”Оюутолгой”-н ТУЗ-н гишүүдэд эрх баригчдын бодлого таалагдсангүй юу

“Шинэчлэгчид” гадаадын хөрөнгө оруулалттай том жижиг олон төсөл царцаасны улмаас “модоо барих”- даа тулаад буй. Бондын хэдэн төгрөг л амийг нь таслачихгүй авч явна. Тиймээс жил хүрэхгүйн хугацаанд гаднын хөрөнгө оруулалтыг 50 шахам хувиар бууруулж чадсан гайхалтай эрх баригчид бол Н.Алтанхуягийн Засгийн газрынхан. Тиймээс эрх баригчид гаднын хөрөнгө оруулагчдад эргээд тал засах хандлага ч ажиглагдах болов. Хөөж явуулчихаад эргээд гуйх ч шаварт унана л гэсэн үг. Одоо яая гэхэв. Эдгээр царцааж хөлдөөсөн төслүүд ч дүүрсэн хэрэг. Хоёр толгойн асуудал хүндхэн байна. Өдийд, эрх баригчдын анхлан ярьж байснаар Оюутолгойн зэсийн баяжмал болон бусад дагалдах бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл дээр гарч, Торонто, Гонконгийн бирж дээр хувьцааных нь үнэ тэнгэрт хадаж байх ёстой. Гэтэл энэ бүгд эсрэгээрээ явж байгаа нь “шинэчлэгчид”-ийг хөдөлгөөнд оруулаад буй. Тиймээс “шинэчлэгчид” Оюутолгойн хөрөнгө оруулалтын асуудлыг яаралтай шийдэх үүргийг Уул уурхайн яаманд өгсөн аж. Үүний дагуу Оюутолгойн ТУЗ- ийн Монголын талын гишүүдийг солих зүй ёсны шаардлага тулгарч таарна. Одоогийн байдлаар ТУЗ- ийн бүрэлдэхүүнд Монголын талаас Да.Ганболд, Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу нарын хүмүүсийг сонгоод буй. Харин одоо Монголын талаас нэмж хоёр хүнийг сонгох учиртай. Манай эрх баригчдын явуулж байгаа бодлого, гадаад харилцаа хаашихнаа явж байгааг Оюутолгой компанийн удирдлагуудын халаа сэлгээнээс харж болно. “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдваанчиг чухам юуны учир ажлаа өгөв. Хэвлэлээр мэдээлж байгаагаар бол “Рио Тинто”-д далд уурхайн хөрөнгө оруулалтын талаар захидал илгээсэн нь албан тушаалаа өгөх шалтгаан болсон гэжээ. Үнэн хэрэгтээ Ц.Сэдваанчиг эрх баригчдын эсрэг бодлого явуулсан учраас л ажлаа өгөх болсон гэдгийг эх сурвалжууд нэгэн дуугаар зөвшөөрч байгаа. Нөгөө талаар УИХ-ын гишүүд, зарим эдийн засагчид “Ц.Сэдваанчиг шударга хүн учраас ажлаа өгөх болсон” гэж байгаа бол нөгөө нэг хэсэг нь “Түүнд өөрийнхөөрөө ажиллах гэхээр шахалт ирсэн” хэмээж ч байгаа. Юутай ч Ц.Сэдваанчигийн хувьд эрүүл мэндийн байдал, ар гэрийн гэсэн шалтгаанаар энэ ажлыг орхиогүй нь тодорхой. Тэрчлэн “Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж байсан П.Цагаан, Ч.Ганболд нар өөрсдөө өргөдлөө гаргаж огцорсон. Гэнэт л өөрсдөө өргөдлөө гаргаад ажлаа өгөхөөр хэнд ч хар төрнө. Тэр тусмаа удирдлагын бүрэлдэхүүн бараг тэр чигээрээ өргөдлөө өгч, ажлаасаа гарах болсон нь цаанаа томоохон улстөр агуулж байгаагийн шинж. Баттай бус эх сурвалжийн хэлж байгаагаар бол эрх баригчид өөрсдийнхөө үгэнд орох хүмүүсийг “Оюутолгой” компанийн ТУЗ-д оруулахын тулд хуучин гишүүдийг шахсан гэх. Магадгүй юм. Гэхдээ өөр эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол ТУЗ-ийн гишүүдэд эрх баригчдын явуулж байгаа бодлого таалагдахгүйн зэрэгцээ дарамт шахалт их болсныг ч дурдана билээ. Энэ ч үнэний ортой болов уу. “Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж байгаа гишүүд эх орон, ард түмнийхээ төлөө хяналт тавих гэхээр эрх баригчид хэт гаднын эрх ашигт дөрлүүлээд байвал зөрчил үүсэхээс өөр аргагүй. Эрх баригчдад гадныханд дөрлүүлэх хангалттай “но” бий. Учир манай эрх баригчдын орж гарсан алдаатай шийдвэрүүд нь гаднын хөрөнгө оруулагчдыг нүүр буруулахад хүргэсэн. Үүний зэрэгцээ хэсэг эх оронч түшээд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эрс эсэргүүцдэг нь ч энэ аварга ордын ажлыг чөдөрлөхөд нэмэр болсон. Тэр ч бүү хэл Уул уурхайн сайд нь хүртэл хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх байр сууриа удаа дараа илэрхийлж байсан нэгэн. Энэ мэт хүчин зүйлсээс үүдэн хөрөнгийн бирж дээрх Оюутолгойн хувьцааны үнэ доошилж, орд газрын ажил гацаанд орсон. Тэгэхээр эрхр баригчдын хувьд тэднийг шууд утгаараа гуйдаггүй юм гэхэд, бууж өгөх хэмжээнд очсон нь лавтай. Эрх баригчид Оюутолгойн ажил яагаад гацсан хийгээд удирдлагын бүрэлдэхүүнийг шинэчлэх тухайд ийн тайлбар хийж байгаа. Эрх баригчдын ярьж байгаагаар бол “Оюутолгой” компанийн анхны хөрөнгө оруулалтын зардал өссөн, “Оюутолгой” компанийн зүгээс хөрөнгө оруулалтын гэрээг батлах гэж хугацаа алдсанаас барилгын ажил хойшилж эхэлсэн, Засгийн газарт өгөх татвар нэмэгдсэн, Хятадаас эрчим хүч авах асуудал хойшилсон, дэлхийн санхүүгийн хямралаас болж салбарын зардал өссөн гэх зэрэг олон шалтгаан тоочиж болно. Харин “Оюутолгой” компанийн зүгээс энэ бүгд биднээс болоогүй гэх тайлбар хүргүүлж буй. Түүнчлэн “Оюутолгой”-н зүгээс нийт өссөн хөрөнгө оруулалтын хоёр хувь нь нийгмийн хариуцлагын хөрөнгө оруулалтын зардал, таван хувь нь үйл ажиллагааны цар хүрээ, таван хувь нь батлагдсан барилгын ажилд шаардлагатай ажиллах хүч, материалыг доогуур тооцсон, далд уурхайн цар хүрээ нэмэгдсэн зэрэг шалтаг тоочиж байгаа юм. Энэ бүх тайлангаа “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Засгийн газарт ч хүргүүлж байсан. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалтын асуудлаар мэдээлэл хийхдээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардал анхныхаасаа хоёр тэрбум ам.доллараар нэмэгдэж 7,1 тэрбум ам.долларт хүрснийг дуулгаж байсныг уншигч та санаж байгаа байх. Гэхдээ Ерөнхий сайд “Оюутолгойн зардал өссөн нь Монголын Засгийн газар холбогдох зөвшөөрөл, тооцоо судалгааг гаргаж өгөөгүйгээс болсон байх магадлалтай” хэмээн бөөрөнхийдүү тайлбар өгч суусан. Өөрөөр хэлбэл, энэ бүгдэд Н.Алтанхуяг өөрөө буруутай ч юм шиг тайлбар хийсэн нь өдгөө хэвлэлийн хуудаснаа буй. Харин хөрөнгө оруулалтын гэрээг анхнаасаа эсэргүүцдэг байсан Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Ямар шалтгаанаар зардал өссөнийг “Оюутолгой” ХХК-ийн удирдлагын зүгээс тодорхой болгоогүй байгаа” гэсэн зөрүүтэй хариуг өгч байв. “Оюутолгой компанийн удирдлагууд Монгол Улсын Засгийн газрыг тоосонгүй” хэмээн өчиж байлаа. Эндээс харахад Ерөнхий сайд, Уул уурхайн сайд хоёр маань өөр өөр байр суурийг илэрхийлэхийн зэрэгцээ энэ тухайд нэгдсэн байр суурь байхгүй гэдгээ харуулсан. Энэ мэт эргэлзээтэй асуудлыг Монголын талаас шийдэх учиртай хүмүүс нь өдгөө ТУЗ-д морилоод байгаа нөхдүүд. Хамгийн гол асуудал нь шинээр томилогдож байгаа ТУЗ-ийн гишүүд өөрсдийнхөөрөө, Монгол Улсын эрх ашигт нийцэж ажиллаж чадах уу. Эс бол эрх баригчдын үгийг хууль мэт дагах уу гээд олон асуудал ургах нь дамжиггүй.
С.БАЯР

URL:

Сэтгэгдэл бичих