”21 мянга”-ыг бөөнөөр нь авахын тулд гадаа хэд хонох ёстой юм бэ?

Редакцийн утас дуугарлаа. Сандарч, тэвдсэн нэг өвөө “103″ дуудаж байгаа юм шиг “Зууны мэдээ юу? Нисэхэд дайн болж байна” гэв…

Буянт-Ухаа дахь тооцооны төв буюу Хадгаламж банкны 16 дугаар салбар “Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөгийг бөөнөөр нь олгож байгаа гэнэ. Мөнгөө авах гэсэн хүмүүс өдөр, шөнөгүй дугаарлаж, уртаас урт дараалал үүсгээд байгаа. Зарим нь бүр хоёр, гурав хоног хонож байна. Тэгээд ч мөнгөө авч чадахгүй буцаж байна гэв. Уурлаж, бухимдсан өвөө аргаа барахдаа үүнийг нь “дайн” гэж хэлжээ.

Нисэхийн автобусны буудал дээр буугаад, хаашаа явахаа мэдэхгүй ч байрнуудын дундуур орлоо. Хүмүүсийн хашгирч орилох чимээ Хадгаламж банкны байршлыг заагаад өгчихөв. Хадгаламж банкны энэ салбар орон сууцны нэгдүгээр давхарт байрладаг юм байна. Хашлага, хайс байхгүй өндөр шатан дээр хорь, гучин хүн овоорчихсон. Зарим нь хажуу тал руугаа хальж асгараад, барих татах зүйлгүй унаж ойчиж байна.

Хааш, хаашаагаа хоёр алхам тэр тавцан дээр гарахын тулд хүмүүс бие биенээ татах нь татаж, түлхэх нь түлхэж байна. Түүнээсээ болж хэрэлдэх, нэгийгээ хэл амаар доромжилно. Зарим нь бүр гар хөлөө зөрүүлэхэд хүрч байна. Хүүхнүүд нь хоорондоо хэрэлдэх юм. Харчууд нь хүүхнүүдээ харааж, загнаж, элдэв янзаар хэлж байна. Чимээ шуугиан гэж хэрэг алга аа. Чих дөжрөм, хэрүүл тэмцэл.

Тус банкны салбар энэ сарын 4-нөөс “21 мянга”-ыг бөөнөөр нь өгч эхэлжээ. “Туршилтын журмаар олгож байгаа. Амжилттай гэж үзвэл өөр салбаруудад олгоно. Бид чадлынхаа хэрээр зохион байгуулж байгаа” гэж салбар хариуцсан захирал нь ярьж байна. Харин гадаа дугаарлах хүмүүс арай өөр зүйл хэлж байв.

“Нэг өдөр таван гудамжны хүмүүст мөнгийг нь өгнө гэж банкныхан хуваарь хиисэн. Эрүүл ухаанаар бодсон хэнд ч, нэг айл 2-5 ам бүлтэй байгаа шүү дээ. Тийм болохоор тэр гудамжинд ойролцоогоор хэдэн айл, хэчнээн хүн байгаа нь тодорхой. Гэтэл энэ хүмүүс нэг өдөр таван гудамжны хүнд мөнгийг нь өгөх байтугай нэг гудамжныхаа хүнд хагас дутуу өгөөд ажлынх нь цаг дуусчихаж байна. Тэгээд хуваарьтай өдрөө авч чадаагүй хүмүүс маргааш нь дахиж дугаарлаад зогсч байна” гэв.

Банкны хамгаалагчид хүмүүсийг 5-10-аар нь дотогш оруулж байна. Гэтэл өчигдөр, уржигдар хоносон гэх зарим хүн мөнгө авч чадсангүй гээд гарч ирж байх юм. Учрыг нь асуувал “Өчигдөр танай гудамжны хуваарьтай өдөр байсан. Тэр өдрөө авахгүй яасан юм бэ. Өнөөдөр танд мөнгө олгохгүй. Энэ сарынхаа 21 мянган төгрөгийг авбал ав. Үгүй бол гар” гэсэн хариултыг теллерүүд хэлж байна гэнэ. Ингээд шөнөжин цоожтой хаалга сахиж, хүйтэн цемент дээр нойр, хоолгүй, даарч хоносны хохь болов.

