Хааяа ч гэсэн та нар тэргүүнээ нэг хайрлаач..

Монгол Улсад валют орж ирэх нь эрс багасч, харин гарах урсгал нь их байгаа энэ үед ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг гаднаас PR-чид “импортлохын” хэрэг байв уу, үгүй юу. Айлаас ирэхээр авдараа уудал гэсэн эртний мэргэдийн сайхан үг бий шүү дээ.
Дэргэд чинь мундаг PR-чин байхад бусдын тогоо руу өнгийж, ховордож ядаж байгаа долларыг минь үрэн таран хийхгүй байсан нь дээр байж. Өөрсдөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ л гээд байсан яасан.
Үндэсний PR-чингаа ч мөн дэмжих л хэрэгтэй шүү дээ. Дотоод нөөц бололцоогоо ашиглаж чадвал гадагш гарах их долларын тал нь ч болтугай үлдэх гээд байна шүү дээ.
Шинэчлэлийн засгийн газрын Тэргүүн Н.Алтанхуяг ер нь өөрийгөө гаргууд сайн PR-чин гэдгээ батлаад байгаа. Юм бүхнийг хүмүүст сайхнаар бодуулж чадаж байна. Хийсэн ажлаа танилцуулахдаа гаргууд сайн.
Түүнчлэн ойр ойрхон олон нийтэд нээлттэй мэдээлэл хийх үеэрээ PR-ынхаа ажлыг гаргууд сайн хийж байгаа шүү дээ.  Тухайлбал Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, арван жилийн сурагчдын хувцасыг хийлгэж, түүнийгээ олон нийтэд таашаалд нь нийцтэл тайлбарлаж, одоо нам гүм боллоо.
Энэ түүний ам хуурайгүй ярьсаны л хүч, мөн сүүлдээ загвар хүртэл үзүүлээд, материалыг нь хүртэл имэрч үзэж рекламдсаны ач буян шүү дээ. Түүнчлэн засгийн газрын бүх сайд нараа цээжээрээ хамгаалж, болохгүй болгоныг нь бусдад нялзаах гэж муу муухай үг бүхнийг өөртөө нааж яваа амьтан.
Хааяа ч гэсэн та нар тэргүүнээ нэг хайрлаач
Суудлаас нь буухаас өмнө Ерөнхий сайд гэж хүндэтгэ ээ
Засгийн тэргүүн чинь үгүй бол засгийн газар чинь эзгүйрнэ
Н.Алтанхуяг чинь үгүй бол PR чинь орхигдоно оо
Тийм болохоор түүнийг хааяа ч гэсэн хайрла аа. Тэр зөвхөн засгийн газрын тэргүүн  биш ээ. АН-ын дарга хүн тэр чинь. Засгийн гишүүдээ хамгаалахаас гадна өөрийн намын нөхдийг ч хамгаалах үүрэг түүнд бий. Тиймдээ ч одоо Засаг дарга нарыг эхнээс нь магтаж, PR-ийг нь хийж эхлээд байгаа гэдгийг сана.
АН-ын дарга, Засгийн газрын тэргүүн, PR-чин тэрээр засаг дарга нарыг рекламдах ажлаа Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсууриас эхэлжээ. Саяхан аймгийн засаг дарга нартай цахим уулзалт хийхдээ “Та нар Ж.Батсуурь шиг хөдөлмөрч байл даа.
Сүхбаатар аймгийг ямар сайхан болгов. Харахгүй байна уу. Дуурайж чадахгүй юм гэхэд түүнийг гуйж гувшаад ч болтугай аймгаа хөгжүүлсэн саналыг нь ав. Болохгүй бол Ж.Батсуурийн ажлыг хөнгөвчилж аймгаар явуулж лекц уншуулдаг юм уу, хаашаа юм” хэмээн нэгийнх нь эерэг PR-ыг хийж, бусдынх нь сөрөг PR-ыг хийв.
Нэг сумаар хэдэн ч туулай буудаж чадах, эерэг сөрөг PR-ыг нэг дор хэдхэн секундын дотор хийж чадахаа харуулсан юм Ерөнхий сайд. Тийм болохоор ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаасаа зөвлөгөө авч, PR-аа хийлгэж, ховордоод байгаа ногооныг минь эх оронд нь үлдээвэл яасан юм бэ…
Н.Чинзориг
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.