Р.Энхбат: Энэ нийгмийг энэ чигээр нь байлгах сонирхолтой хүмүүс олон байна

z290
“Эдмон” компанийн захирал Р.Энхбаттай ярилцлаа.
-Танай компани хоёр жил дараалан “Соён гэгээрлийн өдрүүд”-ийг зохион байгуулсан. Ирэх сард гурав дахь удаагаа хийх юм байна. Ийм ажил хийхийн үр дүн нь юу юм бэ?

- Манайхны олонхи өдөр тутмын амьдралаасаа илүү гарч чадахгүй, соён гэгээрэх талаар бодох ч сөхөөгүй яваа биз. Тэд өнөөдрийн байдалдаа дэндүү дасал болчихсон, “хорвоо ийм л байдаг шүү дээ” гээд л гэлдэрч яваа. Ийм хүмүүсийг сэрээх л ёстой. Хүмүүс уг нь “Хорвоо үүнээс өөр байх ёстой юм байна шүү дээ” гээд ойлгочихвол өөрчлөлт гарна. Надад юу харамсалтай гээч, цаг хугацаа л хайран санагдана. Мэдээж хэрэг тэд арван жилийн дараа өнөөдрийнхөөс шал өөр болох биз ээ. Гэхдээ өнөөдөр нийгмийг энэ чигээр нь байлгаад байх сонирхолтой хэсэг байна. Тийм учраас хэзээ ч бүтэхгүй юм хийгээд байна гэж намайг болон над шиг хүмүүсийг ил, далд шоолдог. Өнөөдрийн энэ ялзралыг сонгуулиар лав өөрчлөхгүй. Бослого тэмцэл гаргасан хүмүүс бүгд шантарсан, байр байрандаа очсон, зарим нь албан тушаалаар амаа үдүүлсэн. Тэгээд өөр гарцгүй гэдэгт тэд маш итгэлтэй суугаа.
-Ийм мэдэрдэггүй, сэрдэггүй улсад зориулж соён гэгээрлийн ажил зохиогоод танд ямар ашигтай гэж… Хувийн компани ашгийн төлөө ажлаа хийж явбал барав биш үү?
-Мэдэрдэггүй гэж худлаа. Мэдрэхийн дээдээр мэдэрч байгаа. Хүн гэдэг чинь ямар ч байдалд дасдаг амьтан шүү дээ. Шоронгийн дэглэмд ч дасдаг. Харин тэндээс гарахаараа энэ чөлөөт ертөнцөд дасах гэж зовдог. Ийм хүмүүст гол нь энэ байдлаасаа гарах эр зориг дутдаг юм. Мэдээж өдөр тутмын наад захын асуудлаас хэтэрч чадахгүй тийм зовлон ч бас бий. Асуултад чинь хариулахад манайх дан ашгийн төлөө ажиллах бололцоогүй компани. Зөвхөн мөнгөний ашиг хөөх боломжгүй гэсэн үг.
-Соён гэгээрэл гэж чухам юуг хэлээд байгааг тайлбарлаж өгөөч?
-Бусдыг бүү дагалдан баяс, энэ чинь яваандаа маш хор уршигтай учраас өөртөө итгэж, өөрөө бодож сур. Тэгээд түүнийгээ залхууралгүй ажил хэрэг болгохыг хичээ. Үүний тулд чамаас зориг зүрх шаардана. Эсвэл чи насаараа хэн ч биш, хэн нэгэн болоод яв. Үүнийгээ шийд л гэсэн үг. Энэ санааг 300 жилийн тэртээ Э.Кант хэлсэн юм шүү. Түүнийг нь би гудамжинд бичээд хадчихсан. Хүмүүс уншиж байг.
-Хүмүүс танаас “Юу дутлаа гэж мөнгө, цаг зарсан ийм ажил хийж явдаг юм” гэж асуудаг уу?
-Асууна аа. Тэгэхээр нь би “Би өөр юу хийх юм бэ” гэдэг.
-Тэгэхээр тэд юу гэж байх юм?
-“Бизнесээ хийгээд л сайхан амьдарч болно шүү дээ“ гэдэг. Үнэндээ манайд бизнес хийнэ гэдэг бараг дээрэм хийж байгаатай адил болчихсон шүү дээ. Хүмүүс нийгмээ ингээд ойлгочихсон тул жирийн хэрэг гэж үзэх болж.
-Та ч бас нэг талаар үүнийг хийж өдий дайтай болсон байх даа?
-Их, бага хэмжээгээр тийм л байх даа. Буруу юман дотор зөв байх гэдэг боломжгүй бөгөөд эрсдэлтэй. Наад зах нь оршин тогтнох бололцоогүй болоход ч хүргэнэ. Жишээ нь, хүүхэд чинь өлсөж байгаа бол хүн зүгээр хараад сууж тэвчихгүй, ямар ч аргаар хамаагүй хоол олж өгнө биз дээ. Ийм байдалд орсон хүн муухай юу, ийм байдалд оруулсан төр засаг нь муухай юу. Уг нь бизнесийн өрсөлдөөн илүү шударга байгаасай гэж хүсээд л байгаа. Харамсалтай нь манайд бүх юм яг эсрэгээрээ, худлаа болсон. Бид худлыг харж, худал хуурмагтай нөхөрлөж, түүнийг магтаж, худал үгэнд итгэж амьдарцгааж байна. Насаараа ингэж худлаа байсаар өнгөрмөөргүй байна шүү дээ. Дээрээс нь худлаа боловсрол, худлаа шүүх, худлаа Засгийн газар бас худалч Ерөнхийлөгчийг хүртэл худлаа хуулиар сонгов доо. Үнэн юм байвал чи надад нэгийг ч болов хэлээд өг дөө. Хүнд нэг л амьдрал олддог гэж би боддог, тэр амьдралыг харин үр ашигтай өнгөрөөх ёстой. Ямар нэг юм горьдож хүлээгээд, хэн нэгэнд өөрийгөө даатгаж байснаас амьдраагүй нь дээр гэж 300 жилийн өмнө У.Шекспир “Хамлет”- даа бичсэн шүү дээ. Манай нийгэмд мөн ч олон Хамлет хэрэгтэй байна даа.
-Аз жаргал, бэрхшээл зовлонг ойлгох хүн хүний ойлголт өөр л дөө. Олонхи маань сайхан амьдралыг зөвхөн материаллаг талаас нь харж, “Хоногийн хоолтой бол бол оо” гэж явна. Юун оюун ухаан, соён гэгээрэх, хийсэн бүтээснээрээ бахархах манатай л явна шүү дээ?
-Тийм бодолтой явдаг бол байгалийн амьдралд л их дөхөж очно доо. Амьтан ч гэсэн идэх хоол, дулаан хэвтэр, тайван орчинд л аз жаргалыг эдэлдэг болов уу. Зарим хүн түүнийг аз жаргалын дээд гэж бодож яваа бол үгүйсгэх үндэслэл ч бас байхгүй. Харин бидний өнөөдөр ярьдаг иргэний ардчилсан нийгэм бол хүмүүсээс арай илүү чадварыг нэхдэг юм. Хүнийг хүн шиг амьдрахад материаллаг хүчин зүйлээс илүү соёл боловсролтой холбоотой, оюунлаг хүчин зүйлүүд илүү урагшлуулдаг.
-Авлигаар бүх асуудлыг шийдэж болно, хэнийг ч худалдаж авч болно гэсэн сэтгэхүй залуу үеийнхний цөөнгүй хэсэгт сууж байгаа нь надад хамгийн харамсалтай санагддаг?
-Нүдэн дээр нь тийм байхад өөр яах юм. Түүгээр чинь нийгмийн механизм хөдөлж байна шүү дээ. Жишээ нь, орон тоо нь хүрэлцдэггүй цэцэрлэгт хэдэн төгрөг өгч хүүхдээ өгөхгүй бол ганц бие хүн яаж ажил хийх юм. Хүссэн хүсээгүй ийм л байдалд тэр хүн орж байна шүү дээ. Гаалийн байцаагчийн хүнд суртлаас ангижрах хүсэлгүй хүн гэж байх уу. Хэдэн төгрөг өгч салахын түүс болно. Харин энэ бүхэнтэй тэмцдэг хүнийг гадуурхаж, янз бүрийн нэр хоч өгдөг юм. Өөрөөр хэлбэл, ийм муухай нийгмийн жишгийг дагаж амьдрахыг төр засаг бидэнд тулгаж байна.
- Хүмүүсийн олонхи өнөөдөр хэнд хандахаа мэдэхээ больж, ламд, эсвэл бөөд очдог боллоо. Өөрөө өөрийгөө мэдэх болсон эрх чөлөөгөөр юу хийхээ мэдэхээ больсон ч юм шиг…?
-Нэг хүн хэлсэн байдаг юм. “Хамгийн дуулгавартай хүмүүст шашин дуртай” гэж. Бид хүүхдүүдээ багаас нь үгнээс гардаггүй, дуулгавартай, томоотой сайн хүн болгохыг хичээдэг. Манай боловсрол ч үүнийг хүсдэг. Тэд өөрөөр боддог, асуулт асуудаг хүнд дургүй. Ирээдүйн Монголын нийгэмд ямар иргэн бэлдэж өгч байгааг эндээс харцгаа. Нөгөө талаар эрх чөлөө гэж юу болохыг мэдэхгүй хүн эрх чөлөөтэй байж чадахгүй. Хорин гурван жилийн дараа өнөөдөр эрх чөлөө гэж чухам юу болохыг хаанаас ч олж мэдэх боломжгүй. Ингэхлээр юу гэж бодож байна.
-Хэвлэлд өгсөн ярилцлагадаа та “Бидний хэрэглэдэг маш олон үг амьгүй тунхаг маягтай болсон, гоё үг л цуглуулдаг боллоо. Дуртайгаараа бичдэг, яриагаа ойлголцохоо ч больсон“ гэж бухимдсан байна лээ. Та хэлний мэргэжлийн хүн биш атлаа монгол хэлний цэвэр тунгалаг байдалд санаа зовж, Ерөнхий сайдтай хүртэл хэвлэлээр заргалдаад авсан. Үр дүн нь юу болов?
-Би санаа зовж явдаг юм биш ээ. Ийм тодорхойгүй байдлаас болж ажлаа хийж болохгүй байна шүү дээ. Саад болоод байна. Үүнийг л шийвэрлэж өгөөч гэж мэдэх чадах хүмүүсээс хүссэн нь тэр. Үр дүн надаас гарахгүй.

 

Т.ҮЛЭМЖ

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.