Энэтхэг 800 сая иргэнээ хооллож ундална

Энэтхэг 800 сая иргэнээ хооллож ундална

Энэтхэгийн парламент найман цаг хуралдаж хэлэлцсэний эцэст ядуу иргэдийг хоол хүнсээр хангах хөтөлбөрийг баталлаа.

Эрх баригч Конгрессын намын тэргүүн Соня Ганди зөрчилдөөн, үзэл бодлын ялгаагаа ард орхиж, хоол хүнсний аюулгүй байдлаа хангаж ажиллахыг уриаллаа.

Ийнхүү тус улс өлсгөлөн, ард иргэдийн хоол тэжээлийн дутагдлыг арилгах их аян өрнүүлэхээр болов.

Энэтхэг улс хүн амынхаа гуравны хоёр хувь буюу 800 сая хүнийг хоол хүнсээр хангахад 20 тэрбум доллар шаардагдах энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах эсэх асуултад хариулахаас татгалзсан С.Ганди “Бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах нөөц, баялагтай юу гэж асуух нь буруу. Хөдөө аж ахуй эрхлэгчид ашиг олох эсэх нь ч хамаагүй. Бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах арга замыг л олох ёстой” хэмээн мэдэгдсэн байна.

Үүний дараа санал хураалт явагдаж байхад Ганди парламентын танхимийг орхин гарч, эмнэлэг явах шаардлагатай болжээ. Тэрээр халуурч, цээж нь өвдөж байсан тул яаралтай эмчилгээ хийлгэсэн хэмээн Энэтхэгийн телевизүүд мэдээлэв.

Конгрессын нам ирэх онд болох парламентын сонгуульд ард иргэдийн сэтгэлийг татаж ялалт байгуулах үүднээс ийм төсөл батлууллаа хэмээн үзэх хүмүүс олон байна.

“Яагаад энэ хуулийг өмнө нь батлаагүй юм бэ. Ядуу хүмүүс өлсгөлөнгөөр зөндөө л үхэж байсан” хэмээн Конгрессын намтай нэг эвсэлд орж, дэмждэг Самажвади намын лидер өгүүлэв.

Мөн Энэтхэгт ядууд тооцогддог яг хэдэн хүн байгаа талаар тодорхой тоо баримт байдаггүй аж. Тус улсын эдийн засаг өсч, хоол хүнс үйлдвэрлэгч томоохон орны нэг болсон ч дэлхийн ядуу иргэдийн дөрөвний нэг нь энэ улсад байдаг.

Ядуусаа хооллож ундлах хөтөлбөрийг баталсан Делигийн Засгийн газар эдүгээ яг хэдий тооны хүнд тусламж үзүүлэхээ тодотгох хэрэгтэй болж байна. Эс бөгөөс төсвөө нарийвчлан гаргаж чадахгүй, алдаа завхрал, авлига гаарах магадлалтай ажээ.

“Бид тусламж хэрэгтэй хүнд л гараа сунгах учиртай. Засгийн газар ядуу иргэдийн тоог 20 хувь гэж үздэг мөртлөө яагаад 67 хувьд нь хоол хүнсний тусламж үзүүлэх гээд байгаа юм бэ” хэмээн Энэтхэгийн Үйлдвэрлэлийн холбооны намын Голапа Кришнан ярилаа.

Азийн энэхүү улсад хоол хүнс түгээх хамгийн том сүлжээ байдаг. Ядуусыг хоол хүнсээр тэтгэх хөтөлбөр батлагдсан тул энэ систем улам томорч, хүчирхэгжин, хэрэгцээтэй хүмүүст тусламж үзүүлэх үйлчилгээ сайжирна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Хөтөлбөрийн хүрээнд 800 сая иргэнд сар бүр таван кг үр тариа болон бусад хүнсний хэрэгцээт барааг өгөх ажээ.

Н.Мөнхжин /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих