Халдварт шарын дэгдэлт 9-12 сард нэмэгддэг

vaktsin_shar-middleХүйтэн сэрүүний улиралд эмч, эмнэлгийн байгууллагын ачааллыг нэмэгдүүлдэг өвчин бол ханиад томуу.

Харин дулааны улиралд буюу хичээл, сургууль эхлэх үеэр идэвхждэг нь халдварт шар. Хүүхэд, багачуудын дунд элбэг тохиолддог энэ өвчний талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн боловсрол, сургалт сурталчилгаа, эрүүл мэндийг дэмжих асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Мэндсайханаас тодрууллаа.

-Гэдэсний халдварт өвчнөөс эхлээд гахайн хавдар, гар хөл амны өвчин, халдварт шар гээд хүүхдүүд дунд элбэг тохиолддог өвчин эмгэг цөөнгүй бий. Тэр дундаа хичээл эхлэх үеэр халдварт шар өвчин нэмэгдэх хандлагатай байдаг. Одоогоор энэ өвчний гаралт хэр байна вэ?

-Вируст гепатит нь элгийг сонгомлоор гэмтээдэг, хоорондоо харилцан адилгүй вирусүүдээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Одоогоор элэгний үрэвсэл үүсгэдэг (А,В,С,D,Е,G,F,TT) есөн төрлийн вирус байгааг тогтоогоод байгаа бөгөөд эдгээрээс манай оронд А,В,С,D вирусын халдварууд зонхилон тохиолддог.

Манай улсад бүртгэгдэж байгаа вируст гепатит өвчний 85-90 хувийг А вируст гепатит өвчин эзэлдэг. Өвчлөл жил бүрийн 9-12 дугаар сард дэгдэлт хэлбэрээр гарч 2-15 насны хүүхдүүд зонхилон өвчилдөг.

Одоогоор өвчлөл харьцангуй гайгүй байна. Өнгөрсөн оноос А вируст гепатитын эсрэг вакциныг нэг нас хоёр сартай болон хоёр настай хүүхдэд товлолын дагуу дархлаажуулдаг байсан бол энэ жилээс орон даяар үе шаттайгаар дархлаажуулж эхэлсэн. Энэ нь бага насны хүүхдийн дунд шар өвчний халдварыг бууруулж үр дүнгээ өгч байна.

-Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанаас үзэхэд зун, намрын улиралд энэ өвчин нэмэгддэг юм билээ. Энэ нь хөрсний бохирдлоос үүдэлтэй гэж эмч нар ярьдаг. Өвчнөөс сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд болон хүүхэд багачууд ямар дэглэм сахих вэ?

-Энэ төрлийн вирус ахуйн замаар халдварладаг. Тиймээс хувийн ариун цэврийг сайтар сахиж, ариутгал хийж байх ёстой. Одоо гарч байгаа халдварт шар өвчний 60 гаруй хувийг бага насны хүүхдүүд эзэлж байна.

Иймээс гараа зөв угаах дадалтай болох, хоол хүнсээ сайтар боловсруулж хэрэглэх, түүхий ус уухгүй, жимс ногоог буцалсан усаар сайн угааж байх хэрэгтэй. Мөн гэр хороололд ариун цэврийн шаардлага хангасан бие засах газар, бохирын цооногтой байх нь А шараас сэргийлэх хамгийн сайн урьдчилан сэргийлэлт юм.

П.Энхмаа Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих