Танго

tangoТангог Испаниас гаралтай хөнгөн, цог жавхаатай Фламенко бүжгээс гаралтай гэдэг. Испанийн булаан эзлэгчид Өмнөд Америкт ирэх үед Танго нь бусад Испани ардын бүжгүүдийн адил суурьшигчидтай цагаачлан очжээ. Гэвч энэ нь орчин үеийн Танготой холбоотой эсэх нь эргэлзээтэй байдаг. Харин негр боолуудын хамт импортлогдон очсон Африкийн Тангано бүжиг нь Тангоны анхдагч болох нь илүү нийцтэй. Он жил өнгөрөхөд дээрх бүжгүүдийн аль нэг нь ч юмуу, хоёулаа ч юмуу бусад бүжгүүдтэй нийлсэн байна. Ялангуяа 19-р зууны эцсээр Аргентины нийслэл Буэнос-Айресийн ядуусын хороололд Хабанера (Кубын Гаваны ардын бүжиг)-тай нэгдэн Милонга хэмээх бүжгийг үүсгэв.

Эхэндээ Аргентины борчуулын дунд, улмаар 20-р зуун гарах үед дээд зиндааныхны дунд дэлгэрчээ. 1910 онд Францын мюзик-холлын нэгэн алдарт од Мистингюэт Парист тоглосноор Баруун Европын дээд ангийнхны дунд нэвтэрч оров.

Энэ бүжгийн нэг болох Тангоманиа Парист, дараа нь Лондон, Нью-Иоркт хурдан түглээ. Дэлхийн 1-р дайн эхэлсэн ч хүмүүсийн Тангонд татагдах сэтгэлийг хөргөж чадаагүй юм. 1921 онд Рудольф Валентино ‘Судрын 4 морьтон’ кинондоо танго бүжиглэв. Дашрамд нь тангоны өнөө цагийн кинон дээрхи үзүүлбэрээс дурдвал, ‘Эмэгтэй хүний үнэр’ (1992) кинонд Аль Пачнно, Габриэл Анвар нар, ‘Үнэн худал’ (1994) кинонд Арнольд Шварценеггер, Тиа Каррер нарын бүжиглэсэн танго г.м дурдаж болно.

Милонга нь хөлийн хөдөлгөөнийг чухалчилдаг, маш зөөлөн бүжиг юм. 1930-аад онд Парис хотноо бусад цэнгээнт бүжгүүдийн их биеийн ихэмсэг хөдөлгөөн, хөгжмийн огцом хүчтэй хэмнэлийг авснаар дээрхи онцлог шинж нь өөрчлөгджээ. Толгой, их биеийн хөдөлгөөнийг чухалчилдаг болсон нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байна.

Удаан фокстрот

Энэ нь 4/4 хэмнэлтэй, минутанд 120 цохилттой, хосоор бүжиглэдэг бүжиг юм. Бүжгийн хурдавтар хэлбэр нь Нэг алхамт, Хоёр алхамт зэрэг янз бүрээр нэрлэгдэж байлаа. Энэ нь цохилт бүрд нэг алхалт эсвэл такт бүрд хоёр алхалттай байснаас ийм хос нэртэй болсон байна. Уг бүжиг нэгэн шөнийн клубт Вернон болон Ирин Кастль нарын үзүүлэн тоглолтоор олны танил болж, 1913 онд Нью-Иорк дахь ‘Зигфельд Фоллис’-ийн тайзан дээр Харри Фокс бүжиглэснээр түгэн дэлгэрчээ.
Өөрөөр нэрлэх боломжууд байсан боловч энэ бүжгийг Фоксын нэрээр ‘Фокстрот’ хэмээн нэрлэжээ.
Фокс амьтдын дунд байдаг ер бусын алхааны тухай: амьтан алхаж явахдаа хөлөө нэг л шулууны дагууд тавьдаг гэжээ. Үүний адил эхэн үдээ фокстротыг бүжиглэхдээ баруун, зүүн хөлийг бүжгийн шугам дээр буюу нэгийг нөгөөгийн урд эсвэл хойно тавьж байлаа. Зөвхөн 1950-иад онд л баруун, зүүн хөлнүүд өөр өөрийн тусдаа замаар тавигддаг ‘сайжруулагдсан техник’ сурталчлагдсан байна.
Анхны фокстрот минутанд 160 цохилттой, огцом ухасхийсэн хөдөлгөөнтэй байв. Тэрээр Артур Мюрэй, Фрэд Астайр нарын бүжгийн сургуулиудад заагдаж байлаа. Энэ анхны ‘Фокстрот’-ыг ‘Ритм’, ‘Блюз’ гэж нэрлэж байсан ба Нью-Иоркт түгэн дэлгэрч, дараа нь Лондонд хүрчээ. 1922 онд хатираа алхалтууд гологдон, бага эрч хүчтэй хөдөлгөөнтэй болж, Саунтер гэж нэрлэгдэв. 1927 онд энэ бүжиг Удаан фокстрот гэж нэрлэгдэн, зөөлөн гулссан хөдөлгөөнтэй болсон байна.
Энэ үеэс уг бүжиг Удаан фокстрот, Хурдан фокстрот гэсэн 2 хэлбэртэй болов. Удаан фокстрот минутанд 120 цохилттой болж, алхалт, тэнхлэгийн эргэлтүүдээ хэвээр хадгалжээ. Тэрээр зөөлөн урссан уур амьсгалтай бүжиг (Тангоны шууд эсрэг) билээ.
Англи вальс
19-р зууны эхээр Вальзен бүжиг Герман, Австрийн олон нутагт тэр нутгийнхаа нэрээр нэрлэгдэн, янз бүрийн хувилбараар дэлгэрч байлаа. Дээд Австрид “Ландль об дер Эннс” хэмээх хэлбэр нь дэлгэрч, Ландлер гэдэг хураангуй нэрээрээ танил болжээ.
Эхэндээ Ландлерийг хүнд гуталтай хийдэг байсан ба догонцох, хавсрах, дэвсэх алхалтуудтай, гар доогуур эргэх цогц эргэлтүүдтэй бүжиг байв. Гэвч 1800 оны үед Вальзен шиг гулсалттай хурдан эргэлдэх хөдөлгөөн бүхий алхалтуудтай болж, бүжиглэх үедээ гялалзсан гутал өмсөцгөөх болов. Хэмнэл нь Вальзенгаас удаавтар байсан байна.
1870 онд Венийн вальсны минутанд 90 цохилттой, удаавтар, намбалаг хэлбэр нь Америкт хувьсан хөгжиж Бостон нэртэй болжээ. Вальсны энэ хувилбар нь эргэлдэх хөдөлгөөнүүдийг хэвээр хадгалж, хосууд алга болон ташаагаараа нийлэн бүжиглэх болж, шинэ хөдөлгөөнүүдээр баяжигдав. Бас нэгэн зүйл нэмж дурдахад, Бостоны бусад бүжгүүдээс ялгарах онцлог нь хөлөө параллель тавидагт оршино.
Вальсны одоо цагийн хэлбэрийг 1910 оны үед Англи улсад Ландлер, Бостон хоёроос үүссэн гэж үздэг. Бүжиглэгчид удаан хэмнэлийн давуу талыг ашиглан шинээр олон олон хөдөлгөөн бий болгодог нь уг бүжгийг бүжиглэх, үзэж харахад илүү сонирхолтой болгож байна.
www.miss.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.