авсан нь цалингаа нэмэгдүүлж, хангалтгүй авсан нь чөлөөлөгдөх болно. энэ бол мэргэжлийн үйл ажиллагааг тогтоож байгаа боловч нөгөө талаас шүүгчдийн дунд мэдлэг чадвар хангалтгүй байгааг нь шигших механизм болно.

-Ер нь шүүх засаглалд хэдий хэмжээний төсөв ногддог юм бэ. Нэг яамны төсвөөс ч бага санхүүтэй гэдэг юм билээ?
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн өмнө тулгарч байгаа асуудал төсөв. Хуучин шүүхийн төсөв улсын төсвийн өчүүхэн бага хувь эзэлдэг байсан. Сүүлийн 10 гаруй жилд улсын төсвийн ердөө 0.30-0.40 хувийг эзэлнэ. Харин сүүлийн хоёр жилд огцом өссөн. Тодруулбал, 2013 онд шүүхийн төсөв 61 тэрбум болсон. Энэ бол Монголын түүхэнд байгаагүй өсөлт. Өмнө нь Сангийн яам шүүхийн төсвийг хийдэг, мэддэг байлаа. Шүүх засаглалын төсөв Сангийн яамнаас бүрэн хараат байсан гэсэн үг.

Харин Шүүхийн тухай багц хууль батлагдсанаар төсвийн хараат байдал халагдаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн төсвийг боловсруулж, УИХ-д шууд оруулах эрх зүйн зохицуулалтай. Сангийн яамаар төсвөө хянуулахгүй болж байгаа юм. Гэхдээ шүүхийн төсөв улсын төсвийн нэг хэсэг гэдэг утгаараа Сангийн яаманд нэгтгүүлэхээр хүргүүлдэг. Харин Сангийн яам хуучин зуршлаараа хянах гээд үзэж байгаа. Яалтай ч билээ. Гэвч эцэстээ хуулиараа л бүх юм явах учиртай. Хуулиар бол шүүхийн төсвийг хянах эрх зөвхөн УИХ-д л байгаа. Шүүхийн төсөв бүхэл бүтэн эрх мэдлийн төсөв гэхэд зарим салбарын яамныхаас 2-3 дахин бага байгаа. Шүүх эрх мэдэл гэдэг бол Засгийн газар, УИХ-тай эн тэнцүү Монголын нэг яам биш, салбар биш, бүхэл бүтэн эрх мэдэл гэдгийг хаана хаанаа сайн ойлгох хэрэгтэй.

-Сангийн яамныхан танахаар шийдвэл яах вэ?
-Шүүхийн захиргааны төв байгууллага төсвөө шууд УИХ-д өргөн мэдүүлнэ гээд хуульдаа заачихсан учраас асуудал гарахгүй болов уу. Гэхдээ энэ төрлийн бага сага бэрхшээл учирч байгаа учраас би энэ асуудлаар Ерөнхий сайдтай уулзсан. Ерөнхий сайд ойлгож Сангийн сайддаа үүрэг даалгавар өгнө лээ. Сангийн сайдтай энэ талаар ойлголцохыг хичээж байна. Цаашдаа ойлгох байх аа.

-Цаашдаа шүүгчийн цалин гэлтгүй бүсийн шүүх байгуулах, бүтээн байгуулалт гээд нэлээд төсөв шаардлагатай байгаа байх аа?
-Ер нь шүүхийн дэд бүтцийг өөд нь татах талаар Монголын төр олигтой анхаараагүй гэж хэлж болно. Ихэнх аймгуудад шүүхийн байр нь муурын байшин шиг юм байна. Тэдгээрийг Дэлхийн банкны зээл тусламжаар зассан, өргөтгөсөн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, манай засаг төр бус харин төслийн байгууллагууд өөд нь татсан дүр зураг харагдаж байна.

Монголын төр ийм чухал эрх мэдэлдээ яагаад ингэж хүнийрхүү хандсан юм бол гэж бодож сууна. Эдийн засаг хүнд байсан гээд зовлон бэрхшээл бий л байх. Гэхлээ энэ нь шүүх эрх мэдэл хүчтэй, чадалтай, хараат бус байж улс орон хөгждөг, эдийн засгийн сан хөмрөг арвиждаг, хүн зон нь амгалан тайван амьдардаг гэдгийг дутуу ойлгосны уршиг.

Миний төсөөлж байгаагаар цаашдаа шүүхийн ордонг хотод төдийгүй хөдөө аймгуудад босгох ёстой. Аймгийн төвд байгаа хамгийн сүрлэг сүрдмээр байшин бол шүүхийн байшин байх болно. Шүүхийн байшингийн шат нь хүртэл өндөр байх ёстой.

-Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэсэг гишүүд хууль санаачилсан гэсэн үнэн үү?

-Дуулаагүй юм байна. Үгүй байх аа. Шүүхийн зохион байгуулалтыг өөрчлөх асуудлаар гишүүдийн хууль санаачлах эрх хязгаарлагдсан байдаг.

Д.Болормаа


URL:

Сэтгэгдэл бичих