Камерон Макрей, Ч.Улаан, Д.Ганхуяг гурвын хэн нь худлаа ярив

ganhuyag_macrei_ulaan-middleСангийн сайд Ч.Улаан “Оюутолгой” компани 2012 онд манай улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй гэдгийг хэлсэн.

Харин “Оюутолгой” компанийн удирдлагууд болохоор нэг их наяд төгрөг төлсөн гээд байдаг.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Сангийн яам, “Оюутолгой” хоёр зөрүүтэй мэдээлэл өгөөд байна. “Оюутолгой” яг татварт 125 сая ам.доллар төлсөн гэх. Ингэхэд “Оюутолгой” компани Монголд татварын өртэй юу гэдэгт хариулт олох гээд үзье.

Олон улсын валютын сангийн тооцоогоор Монгол Улс Оюутолгойн нийт ашгийн 71 хүртэлх хувийг төслийн нийт хугацааны туршид татвар, роялти, төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авах ёстой. Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз” компанийн хооронд байгуулсан “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар тус компани Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуульд заасан татваруудыг төлөх үүрэгтэй.

Үүнээсээ зөвхөн долоон төрлийн татварын хувь хэмжээг Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаанд тогтворжуулсан. Харин бусад төрлийн татвар, төлбөрийг, тухайлбал, газар, ус ашигласны төлбөрийг холбогдох хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр төлөх ёстой. Мөн татварын ямар нэгэн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхгүй байхаар гэрээнд тусгасан. Тус компанийн санхүүгийн 2013 оны эхний хагас жилийн тайланд дурьдсанаар нэг их наяд 484 тэрбум төгрөгийн татвар, төлбөрийг Монгол Улсын Засгийн газарт төлсөн хэмээн дурьдсан байна.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг тус компанийн төлсөн татварын талаар “Оюутолгой” компани 2012 онд 280 сая ам.долларын татвар төлсөн гэж ярьсан. Тэрбээр “Энэ асуудлаар би “Оюутолгой” компани болон Сангийн яамнаас тодруулсан. Мэдээлэл нь зөрүүтэй байгаа юм. Яг 2012 онд “Оюутолгой”-н төлсөн татвар 280 сая биш татвараар төлсөн нь 125 сая ам.доллар байгаа. Тэгэхээр 280 сая ам.доллар гэдэг дээр хоорондоо учир зүйгээ олох хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь, “Оюутолгой” компани ажилчдынхаа төлсөн нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварыг, түүнчлэн байгаль орчны нөхөн сэргээлтийн барьцаа гээд 30-40 сая ам.долларыг хүртэл төлсөн татвартаа оруулаад тооцсон байгаа юм. Мөн аж ахуйн нэгжүүд тус компанид бараа үйлчилгээ нийлүүлэхдээ улсад татвар төлдөг. Үүнийг нь бас оруулж тооцсон байсан. Энэ бол “Оюутолгой” талдаа тооцогдох татвар биш. Яг татвараар төлсөн нь 125 сая ам.доллар байна. Тиймээс “Оюутолгой”, Сангийн яам хоёр хамтарч үүнийгээ цэгцлээд нэгдсэн мэдээлэл өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн.

Тэгвэл манай Сангийн яам ч яг үнэндээ “Оюутолгой” татварын өртэй юу, үгүй юу гэдэг дээр тайлбар хийж чадахгүй гэсэн үг үү.

“Оюутолгой” компанийн хувьд Засгийн газарт 250 сая ам.долларыг татварын урьдчилгаа болон зээл хэлбэрээр өгчихсөн учраас манайх татварын өртэй байх ёсгүй гэдэг. “Оюутолгой” компанийн Татварын урьдчилгаа төлбөрийн гэрээнд зааснаар дээрх мөнгөний 150 саяыг нь татварын урьдчилгаа, 100 саяыг нь зээлийн хэлбэрээр өгсөн. Энэ мөнгөө “Оюутолгой” компани 2012 оны наймдугаар сараас эхлэн суутгаж тооцохоор гэрээ байгуулжээ. Гэвч одоог хүртэл “Оюутолгой” компани ганц ч төгрөгийг суутгаагүй байгаа гэнэ. Учир нь Засгийн газраас “Суутгалаа хойшлуулаач, 2014 оноос эхлэн суутгаач” гэдэг хүсэлт тавьсан аж.

