Солонгост баривчилгаа эхэллээ

c307935714da155ebigБослого зохион байгуулах гэж байсан хэмээн сэжиглэж энэ сарын 28-нд Нэгдсэн дэвшилт намын гурван гишүүнийг Өмнөд Солонгосын тусгай албад баривчилжээ. Баривчлагдагсдын дотор Кёнгидо мужийн намын байгууллагын даргын орлогч Хон Сун Сок байгаа аж. 2004 оноос хойш ярьж буй хуйвалдаанд 100-200 шахам хүн оролцсон байна.

Мэдүүлэг авахын тулд гол сэжигтнүүдийг баривчлах хугацааг 48 цагаар сунгаж өгөхийг хүсэж, тусгай албад шүүхэд хандах гэж буй бололтой. Шүүх татгалзвал сэжигтнүүд суллагдах аж. Нэгдсэн дэвшилт намын гишүүдээс баривчлах зөвшөөрөл олгосон шүүхийн ажилтны мэдээлснээр бол тус улсын дэд бүтцэд хохирол учруулах, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн байгууллага бий болгох, Умард Солонгосыг магтан хөөрөгдөх, төрийн эргэлт хийх зорилготой хуйвалдаанд оролцсон хэмээн тэднийг сэжиглэж буй юм байна.

Тус намын гишүүдийн гэр, ажлын байранд нь нэгжлэг хийсний дараа тун удалгүй баривчлах ажлыг зохион байгуулжээ. Гэр, ажлын байрандаа нэгжлэг хийлгэсэн хүмүүсийн тоонд Нэгдсэн дэвшилт намын гишүүн, Парламентын гишүүн Ли Сок Ки орсон байна Ийм алба хашиж буй хүн халдашгүй дархан эрхтэй байдаг учраас түүнийг баривчилж чадаагүй аж. “Умард Солонгост туслах зорилгоор” зэвсэг бүхий агуулах болон цагдаагийн байгууллагуудыг эзэлж авах асуудлыг хэлэлцсэн намын идэвхтнүүдийн хурлын бичлэгийг нэгжлэгийн явцад хураан авчээ. Дотоод тагнуулын алба бүрэн эрхээ нэмэгдүүлж, улс төрийн үйл ажиллагаанд оролцох болсныг тус намын төлөөлөгчид мэдэгдсэн байна. Одоогийн эрх баригчдын эсрэг хуйвалдаанд оролцсон хэмээн буруутгасныг хэвлэл эрхэлсэн нарийн бичгийн дарга хатагтай Ли Су Чон няцаасан аж.

Түүнээс гадна нам нь Умард Солонгосыг, түүний цөмийн хөтөлбөрийг ер дэмжиж байгаагүй хэмээн тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Нэгдсэн дэвшилт нам 2011 онд үүсэн бий болсон бөгөөд зүүний чиг баримжаатай юм. Тус нам одоогийн Парламентад зургаан суудалтай.


URL:

Сэтгэгдэл бичих