Шөнөжин хүйтэн сэрүүнд дугаараа алдахгүй гэхдээ даарч, байгаагаа ч анзаарах сөхөөгүй зогсоогоороо, суугаагаараа хоносон олон хүн энд байна. Тэдний олонхи нь маргааш өглөө хэдэн төгрөгөө өвөртлөөд буцна гэдэгтээ итгэлтэй байсан. Гэтэл тэгсэнгүй. Аргаа барсан зарим нь “Эд нар ажлынхаа цагийг сунгаад орой ядаж найман цаг хүртэл ажиллаад, бямба гаригтаа хагас ажиллачихвал” гэж байв. Боддог л бодол.

Гэхдээ банкныхан ингэж ажиллах эсэхийг хэн мэдхэв. Бөөнөөр нь авах мөнгөө юунд зарцуулах гэж байгааг хэдэн хүнээс асууж, сонирхлоо. “Айл бүрт л асуудал байгаа шүү дээ. Хүүхдүүд хичээл сургуулиа төгсөх гэж байна. Шалгалт, хонхны баяр зэрэгцээд мөнгөний хэрэгцээ их байна. Гутал хувцас, сургалтын төлбөрөөс эхлээд зарцуулах зүйл олон байна. Манайх дөрвөн хүүхэдтэй. Хоёр нь оюутан. Би мөнгөө бөөнд нь авчихвал оюутан хүүхдийнхээ төлбөрт өгнө. Төлбөр нь нэхэгдээд суулгахгүй байна” гэж тус дүүргийн иргэн С.Отгонцэцэг ярьж байна.

Энэ мэт хариулах хүн олон юм. Мөн “Өр” зээл ихтэй, банкинд өгнө. Энэ мөнгийг ядарсан нэг нь авах гэж байна шүү дээ. Түүнээс биш задарсан нэг нь авахгүй. Бүр тоох ч үгүй. Зардал, чирэгдэл багатай бөөнөөр нь авчихвал айл бүрт л хэрэгтэй байна. Өнөөдөр хоолны махгүй, хоосон хонож байгаа ч айл байна. Төр засгийнхан үүнийг ойлгох хэрэгтэй. Зохион байгуулалтыг нь сайжруулаад банк болгон
дээр өгчихвөл… гэсэн хүмүүс бас байна.

Батлан хамгаалахын их сургуулийн нэг оюутан “Би төлбөрөө өгнө. Хүний хөгжил сангийн 500 мянга сургалтын төлбөрт орсон ч төлбөр бас л дутуу байгаа” гэж байв. Мөнгөний төлөөх энэ “дайнд” хүмүүс иймэрхүү шалтгаанаар иржээ.

Хэдэн өдрийн өмнөхийг бодвол өнөөдөр харин ч эмх, замбараатай байгаа нь энэ. Өчигдөр, уржигдар хүмүүс энд үнэхээр “алалдаж” байсан. Бие биенээ түлхэж унагаах, цохиж зодох юу ч биш байлаа. Овоо цэгцтэй болоод байна” гэж хөгшчүүд ярьж байна. Энэ их дугаарын эхэнд хэдэн өдөр зогссон хүмүүс өнөөдөр мөнгөө олж авч чадаагүй л байгаа аж. Учир нь хаалга онгойнгуут л хүмүүс дугаарлалт гэлгүй дайрчихдаг. Тэгээд эрэлхүү, дээрэлхүү, хүчтэй бяртай нэг нь түрүүлээд орчихдог. Хөгшид, хүүхнүүд нь амь, наана там цаана дэмий орилолдоод үлддэг.

Хөгжлийн бэрхшээлтэй, хөл, гаргүй, таягтай, тэрэгтэй нь араас нь хараад, хойно нь дахиад дугаарлах аядаад зогсож байна. Автобусанд жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд суудал тавьж өгдөг бол “21 мянга”-ын дараалалд ийм ёс үйлчлэхгүй байна.

Б.Энхтуул


URL:

Сэтгэгдэл бичих