Худалдааны төвүүд хуйхлагдах уу

527-1378100023Sandeishatsan_1Галын дөл өөдөө гэдэг. Тэгвэл гарз дагуулж, гамшиг тээвэрлэсэн галын дуудлага  буурахгүй байна. Хэдхэн хоногийн өмнө “Нарантуул” Олон улсын худалдааны төвийн “Хүнсний зах”-ад гал гарч олон иргэн хохирол амссан. Өдгөө ч галын шалтгаан нь тодорхой бус албаныхан шалгаж байгаа.
Гэтэл хэлж ирдэггүй хийсч ирдэг галын аюул “Сандэй” худалдааны төвд дахин нүүрлэв. Тодруулбал, наймдугаар сарын 30 буюу өнгөрөгч баасан гаригт тус худалдааны төвийн долдугаар давхар шатлаа.
Эх сурвалжийн мэдээллээр тус давхрын цайны газарт гал гарснаар ийн хохирол дагуулсан байна. Азаар онцгой байдлын албан хаагчид түргэн шуурхай, цаг алдалгүй ажилласны үр дүнд галыг газар авахуулахгүй унтраажээ. Одоогийн байдлаар гал гарсан давхрын цайны газрыг битүүмжилж, хэргийн газрын үзлэг хийж буй юм.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн шалгаж байна. Гал гарсан шалтгааныг албаныхан урьдчилсан байдлаар тогтоосон ч дарин дээр давс гэгчээр зарим нэг нь санаатайгаар гал тавьсан гэх цуу яриаг дэгдээж байсан ч нь нууц биш. Үүнтэй холбогдуулан цагдаа, онцгой байдлын албаныхан шуурхай ажиллаж, цаг тухайд нь мэдээлэл өгч байсныг дурьдах нь зүйтэй.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас ямар мэдээлэл өгснийг тоймлон хүргэе. “Сандэй” худалдааны төвд гарсан галыг гаднаас зориуд хорлон сүйтгэх байдлаар зохион байгуулж тавьсан гэх таамгийг албаныхан няцаав. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн эл галыг тавиагүй. Харин галын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс үүдэж ийн “гамшиг” нүүрлэсэн гэв.
Түүнчлэн “Сандэй” худалдааны төвд гарсан гал “Нарантуул” Олон улсын худалдааны төвийн Хүнсний зах” шатсантай ямар ч холбоогүй. Гал гарсан шалтгаан нөхцөл нь өөр, өөр болохыг хэргийн газрын үзлэг шалгалт, мэргэжилтнүүдийн урьдчилсан дүгнэлт харуулж байгаа. Иймд бодит байдлыг үгүйсгэсэн худал, цуурхал, мэдээлэлд автахгүй байхыг иргэдэд анхааруулж байлаа. “Сандэй” худалдааны төв шатах үед шөнийн 22.30 минут болж байсан.
Энэ үед хотын хөл хөдөлгөөн намжаагүй байсан учраас түргэн шуурхай арга хэмжээ авсан аж. Гал гарсан объектод ажиллаж онцгой байдлынхан тухайн  үед яаж ажилласан, гал юунаас болж гарсан байж болзошгүй талаар мөн мэдээлэл хийсэн.
Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбаатар хэлэхдээ “Галын дуудлага авсан даруйд Нийслэлийн онцгой байдлын гал унтраах гурван анги, мөн гэрэл холбооны автомашин, шатны автомашин нэмэлтээр тухайн газарт очсон.
Биднийг очиход худалдааны төвийн дээврийн давхар шатаж байсан. Барилгын долдугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг цайны газрын дээд талын хэсэгт 2×20 хэмжээтэй газарт гал гарч байсан. Мөн салхивчны өрөөнд гал гарсныг унтраасан байгаа. Хоёр цайны газар галд өртсөн.
Доод талын давхрууд руу ямар ч гал, утаа, ус ороогүй. Нэг ч түрээслэгчийн бараа, бүтээгдэхүүн гал, утаанд өртөөгүй. Галын шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага  ажиллаж байгаа” гэсэн юм. “Сандэй” худалдааны төв нь 2009 онд ашиглалтад орсон аж. Тус барилга нь долоон давхар.
Төмөр бетон караказан хийцтэй. Хөөсөнцөр дулаалгатай, ханыг хөнгөн блокоор барьсан, сэндвичин ханатай барилга болохыг мэргэжлийнхэн хэллээ. Эл барилгад авралтын гурван гарц бий гэнэ. Баригдсан цагаасаа эхлэн хэл ам дагуулсан энэ барилгад стандартын норм гэж байхгүйг ихэнх түрээслэгчид хэлдэг.
Товчхондоо, ашиг, орлогоо л бодохоос түрээслэгч нарын эрх ашиг, ажлын байрны шаардлага хангалтгүй гэлцдэг юм билээ. Тэгвэл байгуулагдсан цагаасаа хойш галын аюулгүй байдлыг зөрчиж байсныг онцгойнхон дуулгав. 2010, 2011, 2013 онуудад галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хариуцлага тооцуулж байжээ.
Шалгалтаар тус худалдааны төв нь анхны зураг төслийн дагуу баригдаагүй. Барилгын зураг төслийг өөрчлөхдөө холбогдох байгууллагуудад мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй. Авралтын зам гарцыг хаасан, урсдаг шат болон хоёр талын шатыг хааж лангуу байрлуулсан. Шатны хонгилуудад утаа үл нэвтрэх хаалт хийгээгүй байжээ.
Хатуухан хэлэхэд, энэ үйлдэл нь галаар наадахад бэлэн гэдгээ баталсан ноцтой зөрчил юм. Түүнчлэн худалдааны төвийн гадна талын нүүрний хэсэг болох цонхнуудыг төмрөөр хааж, торлосон нь аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй орчинг бүрдүүлсэн байжээ.
Зарим газарт цахилгааны монтаж, холболт хийгээгүй, гал мэдрэгч суурилуулсан хэрнээ гал унтраах төхөөрөмж суурилуулааг үй, ослын гэрэлтүүлэггүй гээд дурьдаад байвал дуусахгүй их зөрчилтэй аж. Зөрчил ихтэй ч зүгээр шахуу өнгөрөөдөг эл газрыг албаныхан шалгадаг, бас торгодог.
Нөгөө илжигний чихэнд ус хийсэн ч, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг торгуулийн хэдэн төгрөгийг нь өгсөн нэр зүүгээд зөрчлөө арилгадаггүй байжээ. Үүнийг нь нотлох жишээ бий.
Тухайлбал, 2012 онд 250 мянган төгрөг, 2013 онд худалдааны төвийн гурван албан тушаалтанд 180 мянган төгрөгийн торгууль ногдуулж байсныг эх сурвалж хэлсэн юм. Үүгээр ч зогсохгүй энэ оны дөрөвдүгээр сард тус худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарч байжээ.
Ингээд бодохоор үйл ажиллагаа нь зогссон байх ёстой худалдааны төв хуулиас дээгүүр жаалж, хэн нэгний нөмөрт хорогдон ашгийн төлөө ажиллаж байсан аж. Одоогийн байдлаар “Сандэй” худалдааны төвд 800 гаруй  түрээслэгч байгаа гэх.
Тэгвэл үйл ажиллагааг нь зогсоох гэхээр эдгээр иргэдийн эсэргүүцэл албаныхны ажилд тушаа болдог. Гэхдээ аливаа гамшиг ослоос урьдчилан  сэргийлэхийн тулд аюулгүй орчинд ажиллах эрх, үүрэг түрээслэгч нарт бий. Гэтэл өнөө, маргаашийн ашгийн төлөө өөрсдийг өө золиослох эрх тэдэнд байхгүй байлтай.
Сахилгад ордоггүй “Сандэй” хэний өмч вэ
 Орчин үеийн тохилог худалдааны төв гэдэг утгаараа нийслэлчүүд хар зах гэхээсээ илүү “Сандэй”-гээр үйлчлүүлэх дуртай байдаг. Энэ байдлыг нь овжин ашигласан бизнес сэтгэхүйтэй, бийлэгжүү эрхмүүд түрээслэгч нарын эрхийг уландаа гишгэжээ. Гадаад, дотоод орчин, харуул хамгаалалт, түрээсийн үнэ хямд гээд сайн тал ихтэй эл төвд саар зүйлс дэндүү олон.
Ямар сайндаа л түрээсийн мөнгөндөө нухлуулсан иргэд өрөнд баригдаж, өдөр хоногийг аргацааж байх вэ дээ. Түрээсийн мөнгөө төлж чадахгүй иргэний лангууг дараагийн хүнд нь зардаг гэх явган яриа “Сандэй” худалдааны төвийн түрээслэгчийн дунд яригддаг. Олон юм нуршилгүй тус худалдааны төв хэний өмч болохыг цухас өгүүлье.
“Жигүүр гранд”-аар овоглож жирийн биш “жинхэнэ” бизнесмэн гэгдэх Т.Баттөрийг уншигчид андахгүй. Түүний төрсөн дүү болох Т.Бат-Өлзий нь “Сандэй”-гийн босс. Хэдхэн сарын өмнө “Энхтайван найрамдлын ордны өмнөх талбайг хууль бусаар авсан” гэх маргаанд нэр нь холбогдож явсан дээрх эрхмүүд барилгын салбартаа зартай.
Б.Чанцал
Эх сурвалж: Нийгмийн толь

URL:

Сэтгэгдэл бичих