“Сандэй плаза”-д гарсан гал “Нарантуул”-тай холбоогүй гэв

Өнгөрөгч баасан гаригийн орой 22.30 цагийн үед “Сандэй плаза” худалдааны төвд гал гарлаа. Ингэхдээ тус худалдааны төвийн хамгийн дээд талын буюу долдугаар давхрын хоёр цайны газарт гал гарсан байна. Галын нөхцөл байдлын талаар хэргийн газарт ажилласан Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбаатрын хэлснээр тус худалдааны төвийн долоон давхрын цайны газрын хоёр хэсэгт гал гарч, улмаар дээврийн хэсэг рүү орж шатсан ажээ. Харин долоон давхраас доод давхрууд уруу гал, ус, утаа ороогүй учраас ямар нэгэн хохирол учраагүй юм байна. Галыг бүрэн унтраасан бөгөөд уг худалдааны төв одоогоор хэвийн ажиллаж байна.
Ийнхүү томоохон худалдааны төвүүдэд дараалан гал гарсныг иргэд болон түрээслэгчдийн зүгээс нэг шалтгаантай хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байгаа ч албаныхан үүнийг үгүйсгэж байгаа юм. Тухайлбал, “Сандэй плаза”-д гарсан галын талаар бямба гаригт ЦЕГ-аас мэдээлэл хийв.
Ингэхдээ иргэдийн ярьж байгаа шиг гал гарсан шалтгааныг “Нарантуул”-тай холбох нь буруу гэдгийг хэлээд ойролцоох худалдааны төвүүдтэй нь холбоогүйгээр гал гарсан гэдгийг эхний байдлаар тогтоосон гэдгийг хэлсэн юм. Галын дуудлага өгсөн даруйд онцгой байдлын аврагчид ирсэн бөгөөд тэд найман минутын дотор очиж, галыг унтраасан байна. Түүнчлэн хэргийн газарт УМБГ-ын мөрдөн байцаагчид ч мөн ажиллаж, хэргийн газарт үзлэг хийжээ. Одоогоор уг галын шалтгааныг тогтоохоор БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс ажиллаж байгаа аж.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.