“Оюутолгой” компани улсад нэг их наяд төгрөгийн татвар төлсөн хэмээн тайландаа дурьдсан талаар дээр өгүүлсэн. Үүнээс 5,9 тэрбум төгрөгөөр Өмнөговь аймгийн Ханбогд сумыг эрчим хүчинд холбох шугам тавьсан, сумын ундны усны хангамжийг сайжруулахын тулд 1.68 тэрбум төгрөгийн судалгаа хийж, техник сургалтын төв байгуулсан, Даланзадгад хотод уул уурхайн жишиг сургуулийг долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа хэмээн тайлагнаж буй. Гарт баригдаж, нүдэнд харагдахуйц томоохон хөрөнгө зарцуулсан бүтээн байгуулалтуудын зардлууд нь нийлээд бараг л Монгол Улсын төсвийг тэр чигт нь бүрдүүлж болохоор хэмжээнд хүрчээ. Тэдний тайлбарлаж буйгаар.

“Оюутолгой” төсөл эхэлснээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Харин татварын дэглэмээ яаж тогтоох нь Монгол Улсын бие дааж шийдэх төрийн бодлого байх ёстой. Тиймээс ч 68 хувийн гэнэтийн ашгийн татварыг болиулж, шинэ төрлийн татварын орчин бий болгосон. Тэр нь өсөн нэмэгдэх татвар буюу роялти.

“Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Камерон Макрей хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид ирэх жил 125 сая ам.долларыг роялтид төлөх төлөвлөгөөтэй байгаа. Гэтэл Монголын Засгийн газар 400 саяыг төлөхийг шаардаж байгаа. Ингэвэл компанийн бүх чөлөөт мөнгөн урсгалыг аваад явчихна. Роялтиг нэмэх тухай асуудал бол “Оюутолгой”-д л хамааралтай гэдэг. Бид татварын тогтвортой байдлыг хангахын тулд Монголын Засгийн газартай гэрээ байгуулсан. Тиймээс Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан, хамгаалагдсан учраас роялти өсгөх шаардлагыг хүлээж авахгүй” гэдгээ мэдэгдчихээд байгаа юм. “Оюутолгой” компани төслийн ашгийн 71 хувийг монголчууд хүртэнэ гэсэн пиар хийдэг. Гол төлөв татвараар төвлөрүүлж байгаа энэ мөнгөн урсгал нь үнэхээр 71 хувьд хүрч байгаа юу. Хүргэхийн тулд хамтарч ажилладаг компаниудынхаа улсад төлдөг татвар, ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг хүртэл оруулсан байдаг. Үүнийг Камерон Макрей “Энэ 71 хувьд ашгийн татвар, роялти, бусад татварууд, дээр нь 34 хувьдаа ногдох ногдол ашиг багтана. Монголын Засгийн газар 34 хувийг эзэмшиж байгаа мөртлөө нийт мөнгөн урсгалын 71 хувийг хүртэж байгаа. Энэ бол төслөөс Монголын талын шууд хүртэх ашиг. Ажилчдын цалингаас төлж буй хувь хүний орлогын албан татвар, нэмүү өртгийн албан татвар, ханган нийлүүлэгчид, үйлчилгээний компаниудын орлогыг огт тооцоогүй. Энэ бол бидний биш Олон улсын валютын сангийн гаргасан тооцоо. Хэрвээ бидэнтэй хамтран ажилладаг бусад бизнес, хувь хүний орлогын албан татвар зэргийг нэмэх юм бол 71-ээс хавьгүй өндөр тоо гарна. Хэрвээ тооцоог бид өөрсдөө гаргасан бол илүү их шүүмжлүүлэх учраас ОУВС-ийн загварыг ашигласан” хэмээн тайлбарлаж буй.

“Оюутолгой” компани Монгол Улсад татварын өртэй юу. Энэ асуултад тийм, эсвэл үгүй гэж хэлэх албан тушаалтан, сайд дарга олдохгүй байгаагийн учир нь дээрх тайлбараар амаа таглуулсных биз ээ. Нэг үгээр хэлбэл, “Гэрээ бол гэрээ. Бид гэрээнийхээ дагуу л үүргээ биелүүлж байна. Харин ч Засгийн газрын гуйлтыг харж үзээд зээлүүлсэн мөнгөө нэхэхгүй байгаа шүү” гэсэн тайлбарт хариу өгч чадахгүй байна гэсэн үг.

Дээр нь 2011 онд л гэхэд Татварын ерөнхий газраас оны хамгийн өндөр татвар төлсөн зургаан аж ахуйн нэгжийн нэгээр “Оюутолгой”-г шалгаруулчихсан байдаг. 2012 онд 33.3 сая ам.долларын татвар, төлбөрийг Татварын ерөнхий газарт, 94.6 сая ам.долларыг Өмнөговь аймгийн татвар, гаальд, 122.5 сая ам.долларын НӨАТ-ыг ханган нийлүүлэгчээр дамжуулан, 29.7 сая ам.долларыг нийгмийн даатгал болон бусад төлбөр, хураамжид төлсөн хэмээн жилийнхээ санхүүгийн тайланд дурьджээ.

Харин Монголын тал энэ тайлбарт хариу цохилт өгчихөж чадахгүй сууна. Албаны хүмүүс нь ч нэгдсэн нэг ойлголтгүй, өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, бусдад өгөөш болоод байгаа юм биш үү. Уг нь Засгийн газрын гишүүд нь нэгдсэн нэг байр суурьтай, бодлоготой байх ёстой.

Сангийн сайд Ч.Улаан “Монгол Улс 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг зээлээр авч ашигласан. Буцаан төлөх асуудал хугацаа алдаж байна. Татварын орлогоос суутган төлөх байсан ч энэ ажил хийгдэхгүй байна. Жилд хэдий хэмжээний зээлийг суутган тооцох вэ гэдгийг гэрээнд тусгаагүй. Жил бүр төлөх суутгалыг талууд тохиролцож, Сангийн яам баталгаажуулж хэрэгжүүлнэ гэж заасан” гэхээс өөрийг тайлбарлаж чадахгүй байна. Суутгаж авах нь бүү хэл 2014 он хүртэл битгий суутгал аваач гэсэн хүсэлтийг Монголын Засгийн газар тавьсан гэдгийг “Оюутолгой”-н удирдлагууд хэлсэн болохоор хэлэх үггүй болчихоод байгаа бололтой юм.

“Оюутолгой” компани нийт ажилтнуудынхаа 41 хувийнх нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөггүй гэсэн мэдээлэл тараад байгаа. Гэтэл зөвхөн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гэхэд тус компани сар болгон 2,7 тэрбум төгрөгийн шимтгэл төлдөг. Одоогоор ямар ч татварын шимтгэлийн өр байхгүй. Нийтдээ 3000 гаруй хүний нийгмийн даатгалын шимтгэл тооцогддог гэж байна. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ч зарим ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг гэнэ. “Оюутолгой” компани ажилтнуудаа хөдөлмөрийн гэрээтэй, иргэний гэрээтэй ажиллуулдаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа хүмүүсийнхээ нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байх ямар ч үндэслэл байхгүй гэсэн тайлбарыг өгч байна. Нийтдээ 8000 гаруй ажилтантай гэдэг ч хөлсөөр ажил гүйцэтгэх иргэний гэрээ байгуулсан ханган нийлүүлэгчид, гэрээт ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх журам байхгүй гэнэ. Цаанаа ажилтай төрөлтэй хүмүүстэй хөлс мөнгийг нь тохироод ажил гүйцэтгүүлж байгаа хүмүүсийн даатгалыг төлөх ёсгүй гэж тайлбарлаж байна.

Эцэст нь улсад татвар төлдөггүй, ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөггүй гэх ярианууд гарах болсон шалтгаан нь манай талынхны үл ойлголцлоос болж гардаг уу, аль эсвэл “Оюутолгой” компанид байна уу гэдгийг яг таг тодорхойлчих хүн алга аа.

Б.Оюунгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих