А.Ариунзаяа: “Нарантуул”-ын шатсан хэсгийн түрээслэгчдээс манайд даатгуулсан харилцагч байгаагүй

“Ярилцах танхим” булан­гийнхаа энэ удаагийн зоч­ноор “Монгол даатгал” ком­панийн тэргүүлэх менежер А.Ариунзаяаг ури­лаа. Түүнтэй даатгалын салбарын асуудлаар сонирхолтой яриа өрнүүлэв.

 

-Даатгалтай холбоотойгоор иргэдийн үр­гэлж эргэлзэж байдаг асууд­луудын талаар асуултаа эхэлье. Тухайлбал, Дорж ч юмуу хэн нэгэн жилийн хугацаанд эд хөрөнгөө даатгууллаа гэж бодъё. Гэтэл тухайн даатгалын хугацаанд ямар ч эрсдэл амсаагүй, өгсөн мөнгөө даатгалын компаниас авна гээд очив. Энэ тохиолдолд яах вэ?

-Энэ бол үнэндээ маш түгээмэл асуулт. Иргэд автомашинаа даатгуулчихаад тэр жилдээ ямар нэгэн осолд өртөөгүй бол даатгалын мөнгөө дараа жил рүүгээ шилжүүлэх ч юм уу, өгсөн мөнгөө буцааж авч болох уу гэж асуудаг. Товчхондоо бол нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэдэг шиг даатгуулагч өөрөө осол, эндэлд өртөөгүй, нөхөн олговор тооцуулж аваагүй байвал өөр хэн нэгэнд тохиолдсон осолд л даатгуулагчийн мөнгийг зориулах учиртай. Мөн нэгэнт л даатгалд хамрагдсан бол мөнгөө өчигдөрт нь төллөө гэхэд маргааш нь золгүй эндэгдэлд орох юм бол тэр даруйдаа компанид мэдэгдээд нөхөн олговроо гаргуулж авах боломжтой.

-Тэгэхээр та энэ салбарт ажилладаг хүний хувьд Монгол Улсын даатгалын салбар ямар төвшинд хөгжиж байна вэ. Мөн иргэдийг даатгалын ойлголт дутмаг гэдэг?

-Манай улсад 1934 онд улсын даатгалын байгууллага Аюулаас хамгаалах газрын дэргэд байгуулагдаж байсан. Улмаар 1980 онд Улсын даатгалын ерөнхий газар болон өргөжсөн. Харин 1990 онд “Монгол даатгал”, “Түшиг даатгал” гэсэн төрийн өмчит хоёр компани болгон байгуулагдсан. Түүнчлэн 1995 онд даатгалын үйл ажиллагаа эрхлэх түр журам гаргаж хувийн хэвшлийнхэн даатгалын компани байгуулах боломжийг нээж өгсөн юм. Түүнээс гадна “Монгол даатгал” компанийг төрийн өмчийнх үү, хувийнх юмуу гэдэгт иргэд эргэлздэг. Манай компани 2003 онд хувьчлагдсан Монголд өнөөдөр 16 даатгалын компани үйл ажиллагаа явуулж байна.

-Хэдэн хоногийн өмнө “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний хэсэг галд өртсөн. Гэтэл олон нийтийн дунд “Түрээслэгчид нь бараа, эд хөрөнгөө даатгуулаагүй байсан” гэх яриа гарч байна. Мөн танай даатгалын компани тус төвийн түрээслэгчдийн даатгалыг хариуцдаг гэсэн мэдээлэл бас бий?

-”Нарантуул” ОУХТ-ийн хүнсний захад гал гарсанаар жижиг, дунд бизнес эрхлэгчид, жирийн ард иргэд хохирч хоцорсон харамсалтай зүйл боллоо. Байгууллага, иргэд өөрийн хөрөнгөө эрсдлээс хэрхэн сэргийлэх, хамгаалах, эрсдэлийг бууруулах талаар стратеги  боловсруулж, хэрэгжүүлэхийг эрсдэлийн удирдлага хэмээдэг. Эрсдэлийн удирдлагын нэг хэлбэр нь эрсдэл шилжүүлэх буюу даатгуулах. Энэхүү эрсдэлийг өөрт боломжит бага хохиролтой даван туулах боломжийг даатгал олгодог. Өөрөөр хэлбэл лангуун дээр зарж байгаа бараа, материалынхаа дүнгээр даатгалын компанид тодорхой хураамж төлснөөр тус хөрөнгөд учирч болох эрсдэлийг даатгалын компани үүрнэ.

