Хөтөлийн “Цемент шохой” компанийн даргыг хорьсон нь зарим улстөрчдөд өгсөн сануулга гэв үү

32_226fcf100b7e363d6da90cbcb27f78d5a2ef7451Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн захирал А.Шоовдорыг АТГ-ынхан саатуулаад яг хоёр долоо хонож байна. Төрийн өмчит компанийг толгойлж байхдаа өчнөөн төгрөг халааслаж, тэрбумтан болсон гэх түүнийг ажилчид нь АТГ-т матсанаар шалгаж эхэлсэн гэх. Ажилчдынхаа 13 дугаар сарын цалинг өгөхгүй луу унжсан, уулын кабель хулгайлан зарж хэтэвчээ дүүргэсэн, албан тушаалаа ашиглан өөрийн гэсэн хүмүүсээ албаны захирлаар томилсон, ажилчдынхаа утасны төлбөрийг цалин дээрээс нь суутгадаг ч утас нь хаагддаг, нийгмийн даатгалыг нь төлдөггүй гэх зэрэг мөнгө санхүүтэй холбоотой томоохон луйварт холбогдоод буй түүнийг цааш нь ухаж төнхөөд шалгавал өчнөөн зүйл гарна гэдгийг хуулийнхан хэлж байна. Тэгвэл энэ асуудлын эргэн тойронд арай өөр өнгөтэй бас нэг мэдээлэл төрийн ордноос хөвөрч буй нь А.Шоовдор улстөрчдийн хоорондын золиос боллоо гэх яриа юм.

   Албан тушаал, эрх мэдэл, ашиг сонирхлын төлөө өөр намынх байтугай өөрийнхөө хэдээр тахил өргөчихдөг жишиг улстөрчдөд бий. Тэгвэл ийм улстөрчдийн ээлжит тахилын хүнээр нь Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэрийн захирал А.Шоовдор тодорлоо гэх яриа. Зарим улстөрчийн өгүүлснээр А.Шоовдор нь Сэлэнгийн угсааны улстөрчдийн хэтэвч нь бөгөөд тодруулбал, УИХ- ын гишүүн С.Баярцогт болоод хотын дарга Э.Бат-Үүлтэй тун ойрын хүн юм гэнэ. Иймээс л А.Шоовдор дээрх эрхмүүдийн золионы хүн болсон байх магадлал өндөр бөгөөд чухам хэнд нь сануулга өгөх үүднээс хуулийн байгууллагынхан мань хүнийг барьж хорив гэдэг асуулт анхаарал татаж байна. Зарим эх сурвалжийн өгүүлснээр Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэрийн захирлыг гэнэт барьж хорьсон нь нэг үе АН-ын нүүр царай болж байсан С.Баярцогтод өгч буй анхааруулга гэх. Тодруулбал, мань хүнийг барьж хорьсон нь С.Баярцогтыг улс төрөөс чимээгүйхэн зайгаа тавьж өгөхийг сануулсан дохио гэдгийг хэлэх нэгэн байгаа юм. Гэвч мань хүний хэний дургүйг хүргэсэн болоод ийм сануулга авах дээрээ тулав гэдэг нь учир битүүлэг байна.

    Гэхдээ энэ тухай зарим нэг мэдээлэл байгаа нь С.Баярцогтын улс төрөөс зайлуулах гэсэн хүмүүс А.Шоовдороор барьцаалж мань хүнийг шахаж эхэллээ гэх яриа. Хэдийгээр энэ мэдээллийг түүнтэй хамт энэ тогоонд чанагддаг зарим улстөрч батлаж буй ч өөр нэг хэсэг нь арай ч үгүй байлгүй хэмээн үгүйсгэж байна. Гэхдээ С.Баярцогтын тухай үнэн гэвэл түүний нэр дээрх нууц дансаас үүдэн нам дотор нь хөөрхөн асуудал үүсч тэрбээр УИХ-ын дэд даргын суудлаас буусан, мөн АТГ шалгаж эхэлсэн гэх баримт. Бас үүнтэй холбоотойгоор Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав мань хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг өнгөрсөн долдугаар сарын эхээр УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн ч одоо болтол албан ёсны хариу өгөөгүй байгаа юм гэсэн.

    Иймээс УЕП ууртай байгаа гэсэн мэдээлэл хөвөрч буй. Д.Дорлигжавын хувьд Ерөнхийлөгчийн итгэлт хүн. Иймээс Ерөнхийлөгчийн даалгавар явсаар А.Шоовдор гэдэг хүн дээр буусан юм биш байгаа гэсэн бас нэг яриа ам дамжиж буй бөгөөд учир нь “С.Баярцогтын нууц данс гээчийг илрүүлэх ажлын нууц эзэн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан” гэсэн ховыг улс төрийн хүрээнийхэн ярьдаг юм. Гэхдээ ямар шалтгаан байгаа болоод Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Баярцогтыг улс төрөөс арчихаар шийдсэн нь олонд тийм ч тодорхой бус. Үнэн гэвэл Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциумынхан С.Баярцогттой холбоотой асуудлыг олонд ил гаргасан нь баттай юм.

   Түүнчлэн А.Шоовдорын Э.Бат-Үүлтэй 2000 оноос эхлэн түншилж эхэлсэн гэх юм билээ. Гэхдээ энэ удаагийн баривчилгаа Хотын даргатай холбоотой бус гэх бас нэг шуум гараад байгаа бөгөөд хэрэг удааширч цааш задарвал яаж ч мэдэх юм гэсэн. Учир нь тэд бизнесийн түнш, цемент гэдэг барилгын гол түүхий эд. Э.Бат- Үүл барилгын бизнестэй. Энэ ч утгаараа мань хүн А.Шоовдортой ойрхон түншилж эхэлсэн гэх бөгөөд АТГ-ынхан Хөтөлийн “Цемент шохой”- н үйлдвэрийн даргыг өөд нь гаргахгүй шалгаад эхэлбэл хөлдөө С.Баярцогтыг ч, Э.Бат-Үүлийг чирч Сэлэнгийн гаралтай улстөрчдийн хувь заяа бүрхэг болно гэцгээж байна.

Л.ОЮУ


URL:

Сэтгэгдэл бичих