Монгол, Францын засгийн газар хоорондын ажлын хэсгийн хуралдаан болов

Монгол, Францын засгийн газар хоорондын ажлын хэсгийн хуралдаан болов

Хамтын ажиллагааны Монгол, Францын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн анхдугаар хуралдаан энэ сарын 2-нд БНФУ-ын нийслэл Парис хотноо амжилттай боллоо.

Ажлын хэсгийн Монголын хэсгийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан, Францын хэсгийг Хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжил, эрчим хүчний яамны Эрчим хүч, цаг уурын өөрчлөлтийн газрын захирал Лоран Мишэль нар тэргүүлж оролцов.

Анхдугаар хуралдааны үеэр талууд Монгол, Францын Засгийн газар хооронд зөвлөлдөх механизмыг дахин сэргээсэнд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэхийн сацуу хоёр талын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Монгол Улсын 5 дугаар цахилгаан станцыг барих сонгон шалгаруулалтанд Франц Улсын “ЖДФ Суэз” компанийн оролцоотой консорциум ялж, Монгол Улсын Засгийн газартай “Хамтын ажиллагааны Санамж бичиг” байгуулсанд талууд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.

Францын тал сэргээгдэх эрчим хүч, түүний дотор цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах талаар Монголын талтай хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхлоо илэрхийллээ.
Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарт хөгжүүлэх өргөн боломж байгааг талууд онцлон тэмдэглэж, хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжлийн салбарт Монгол Улсын хөрсний бохирдолтой тэмцэх, ойжуулалт, усны менежментийн чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтойг Монголын тал тэмдэглэлээ.

Түүнчлэн, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан, Францын ГХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Пьер Сэллал, Францын Хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжил, эрчим хүчний сайд Филип Мартины ажлын албаны дарга ноён Жиль Риконо нартай мөн өдөр тус тус уулзав.

Уулзалтын үеэр өндөр, дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Мөн Монгол, Францын худалдааны эргэлт болон Монгол дахь Францын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны хүрээг тэлэх сонирхолтой байгаагаа талууд илэрхийлэв. Хоёр улсын хөдөө, аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Францын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа талууд харилцан мэдэгдлээ гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих