С.Сэрчмаа: Намайг зовж явна, уйлж сууна гэсэн яриа хэнийг баярлуулах гээд байгаа юм бэ

Өвөрмонголын баян бизнесмэнтэй гэрлэж, үрийн зулай үнэрлэсэн дуучин С.Сэрчмаагийн талаар сүүлийн үед янз бүрийн мэдээлэл сонсогдох болсон. “Улаан хадны” гэх Баярттай дэр нэгтгэсэн тэрбээр Өвөрмонголын алдартай театрт тоглолтоо хийж, урлагийн сургууль байгуулан, нөхрөөсөө 150 саяын үнэтэй “Range Rover” машин бэлгэнд авч, ээж аавыгаа Бээжингийн томоохон эмнэлэгт эмчлүүлээд их л аз жаргалтай байсан. Төрөх эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа ч нөхрийнхөө гараас атгаж, баяр жаргалаа хамт мэдэрсэн тухайгаа илэн далангүй ярьсан дуучин бүсгүй сүүлийн үед сураг алдарсан нь үнэн. Гэтэл сүүлийн үед чинээлэг нөхөр нь гэнэт зангаа хувиргаж, Хураа хэмээн нэрийдсэн нялх охиноо тэврээд явчихсан гэх яриа олны чихийг дэлдийлгэж эхэллээ. Олны яриагаар бол, хүний нутагт ганцаардаж шаналсан С.Сэрчмаа ч хаана, хэнд хандахаа мэдэхгүй уймарч, хэрэндээ л тэвчээр заан тэднийгээ хүлээж суугаа юм байх. Тухайн улсын хуулийн дагуу охиноо эцэгт нь үлдээх ёстой гэдгийг мэдээд олигтойхон ч шийдвэр гаргаж чадахгүй, үрийнхээ үнэрийг санагалзан уйлж дуулсан түүнийг ар гэрийнхэн нь ятгаад ч авчирч дийлээгүй юм гэх. Энэ мэт сэтгэл эмзэглэм мэдээллийн талаар дуучин С.Сэрчмаатай онлайнаар холбогдож лавлахад:

-Эзгүйд минь элдэв яриа гаргаж байгаа хүмүүст их гомдож байна. Хэдийгээр худлаа гэдэг нь тодорхой ч, иймэрхүү гүтгэлэг ээж аав болон найз нөхдийн минь сэтгэлийг зовооно шүү дээ. Би нөхрөөсөө салаагүй, охин минь дэргэд байна. Намайг зовж явна, уйлж сууна гэсэн яриа хэнийг баярлуулах гээд байгаа юм бэ. Өөрийнхөө амьдралыг өөрөө л босгосон болохоор энэ бүхэн хэнд ч хамаагүй. Хэн дуртай нь ингэж санаанд орсон зүйлээ бичиж байгаа нь үнэхээр харамсалтай юм. Одоогийн байдлаар, өөрийнхөө тухай ямар нэгэн мэдээлэл өгмөөргүй байна. Гэр бүлийн минь амьдрал хэвийн, аз жаргалтай байгаа гэж бардам хэлье хэмээсэн юм. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй дуучин С.Сэрчмаагийн талаархи элдвийн яриа ор үндэсгүй гэдэг нь батлагдлаа. Сар шинийн баяраар эх орондоо ирээд чимээгүйхэн байж байгаад буцсан түүнийг ийнхүү гэр бүлээс нь “салгаж, нийлүүлэх” болсон нь ямар учиртай юм бол. Юутай ч, дуучин бүсгүй одоо урлагийн сургуулийнхаа үйл ажиллагаанд анхаарал тавихын сацуу поп дууны цомог гаргахаар бэлтгэж байгаа юм билээ.

Р.ЕСҮЙ 


URL:

Сэтгэгдэл бичих