Бяцхан “унтаахайнууд”-ыг хичээлийн шинэ жилийн хонх сэрээлээ

Энэ жил нэгдүгээр ангид орж байгаа дүү маань өчигдөр өглөөнийхөө цайг яаран уучихаад цүнхээ мартаад сургууль руугаа гүйснээс болж манай гэр бүлийнхэн есдүгээр сарын 1-нийг инээд хөөрөөр дүүрэн угтлаа. Есдүгээр сарын 1 бол цүнхээ мартан байж сургууль, анги, багш, найз нар руугаа тэмүүлдэг өдөр. Хэдийгээр энэ жилийн хичээлийн шинэ жилийн нээлт амралтын өдөр тохиосон ч цэцгийн баглаа барьсан сурагчид, сурагчдаа дагуулсан багш нарын инээд цалгисан өдөр байсан.

Ангидаа очиж, багшдаа үн­сүүлээд найз нартайгаа амрал­тынхаа сонин, сайхныг хуваалцана гэхээс шөнө нь ч унтаж чадалгүй есдүгээр сарын 1-нийг тэсэн ядан хүлээдэг байсансан. Харин энэ жилийн хувьд хичээлийн шинэ жилээ хэрхэн угтаж байгаа сурагчдыг харж, бага насаа дурсахаар шөнөжин хүлээлээ. Хичээлийн шинэ жилийн нээлтүүд 08.00 цагт болно гэсэн болохоор эртлэн босож 45 дугаар сургуулийг зорилоо. Өглөөний 07.30 цаг гэхэд 45 дугаар сургууль дээр очиход сурагчид аль хэдийнэ ирчихсэн байлаа. Бяцхан сурагчдын заримынх нь нойр ханаагүй байсан ч хичээлийн шинэ жилийнхээ нээл­тэд ирэхийг хүссэн бололтой. Аав, ээждээ тэврүүлээд мөрийг нь дэрлээд унтаж харагдсан. Эрдмийн их аялалд явах гэж байгаагаа зарлах мэт өөрөөсөө том цүнх үүрсэн зарим хүүхдүүдийг харахад л эгдүү хүрмээр. Тэдний тал шахам нь дугуйтай цүнх чирчихсэн байсан нь яг л бяцхан аялагчид шиг. Бүгдээрээ л шинэхэн дүрэмт хувцас өмсөж, “Алтан навч хийслээ дээ Аяны шувуу буцлаа даа Ээждээ үнсүүлж аавыгаа дагаад “эрдэм сурахаар явлаа даа” хэмээн ам уралдан дуу аялах нь сурагч насыг минь эрхгүй санагдуулна. Эрдмийн их далайд анх удаа хөл тавьж байгаа бяцхан сурагчдын сэтгэгдлийг сонсохсон гэхээс тэсэж ядаж байтал хичээлийн шинэ жилийн нээлт ч эхэллээ. Ээж, аавынхаа мөрийг дэрлэж бай­сан бяцхан “унтаахайнууд” маань ч хөгжмийн аянд цочин дуг нойрноосоо сэрэв. Бяцхан сурагчидтай ийн хөөрөлдлөө.

 

А.Ганцэцэг: БИ ОДОО ТОМ АНИА БОЛСОН

 

45 дугаар сургуулийн 1г ангийн сурагч А.Ганцэцэг

 

-Сургуулийн сурагч болох ямар байна вэ?

-Гоё байна. Аав хэлэхдээ намайг одоо том аниа болсон гэж хэлсэн.

-Өнөөдөр /өчигдөр/ чамайг хэн хүргэж ирсэн бэ?

-Би ээж, аав хоёртойгоо хамт ирсэн. Тэд намайг уйлж болохгүй гэж хэлсэн.

-Ээж, аавынхаа үгэнд сайн орж сайн сураарай?

-Тэгнэ ээ. Баярлалаа.

Харин 1в ангийн сурагч П.Аз­заяа охин “Би сургуульд орохоосоо өмнө олон дуу, шүлэг сурсан. Бас тоо тоолж чадна. Үсгээ мэднэ. Тиймээс намайг онц сурна гэж ээж, аав хэлсэн” хэмээн ярьсан юм. Ангийнхнаасаа их зүйл мэднэ гэж өөрөөрөө бахархсан Д.Аззаяа өөрийгөө сургуульд ороод том аниа болсон гэж ярьж байгаа А.Ганцэцэг нар шиг олон хүүхэд өчигдөр сургуулийн босгыг алхан орсон. Биднийг ийн хөөрөлдөж байх хойгуур хичээлийн шинэ жилийн үйл ажиллагааг нээж сургуулийн захирал нь үг хэлсэн юм. Тэрбээр сургуулийнхаа сурагчдад болон эцэг эхчүүдэд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж. Мөн шинээр элсэн орж буй бяцхан сурагчдад сурлагын өндөр амжилт хүсэв. Үүний дараагаар тус сур­гуулийн авьяаслаг сурагчид урлагын тоглолтоор мэндчилгээ дэв­шүүлсэн юм. Ингээд хөтлөгч багш нэгдүгээр ангид орж байгаа балчирхан сурагчдыг анги ангиар нь дуудан танилцуулсны дараа 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн анхны мөнгөн хонхыг дуугаргасан. Багшийгаа даган анги руугаа алхах тэдний зарим нь аав, ээж рүүгээ харан “Одоо цэцэрлэг рүүгээ явах уу” гэж байсан нь ойр тойрныхонд нь хөнгөхөн инээд бэлэглэж байсан юм. Балчирхан үрсээ багшийнх нь гарт хүлээлгэж өгсөн эцэг, эхчүүдийн сэтгэл нь хоргодоод ч байх шиг хүүхдүүдийнхээ араас тусдаа нэг анги болж жагсах дөхсөн. Сургуулийн босгыг анх удаа алхаж орж байгаа сурагчид, сургуульд анх удаа хүүхдээ оруулж байгаа эцэг, эхчүүд яг л ижилхэн догдолж байх шиг санагдсан. Харин дунд болон ахлах ангийн сурагчид ангийнхантайгаа нийлээд элдвийг ярьж, хөөрөлдөхийг илүүд үзэн булан тохой, модны сүүдэр бараадаж байлаа. Тэдний хувьд зуны амралтын хугацаанд хэн ямар сонинтой учирсан бол. Хэн яаж өөрчлөгдсөн бол гэдэг асуудал л өчигдөр сонин байсан биз ээ.

45 дугаар сургуулиас гараад Нийс­лэлийн Баянзүрх дүүргийн тэргүүний 84 дүгээр сургуулийн нээлтийн үйл ажиллагааг сонирхсон юм. Нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсын төрийн дуу­лалаар эхлүүлж, элсэн юм. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, НИТХ-ын дарга Д.Баттулга нар оролцож сурагчдад сурлагын амжилт хүсэж үг хэлсэн юм. Энэ үеэр нэгдүгээр ангийн бяцхан сурагчид нээлтийн арга хэмжээнд оролцсон эрхмүүдэд цэцгийн баглаа гардуулсны дараа хичээлийн шинэ жилийн анхны хонхыг жингэнүүллээ. Хичээлийн жилийн анхны хонхыг 12 дугаар ангийн сурагч хөвгүүн нэгдүгээр ангийн гартаа туузаар чимэглэсэн хонх барьсан бяцхан дүүгээ тэвэрч жингэнүүлсэн. Үүний дараа сурагчид ангийнх нь нэрийг бичсэн хаяг бүхий самбарын дор жагсаж сургууль руугаа орлоо. Нэгдүгээр ангийн сурагчдыг жагсаахдаа урд талын хүүхдийнх нь цүнхнээс хойно нь зогссон хүүхдийг бариулаад багш нар нь хөтөлж орсон юм. Сурагчид ангидаа ороод Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн заасан теле шинэ хичээлийг үзсэнээр хичээлийн жил эхэллээ.

 

Н.Баасэндэмбэрэл


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.