Иргэд бэлэн мөнгөө ам.доллараар хадгалуулж эхэллээ

gadaad_hudaldaa_dollar_rise-middleДолоо хоног тутамд 20-40 төгрөгөөр өсч байгаа ам.долларын ханш 1642 төгрөгт хүрээд байна.

Валютын ханш чангарахын хэрээр эдийн засаг дахь таагүй байдал хүрээгээ тэлнэ гэдгийг эдийн засагчид онцолж байгаа. “Ногоон” чангарах хэрээр иргэдийн халаасан дахь хэд нимгэрээд зогсохгүй хадгаламж дахь мөнгөнд нь ч нөлөөлж байгаа аж. Банкууд дахь иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх сараас 0.5 хувь буюу 16 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарчээ.

Үүнийг эдийн засагчид “Валютын ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор иргэд төгрөгийг бус гадаад валютыг хадгалуулах нь илүү ашигтай гэж үзэж байна” хэмээн тайлбарласан.

Харин гадаад валютын хадгаламж өнгөрсөн сард өмнөх сараас 11.5 хувь буюу 126.9 тэрбум төгрөгөөр өссөн байх юм. Ам.долларын ханш хоногтоо тав, арван төгрөгөөр өсөж байгаа энэ өдрүүдэд иргэд банкуудаас ихэвчлэн ямар үйлчилгээг авч байгааг сонирхлоо.

Б.Лхамжав: Үлдсэн мөнгөө ам.долларт шилжүүлэхээр ирсэн

Худалдаа хөгжлийн банкны Урт цагаан дахь салбараар ороод гарахдаа “Төгрөгийн хадгаламжаа ам.долларт шилжүүлмээр байна” гэсэн гурван ч хүнтэй таарлаа. Тэдний нэг болох Сүхбаатар дүүргийн иргэн Б.Лхамжав “Бээжинд сурдаг хүүхдээ явуулахаар хэдэн төгрөгөө юань, ам.доллараар солих гэж ирсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш өсөөд байхаар долоо хоног хэртэй харзнахаар шийдсэн. Гэвч үнэ нь өнөөдөр дахин өсчихөж. Өчигдөр энд ам.долларыг 1622 төгрөгөөр авч байсан бол өнөөдөр 1642-оор авч байна. Энэ байдлаараа ирэх өдрүүдэд ч өсөх юм шиг байна. Хүүхдийнхээ зардал, төлбөрт шаардлагатай мөнгийг юань, ам.доллар болгоод үлдсэн хэдийгээ ам.доллар болгож хадгалуулахаар зогсож байна” хэмээлээ.

Л.Болортуяа: Урьдчилгааны мөнгөө валютын хадгаламж болгоно

Урт цагаан дахь “ Голомт” банкны салбарт мөн л ам.долларын ханшийн өсөлттэй холбоотой иргэдийн яриа өрнөж. Чингэлтэй дүүргийн иргэн Л.Болортуяа лизингээр машин авахаар урьдчилгаанд цуглуулсан дөрвөн сая төгрөгөө ам.долларын хадгаламжинд шилжүүлэхээр иржээ.

Тэрээр тус банкны автомашины зээлийн хүү буурсан тул лизингээр 18 сая төгрөгийн үнэтэй RAV-4 маркын автомашин авахаар мөнгөө цуглуулсан байна. Гэвч ам.долларын ханш өссөн шалтгаанаар авах гэж байсан автомашиных нь үнэ 1.5 сая төгрөгөөр нэмэгдсэн болохоор худалдан авалтаа хойшлуулахаар болжээ.

Э.Өнөр

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих