МИАТ-ийн хэргийн хэрэгтэн, хэлмэгдэгч нь хэн бэ?

МИАТ-аар овоглож, бүр ийм нэртэй зузаан  хавтас нээлгэсэн хэрэг хууль, шүүхийн шатанд шалгагдаж эцэслэгдээгүй л байна. Өвөлжин, хавар­жин ярьж домог түүх мэт хэлэлцэж буй энэ хэрэгт олон хүнийг холбогдуулан шалгасан, барьж хорьсон, бүр сүүлдээ олноор нь хоморголон баривчилсан,бас заримыг нь сулласан. Эцэстээ хэн нь хэрэгтэн, хэн нь хэлмэгдэгч юм бэ гэдгийг тогтоох гэж ингэж их удаж буй юм болов уу. Эсвэл шинэ цагийн бас нэгэн зохио­мол хэлмэгдүүлэлт яваад байна уу гэх эргэлзээ, хардлага ч бас үүсээд байна. Учир нь  Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү “Монгол керамик” компанийн захирал Б.Мандахбаяр нарыг  хэрэгт холбогдуулж, элдэв нэр хоч зүүлгэчихээд эцэст нь нотлох баримт­гүй, хэрэгтэн болох нь тогтоогдоогүй хэмээн сулласан. Энэ байдлаа хууль, шүүхийн байгуул­лагынхан “Мөрдөн бай­цаал­тын явцад тэд дээрх долоон хүнд холбогдох хэрэгт хамтран оролцсон нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгосон” хэмээгээд л өнгөрсөн.

Болсон явдлыг сөхөхөд, МИАТ компанийн эрх мэдэл бүхий хүмүүс   “Дайны эрсдэлийн даатгал” нэрээр халхавч хийж, гадаад руу  их хэмжээний мөнгө гаргаж  байсан нь илэрсэн гэж буй. Өөрөөр хэлбэл, энэ нь мөнгө угаасан хэрэг гэх тодотголд хамаарч буй. Мөн хар ухаанаар бодоход л  үе үеийн удирдлагууд нь  бүгд холбогдож таарахаар дүр зураг харагдаж байгаа юм. Тийм ч учраас хуучин, шинэ бүгдийг нь хамруулан шалгасан байх. Ингээд эцэст нь хэд хэдэн хүн  шүүхээс ял сонссон. Хамгийн сүүлд Нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчит МИАТ хувьцаат компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг, тус компанийн коммер эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байгаад “Монголиан Эйрлайнз групп” компанийн захи­рал болсон Ч.Хорол­сүрэн, түүний дүү Ч.Суурьтогтох, “Монголиан эйртранспорт групп” компанийг үүсгэн байгуулагч, захирал С.Батхишиг, МИАТ-ийн дэд захирал асан Р.Бат-Эрдэнэ, МИАТ-д ажиллаж байгаад “Транстрейд Би Ди Си” банк бус санхүүгийн байгууллагын захирал болсон Н.Ган­төмөр, “Голомт” банк­ны “Солонго” салбарын захирал асан Г.Саранчимэг нарт яллах дүгнэлт үйлдэн, харьяалал тогтоолгохоор шүүхэд шилжүүлсэн билээ. Үүнд  Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох, С.Бат­хишиг, Р.Бат-Эрдэнэ, Н.Гантөмөр нарт Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан онц их хэмжээний хөрөнгө завшиж үрэгдүүлсэн, 1661.3 дахь хэсэгт заасан мөнгө угаасан гэсэн үндэслэлээр, Г.Саранчимэгт дээрх хоёр зүйл ангиас гадна 156 дугаар зүйлд заасан банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн гэдгийг ч мөн хэвлэлээр мэдээлээд байгаа.  Мөнгө угаах гэмт хэрэг   онц хүнд гэмт хэрэгт тооцогддог,  10-15 жилийн хорих ялаар шийтгэх заалттай.

Цаашилбал, хэрэгт холбогдсон этгээдүүдийн бүх  хөрөнгийг улсын орлого болгоод байгаа. Тухайлбал,  “Монголиан эйрлайнз” буюу нэрээ “Хүннү эйрлайнз” болгож өөрчилсөн группээс  Ч.Хоролсүрэнд ногдох хувьцаа, “Транс трейд”-ийн  хөрөнгийн 50 хувь,  хадгаламж дахь  хоёр сая гаруй ам.долларыг нь улсын орлого болгон хураасан. Мөн энэ хэрэгт холбогдуулан  Р.Бат-Эрдэнийн дөрвөн өрөө байр, “Ланд” маркийн авто  машин, Ц.Орхоны онгоцны тийз борлуулдаг  компанийн 50 хувь, Б.Эрдэнэбилэгийн “Монгол керамик” компанид эзэмшдэг хувьцаа, үл хөдлөх хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлсэн.

Шүүх ийнхүү шийтгэх талыг түлхүү баримталсан бол хавтаст хэрэг дотор эргэж харах, эргэлзээ төрүүлж буй зүйлүүд мэр сэр байна. Ийм байгааг ч өмгөөлөгч нар өмнө нь хэлж байсан юм. Тодруулбал, Ч.Хоролсүрэн шүүх хуралд  “Энэ хэрэгт бусад холбогдогч буруугүй” хэмээн мэдэгдсэн байдаг. Нэгэнт гэрч, холбогдогчийн зүгээс ийнхүү мэдэгдэж байхад заавал буруутгах гэсэн, хэрэгт  хоморголон татсан гэж болно. Учир нь төрийн байгууллага ч бай, хувийн хэвшил ч бай өмнөх удирдлагуудын баримталж ирсэн бодлого, үйл ажиллагааг уламжлал болгон хадгалж, үргэлжлүүлэн авч явдаг нь бодит үнэн. Одоо ч манай аль ч байгууллагад ийм дүрэм үйлчилж л байгаа. Тэгвэл МИАТ-ийг удирдаж асан эхний удирдлагууд гадагш нь  хийсвэр компанийн нэрээр мөнгө “урсгах” ажлыг санаачлан “Дайны эрсдэлийн даатгал” нэрээр гэрээний ажлыг эхлүүлсэн бол  дараа, дараагийн удирдлагууд тийм л ёстой байдаг гэсэн ойлголт авч, уламжлалыг баримтлан тэрхүү мөнгийг шилжүүлж ирсэн байж таарна. Гэтэл тэнд ажиллах  хугацаандаа мөнгө угааж байгааг мэдэхгүй, тэр талаар ямар ч ойлголтгүй байсаар албаа хүлээлгэж өгсөн хүмүүс өнөөдөр буруутай гэж үү. Иймд Ч.Хоролсүрэнгийн “Хэрэгт холбогдогчид буруугүй. Р.Бат-Эрдэнэ бол энэ талаар юу ч мэдэхгүй хүн шүү дээ” хэмээн баталж буй нь үнэний ортой гэж үзэх үндэслэл байна.  Р.Бат-Эрдэнийн тухайд түүнд  хувийн ямар нэгэн аж ахуйн нэгж байхгүй. Олон жил нисгэгчээр ажилласан тэрээр “Би гэрээнд нэг удаа гарын үсэг зурсан боловч мөнгө авч байгаагүй” хэмээн мэдэгдсэн байдаг. Гэтэл  шүүх Р.Бат-Эрдэнийг буруутай гэж үзэн  дөрвөн өрөө байрыг нь хураагаад зогсохгүй хөл залгуулах унаагүй болгож шийтгэв.  Мэргэжилдээ гаршсан, хамт олныхоо дунд нэр хүндтэй, гавьяат нисгэгч  тэрээр жирийн л амьдралтай нэгэн. Өнөөдөр эхнэр, хүүхэд нь түрээсийн байр хайгаад хэцүүхэн л явж байгаа сурагтай. Нийтээр нь хоморголон яллах гэгч л энэ байх. Хэрэг шалгаж, тасалж буй явцаас харахад бас нэг зүйл ихээхэн ойлгомжгүй байдаг. Тэр нь юу вэ гэвэл, МИАТ төрийн өмчит компани. Тэгвэл Төрийн өмчийн хороо гэгч байгууллага юугаа харж, хянаж байсан болж таарч байна вэ. “Дайны эрсдэлийн даатгал” гэх нэрээр мөнгө угааж байсан юм бол тийм утгатай гэрээний асуудал мэдээж Төрийн өмчийн хороогоор орж зөвшөөрөл авч, батласан батлуулсан үйл явдлын өрнөл заавал байх ёстой. Угаасаа ч тэгдэг жамтай. Тэр асуудлыг яагаад шалгахгүй байгаа юм бэ. Тэгэхээр хэрэгт нэг хэсгийг нь унагаж, нөгөө хэсгийг нь өмгөөлөн уснаас хуурай гаргаж байгаа юм биш биз.

Ч.ЗОТОЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих