57 компанийн хувьцаа арилжих эрхийг хаслаа

Монголчуудын оюун санаанд өнөөдрийг хүртэл үнэт цаас, хувьцааны тухай ойлголт үнэндээ хомс явсаар ирлээ. Харамсалтай нь энэ сул талыг нь далимдуулж сүйхээтэй нэг нь хувьцаа зарах нэрийдлээр ард түмнээс өчнөөн сая төгрөг “хулхидан” оджээ.

Тодруулбал, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг огт хэрэгжүүлээгүй. Мөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй, мэдээлэл хүргээгүй зэрэг зөрчлийг 57 хувьцаат компани гаргаснаас болж хэдэн зуун мянган иргэн хохирч хоцров. Түүнчлэн эдгээр компаниуд үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй болж, татварын тайлан мэдүүлгээ ч ирүүлэлгүй олон жил болсон байна.

Тиймээс Монголын хөрөнгийн биржээс “Нэр бүхий компаниуд Хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн журмын шалгуур үзүүлэлт, бусад нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа тул бүртгэлээс хасах шаардлагатай” байгааг Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдсэн аж.

Тус хорооны дарга тэдний шаардлагын дагуу тогтоол гаргаж хасах шийдвэрийг гаргажээ. Нөгөөтэйгүүр хувьцаа авсан иргэд ногдол ашгаа авахаа ч мэдэхгүй явсаар эцэст нь компаниуд ор сураггүй болсон нь тэр гэнэ.

Б.Саруул: ЗАРИМ КОМПАНИ ЗӨВХӨН НЭР ТӨДИЙ БАЙГАА

Эл үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Саруулаас цөөн асуултад хариулт авлаа.

-Хөрөнгийн биржээс нэр бүхий 57 компанийг арилжаанаас хассан байна. Энэ тухай танай даргын тогтоол хүртэл гарчээ. Тэдгээр компаниуд чухам ямар зөрчилтэй болоод арилжаанаас хасагдчихав?

-Санхүүгийн зохицуулах хороо 2006 онд байгуулагдсаныхаа дараа 2007 оныг дуустал бүтэн хоёр жил Хөрөнгийн биржид бүртгэлтэй 400-аад компанид шалгалт хийсэн байдаг. Бүр тухайн компаниудын газар дээр нь очиж шалгалт хийсэн юм. Гэтэл үүнээс олон жил тайлангаа өгдөггүй, өмч нь тодорхойгүй, үйл ажиллагаа нь зогссон байдлыг шалгаад нийт 165 компанийн арилжааг Хөрөнгийн биржээс зогсоосон. Уг нь тэдэнд 2008 оноос эхэлж арилжаагаа буцааж сэргээх мэдэгдэл олон удаа хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл үүнээс 57 нь ямар ч сураг ажиггүй, хариу өгөөгүй ирлээ. Мөн зарим компанийн эзэд нь хаачсан нь тодорхойгүй байгаа.

-Энэ 57 компаниас өнгөрсөн гурав, дөрвөн жилийн хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийсэн, тайлангаа ирүүлсэн нэг ч компани байгаагүй юм уу?

-Дээрх 57 компани өнгөрсөн гурван жилд ганц ч удаа хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгээгүй, санхүүгийн тайлангаа гаргаж өгөөгүй гэсэн үг. Гэхдээ хурлаа хийж байсан, тайлангаа гаргаж байсан 36 компани байгаа. Тэднийг хөрөнгөжөөд арилжаагаа сэргээх хугацааг ирэх арванхоёрдугаар сарын 1 хүртэл өгсөн. Үүнээс гадна гурван төрлийн бүртгэл байдаг. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооны, Хөрөнгийн биржийн, өмчлөл, төлбөр тооцооны байгууллагын бүртгэл гэж байдаг. Үүнээс энэ 57 компанийг зөвхөн биржийн буюу хувьцаа арилжих бүртгэлээс нь хасаж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, Хөрөнгийн биржээс хасагдсанаар дахин арилжаагаа сэргээх боломжгүй. Хэрэв дахин сэргээх гэвэл шинээр бүртгүүлж, эрх үүсгэх юм.

-Тэгвэл хувьцаа авсан иргэд энэ дампуурсан, үйл ажиллагаа нь тодорхойгүй компаниудаас ногдол ашгаа яаж гаргуулж авах юм бэ?
-Үнэндээ зарим компаниуд дээр дурьдсанаар эзэн нь тодорхойгүй болсон, 1990 хэдэн онд өмч нь үрэгдсэн компаниуд байгаа. Тэгэхээр тэдэнд ногдол ашиг бараг байхгүй. Ер нь эцсийн дүндээ Монголд анхнаасаа өмч хувьчлалын хэлбэр буруу тогтсоны гайгаар иргэд ямар компанийн хувьцаа авах вэ гэдгийг мэддэггүйгээсээ болж ийм олон нэр төдий компаниуд мөн хохирсон иргэдтэй болж буй юм. Түүнээс гадна компани заавал ногдол ашиг гаргах албагүй. Тухайн компани ашигтай байвал ТУЗ-өөс шийдвэр гаргаж байж ногдол ашгийг түгээж болох хуулийн заалт бий.

Гэхдээ хувьцаа авсан иргэд ингээд хоосон хоцорчихгүй гэнэ. Учир нь Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгө нь байгаа компаниудыг шүүхэд өгч компани өмчлөх эрхийг нь хасаж, шийдвэрлүүлэх аж. Биржээс нэрийг нь хасахаар болоод буй уг 57 компанийн дээд тал нь буюу “Монгол эд импекс” гэх компани нэг сая 164 мянга 66 ширхэг хувьцаа гаргасан байна. Мөн “Сэлэнгэ гурил тэжээл” хувьцаат компани 787 мянга 450 ширхэг хувьцаа арилжсан аж. Харамсалтай нь эл компаниудаас хувьцаа худалдаж авсан иргэд ямар ч ногдол ашиг авч чадаагүй байна гэсэн үг.

Л.Баатархүү


URL:

Сэтгэгдэл бичих