-Танай компанид “Нарантуул” худалдааны төвийн шатсан хэсэг нь даатгуулсан юм уу?

- Ер нь бол зөвхөн “Нарантуул “гэлтгүй бусад томоохон түрээслэгч байгууллагууд өөрсдийн түрээс­лэгч нараас даатгалтай байх шаардлага тавьдаг болсон. Ийнхүү шаардлага тавьснаар өөрийн хариуцлага болон түрээслэгчийн аюулгүй байдлыг хангаж байгаа нэг хэлбэр юм. Харин түрээслэгчид энэ олон даатгалын компаниас алинд нь даатгуулахаа өөрсдөө сонгох эрхтэй. Манай компанид тус худалдааны төвийн өргөтгөл болон зах доторх зүүн хэсгийн хоёр давхар худалдааны байрны нийт 800 түрээслэгч хоёр дахь жилдээ даатгуулсан байдаг. Тэгэхээр  “Нарантуул” худалдааны  төвийн галд өртсөн хүнсний бөмбөгөр байрны түрээслэгч нараас манайд даатгуулсан харилцагч байгаагүй юм.

-Танай компанийг сонгосон түрээслэгчид хэр хэмжээний бараа материал даатгуулсан байдаг вэ?

-Эргэлдэж байгаа хөрөнгөөс нь шалтгаалдаг л даа. Бид “Тухайн түрээслэгч хамгийн багадаа нэг сая төгрөгийн бараатай байна” гэх шаардлагыг тавьдаг. Ингэснээр сая төгрөгийн нэг хувь буюу 10 мянган төгрөгийг нэг жилийн хураамжаар авдаг. Харин харилцагч тав ч юмуу арван сая төгрөгөөр даатгуулна гэх юм бол мөнгөн дүнгийн өсөлтийн хэмжээнээс нь хамаарч жилийн хураамжийг тооцдог.

-”Нарантуул” худалдааны төвийн хүнсний хэсэг шат­сантай холбоотойгоор бас нэг асуудал хөндөгдөж байна. Тодруулбал, дам түрээслэгч буюу түрээслэгчийн түрээслэгч бараагаа яаж даатгуулна гэсэн үг вэ?

-Лангуугаа түрээслүүлж бай­гаа хүн анх тухайн лангууг авахдаа дээр дурьдсан түрээсийн гэрээний заалтын дагуу ямар нэгэн компанинд эд хөрөнгөө даатгуулсан байх ёстой. Тэгэхээр түрээслэгч хүн лангуугаа бусдад түрээслэхдээ лангуун дээр зарж байгаа барааны жагсаалтыг гаргаад даатгуулах юм.

-Түрээслэгчид анх гэрээ хийхдээ бараа материалаа даатгуулдаг юм байж. Гэтэл түрээслэгч байгууллага өөртөө хамгаалалт болгохын тулд даатгал авах хэрэгтэй гэдэг. Уг нь түрээслэгчид биш түрээслэгч нь эд хөрөнгөө даатгуулах ёстой юм биш үү?

-Мэдээж тийм. Жижиг худалдаа эрхлэгчид хохирохоос гадна “Нарантуул” худалдааны төв бас өөрийн хөрөнгөөрөө давхар хохирч байна. Энэхүү эрсдэлээс өөрийгөө хамгаалахын тулд Эд хөрөнгийн даатгалын бүтээгдэхүүн сонгох нь тохиромжтой байдаг. Гэхдээ энэ нь тухайн байгууллага зөвхөн өөрийн хөрөнгийг үнэлж даатгуулахаас биш түрээслэгчийн өмнө хүлээх хариуцлагаа тусдаа өөр төрлийн даатгалаар хамгаалах сонголт бас бий.

-”Монгол даатгал” компанид даатгуулсан харилцагчдынхаа аюулгүй байдлыг хангах, эрсдэлд өртөхгүй байх ямар нэгэн үйл ажиллагаа танай байгууллагаас явуулдаг уу?

-Манай байгууллагын зүгээс үйлчлүүлэгч эрсдэлд орсны дараа нөхөн олговор олгох гэхээс илүүтэй хохирол амсахаас нь сэргийлэх, галын аюулгүй байдал зэргийг хангахын тулд  манай томоохон хамтран ажиллагч байгууллга “Еврофе Азиа” ХК-тай хамтран галын эрсдэлийн үнэлгээ хийж өгдөг. Өөрөөр хэлбэл гал унтраах хэрэгслүүд яг стандартынхаа дагуу байж чадаж байна уу гэдгийг сайтар хянана гэсэн үг. Харамсалтай нь ихэнх нь байгууллагуудын галын дохиолол байдаг ч ямар ч ажиллагаагүй байдаг.

-Иргэд даатгалд хамрагдахад юуг илүү анхаарах ёстой вэ. Мөн даатгалын компаниуд нөхөн олговроо төлж чадахгүй даатгуулагчдыг хохироодог тохиолдол гардаг?

-Ер нь иргэд ямар нэгэн эрсдэл, осолд ороход тэр даруйдаа тухайн даатгалын компанидаа мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв холбоо барих боломжгүй байвал 72 цагийн дотор хохирол амссанаа уламжлах ёстой. Манай компани гэхэд Улаанбаатар хотын дөрвөн цэгт Шуурхай албаа байрлуулсан. Бидэнд дуудлага ирсэн даруйд аль ойрхон байгаа цэгээс түргэн очиж газар дээр нь шуурхай зөвлөгөө өгч ослыг баталгаажуулан ажилладаг. Иргэд хамгийн гол нь тохиолдсон ослыг мэргэжлийн байгууллагаар баталгаажуулах ёстой. Иргэд яагаад даатгалын компанид итгэл алдардаг вэ гэхээр өөрсдөө мэдээлэлгүй, мэдэгдээгүй, цагдаа, мэргэжлийн байгууллагын төлөөллийг дуудаагүй, материалаа гүйцэд бүрдүүлээгүйгээс болж нөхөн олговроо авч чадахгүйд хүрдэг. Даатгуулагчийн хувьд  даатгалын компаниа сонгохдоо тухайн даатгалын компанийн нөхөн төлбөрийн үзүүлэлт, санхүүгийн чадавхи, эрсдэл даах чадвар нь, туршлага нь хэр юм бэ гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны www.frc.mn вэб сайтаас үзэн харьцуулалт хийж хамгийн зөв сонголтоо хийх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр иргэд даатгалын компанийн нөхөн олговрын эргэн төлөлтийг сайтар харах нь чухал байдаг.

-Мөн Монголын зах зээлд даатгалын компани олширч байгаагаас болж нөхөн төлөлтийн чадвар нь муудсан гэх юм?

-Даатгалын компаниуд үнээр өрсөлддөг болчихсон. Учир нь зах зээлийн өрсөлдөөний хуулиараа нэгнээсээ урьтаж даатгуулагч татахын тулд хураамжийн шимтгэлээ багасгах байдал их ажиглагдаж байна. Гэтэл эргээд их хэмжээний нөхөн олговор олгох гэхээр санхүүгийн чадамж нь хүрэлцэхгүй тохиолдол гардаг. Эрсдэлээ сайтар тооцоолоогүйн улмаас томоохон хохирол амсдаг.

-Монгол даатгал компанийн хувьд өнгөрсөн жил хэр хэмжээний хохирол иргэдэд барагдуулсан бэ. Бас танай компанийн нийт нөөцийн сан нь хэд юм бэ?

-Бид нөхөн төлбөрт өнгөрсөн жил 5.2 тэрбум төгрөгийн нөхөн олговорыг иргэддээ олгосон байна. Даатгалын байгууллагуудын эрсдэл даах чадвар, нөөц сангийн хэмжээ, нөхөн төлбөр олголт болон бусад санхүүгийн үзүүлэлтүүдийг дээр хэлсэнчлэн www.frc.mn цахим хуудаснаас үзэх боломжтой.

 

Л.Баатархүү


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.