Монголын толгой хөрөнгөтнүүдийн баяжсан түүхээс (4-р хэсэг)

“Петровис”-ын Ж.Оюунгэрэл

Монголын толгой баячуудын жагсаалтад “Эрдэнэт” үйлдвэрийн “эзэн” Ш.Отгонбилэгийн эхнэр УИХ-ын гишүүн асан Д.Туяа дээгүүрт бичигддэг байсан нь түүх болох нь ээ. Д.Туяад Шо-гоос үлдсэн 100 сая ам доллар байдаг. Гэтэл энэ хатагтайн өмнүүр “Энержи ресурс” консерциумд нэгдсэн “Петровис”-ын Ж.Оюунгэрэл гишгэх болжээ.

Ж.Оюунгэрэл Монголын нефтийн урсгалын гол судсыг барьж байсан “НИК” компаниас баяжих замаа зассан хатагтай. Монголд шатах, тослох материалын үнэ тэнгэрт хадаж, импортлогч компаниудын өрсөлдөөн ч ид нэмэгдэж байх үед “Петровис” компанийг байгуулж амжилттай ажиллаж эхэлсэн. Түүнийг Н.Багабандийн хүн гэдгээр улс төрийнхөн харж байлаа. Тэр ч үүднээсээ Н.Багабандийг Монгол улсын Ерөнхийлөгч байх үед энэ хатагтайн бизнес илт цэцгэлж “Капитрон” банкийг хөл дээр нь босгосон нь хэр том бодолтой бизнес эмэгтэй болох нь нотлогдсон билээ. Мэдээж “Петровис” компани “НИК”-ийг хувьчилж авсан нь түүний хөрөнгийг хэд дахин өсгөсөн гэдэг. Тэрээр “НИК”-ийг авах гэж 8 сая ам.долларыг ТӨХ-нд шууд шилжүүлж байсан гээд бодохоор ямар хөрөнгөтэй байсан нь ойлгогдож байна. “НИК”-ийг хувьчилсны дараа “Петровис” Монголын нефтийн зах зээлийг бараг дангаар эзэмших болсон юм. Тэр хэрээр Ж.Оюунгэрэлийн хөдөлмөр асар их мөнгөөр хэмжигдэж байв. Хүүхнүүдийн дунд ч гэсэн Ж.Оюунгэрэлийн юу өмсөж зүүсэн нь сонирхол татаж эхэлсэн гэдэг.

Тэрээр “Энержи ресурс” консерциумд нэгдсэнээр баячуудын дундаас тасрах үүд нь нээгдсэн юм. “Энержи ресурс” дотроо Ж.Оджаргалийн дараа орох хувь эзэмшиж байгаа нь түүний хөрөнгө хэрхэн тэлснийг илтгэнэ. Гадаадын хөрөнгийн биржээс хөрөнгө оруулалтын мөнгө босгох амаргүй ажлыг “Энержи ресурс”-ынхан хийж чадсан. Зөвхөн Хонгконгийн хөрөнгийн бирж дээрээс 900 сая ам.доллар босгосон нь дэд бүтцээ байгуулаад “Ухаа худаг”-ийн хэсгийг ашиглахад хангалттай гэж мэргэжлийнхэн үзэж байгаа юм билээ. Мэдээж тэндээс гарах цэвэр ашгийн тодорхой хувь Ж.Оюунгэрэл хатагтайн хэтэвчинд үлдэх нь дамжиггүй. Тэгэхээр Ж.Оюунгэрэл Монголын толгой баячуудын тоонд орох байх нь дамжиггүй ээ.

yanaamn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.