CSPORTS PREVIEW – ПРЕМЬЕР ЛИГИЙН ЦОМ ГОРИЛОГЧИД 2013-2014

1dfa0e9dcbff5e886c7342bfa61fc5aaЭрхэм уншигч таны амгаланг эрье. Хөгшин Европт хөлбөмбөгийн шинэ улирал эхэлж байна. Мэдээж Будант Албионд дэлхийн хамгийн сонирхолтой, хамгийн олон үзэгчтэй, хамгийн үнэтэй телевизийн эрх бүхий Английн Премьер Лиг эхэллээ.
Премьер лиг эхэлж байгаатай холбогдуулж шинэ улиралд лигийн аваргын төлөө өрсөлдөх боломжтой багуудын тухай та бүхэнтэйгээ хуваалцья. Ингээд цом горилогчид буюу аваргын төлөө өрсөлдөх боломжтой 6 багийг шинжье. /8-р сарын 15 хүртэл хийсэн солилцоо наймааг хамааруулав/
Манчестер Юнайтед
Менежер: Сэр Алекс Фергюсоны халааг авсан Дэвид Мойест хүнд даалгавар оноогдож байгаа нь тодорхой. Премьер Лигт арван жил ажилласан туршлагатай, маш сайн тактикын мэргэжилтэн хэдий ч аваргуудын лигийн туршлагагүй, нэг ч удаа том тэмцээнд түрүүлж үзээгүй.
Солилцоо, наймаа: Тун тааруу ажиллаж байгаа. Тиаго Алкантара, Фабрегас нарыг авах гээд бүтэлгүйтсэн бөгөөд сүүлийн үед Феллайниг авахаар хөөцөлдөж байна.
Бүрэлдэхүүн: Бүх байрлал дээрээ маш жигд бүрэлдэхүүнтэй. Гэвч Рүүни гэдэг “шүдний өвчин” байна.
Байрлал: 4-2-3-1, 4-4-1-1
Цөөн үгээр: Нээлтийн 5 тоглолтын 3 нь тун хүнд учраа байгаа. Иймээс Мойесын үеийн Эвертон шиг улирлын эхэнд олон оноо алдаж магадгүй.
Таамаглал: Бооцооны төвүүдийн дунджаар Премьер Лигт түрүүлэх магадлал долоогоос хоёр буюу 2/7.
Манчестер Сити
Менежер: Премьер Лигийн туршлагагүй, Ла лигт ажиллах хугацаандаа нэг ч цом өргөж үзээгүй гэх даруухан намтартай М.Пеллегрини Ситиг удирдана. Түүний гол тоглогчидтойгоо эвээ олж чаддаг дипломатч зан нь Ситид үр өгөөжөө өгөх нь тодорхой.
Солилцоо, наймаа: Ерөнхийдөө маш идэвхтэй байснаас гадна амжилттай ажилласан. Жоветич, Навас, Негредо гэсэн авьяаслаг довтолгооны тоглогчдоор хүчээ сэлбэсэн. Мөн Яя Турегийн ажлыг хөнгөвчилж өгөх Фернандиньо ирсэн.
Бүрэлдэхүүн: Цаасан дээр байгаа нэрсийг харвал Премьер лигийн хамгийн хүчтэй баг.
Байрлал: 4-2-3-1, 4-3-3
Цөөн үгээр: Өнөөгийн бүрэлдэхүүн, ухаалаг Менежертай гэж үзвэл Сити өнгөрсөн жилээс олон оноо авах болно.
Таамаглал: Бооцооны төвүүдийн дунджаар Премьер Лигт түрүүлэх магадлал арван нэгээс дөрөв буюу 4/11.
Челси
Менежер: Онцгой нэгэн буюу Ж.Моуриньо өдгөө зүгээр л “аз жаргалтай нэгэн” болоод байгаа. Шинэ улирлын 20 менежераас Премьер лигт түрүүлж үзсэн хоёрхон менежерийн нэг/нөгөө нь мэдээж Арсен Венгер/. Хэрхэн хожиж, хэрхэн цом авахаа хэнээс ч дутахгүй мэднэ.
Солилцоо, наймаа: Өөрт нь байгаа бүрэлдэхүүн хангалттай тул Моуриньо бараг л солилцоо хийгээгүй.
Бүрэлдэхүүн: Авьяаслаг залуу бүрэлдэхүүн. Тэдний тамирчны хувиарх оргил үе нь ирээгүй байгаа. Мэдээж тэдэнтэй хамт “бөөн туршлага” оршиж байгаа.
Байрлал: 4-2-3-1, 4-1-2-2-1
Цөөн үгээр: Шинэ Моуриньо болон шинэ Челсиг тодорхойлох улирал.
Таамаглал: Бооцооны төвүүдийн дунджаар Премьер Лигт түрүүлэх магадлал арван гурваас тав буюу 5/13.
Арсенал
Менежер: Арсеналын амьд домог, хөлбөмбөгийн түүхэнд тодоор үлдэх нь гарцаагүй Арсен Венгер 17 дахь улиралдаа Их буучдыг удирдаж байна.
Солилцоо, наймаа: Саного хэмээх 20 настай залуугаас өөр солилцоо хийхгүй байсаар Премьер лигийг эхлүүллээ. Наймааны цонх хаагдахад ердөө 2 долоо хоног үлдээд байна. Арсенал хэн хэнийг авах бол? Эсвэл хэнийг ч авахгүй юм болов уу?
Бүрэлдэхүүн: Улирлын эхлэхээс өмнө 1-р багаасаа 10 орчим тоглогч зарсан. Залуу, авьяаслаг бүрэлдэхүүнтэй хэдий ч гэмтэлт өртөмтгий. Тэдэнд нэг хаалгач, 3 хамгаалагч, 2 хагас хамгаалагч, 1 жигүүрийн довтлогч, 1 төвийн довтлогч зайлшгүй шаардлагатай гээд боддоо.
Байрлал: 4-2-3-1, 4-3-3
Цөөн үгээр: 8 жилийн хугацаанд Арсеналын фэнүүд цомын бараа хараагүй. Тэд ямар ч хамаагүй цом авч чадах болов уу?
Таамаглал: Бооцооны төвүүдийн дунджаар Премьер Лигт түрүүлэх магадлал арван нэгээс нэг буюу 1/11.
Тоттенхэм
Менежер: Залуу, авьяаслаг А.В.Боаш Премьер Лигийн 3 дахь улирлаа эхлүүлж байна. Эхнийх нь уналт байсан бол хоёр дахь нь сэргэлт болсон. Энэ улиралд түүний жинхэнэ чадвар танигдана.
Солилцоо, наймаа: Премьер лигийн хамгийн амжилттай ажилласан баг. Тэд довтолгоо, хагас хамгаалалтын шугамаа чадварлаг тоглогчдоор тэлж чадсан. Сольдадо, Паулиньо, Чадли, Э.Капу тэргүүтнүүд.
Бүрэлдэхүүн: Байрлал бүр дээрээ хэн хэнээ нөхөх боломж бүхий хүчтэй бүрэлдэхүүнтэй.
Байрлал: 4-2-3-1, 4-3-3
Цөөн үгээр: Аваргуудын лигт хангалттай тоглохуйц чадамжтай баг.
Таамаглал: Бооцооны төвүүдийн дунджаар Премьер Лигт түрүүлэх магадлал арван долоогоос нэг буюу 1/17.
Ливерпүүл
Менежер: Өөрийг нь тодорхойлох шинэ улиралтай Б.Рожерс тулгараад байна. АВБ-тэй тун төстэй. Гэхдээ Аваргуудын лигийн утаа үнэрлэж амжаагүйгээс гадна, цом өргөж үзээгүй л байна.
Солилцоо, наймаа: Амжилттай ажилласан. Бүрэлдэхүүнээ боломжийн хэмжээнд сайжруулсан. Аспас, Миноле, Луйс Алберто, Коло Туре. Гэхдээ Суарезыг алдвал?
Бүрэлдэхүүн: Хамгийн сул байрлал тэдний хамгаалалтын шугам. Бусад байрлалдаа жигдхэн бүрэлдэхүүнтэй.
Байрлал: 4-2-3-1, 4-3-3
Цөөн үгээр: Хамгийн сүүлд тэд 2009 оны намар аваргуудын лигт тоглосон. Тэд дахин хэзээ аваргуудын лигт тоглох вэ?
Таамаглал: Бооцооны төвүүдийн дунджаар Премьер Лигт түрүүлэх магадлал арван долоогоос нэг буюу 1/17.
Д.Батцэнгэл
CSPORTS TEAM

URL:

Сэтгэгдэл бичих