Англи хэсгээ тэргүүлж эхэллээ

Англи хэсгээ тэргүүлж эхэллээ

Хөлбөмбөгийн эх орон Бразилд ирэх жил хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Тэгвэл дэлхийн аваргын эрхээ авахын төлөөх урьдчилсан шатны тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо.

Гэхдээ Европын бүсэд хамгийн их тоглолт болсон. Зургаан тойргийн дараах байдлаар 12 оноотой Н хэсэгт Черногорийн араас хоёрдугаар байрт бичигдэж байсан Английн шигшээ баг долдугаар тойрогт талбай дээрээ Молдавын шигшээ багийг хүлээж авч, 4:0-ээр бутниргилээ. Английн шигшээ багийн довтолгооны шугамд Данни Уэлбек, Рики Ламберт гарсан.

Тэд ч үүргээ сайн биелүүлж, 45, 51 дэх минутад Уэлбек довтолгооны хамтрагч Ламбертын дамжуулалтаар оруулсан. Харин Ламберт 27 дахь минутад өөрөө гоолдсон.

Англичууд Молдавын багийн торгуулийн талбайг тойрч зогсч байгаад бөмбөгдсөн нь явж явж гоолоор төгссөн. Тео Уолкетын цохисон бөмбөгийг хаалгач хаасан. Гэвч ойж гарч ирсэн бөмбөгийг Ламберт мөргөж нэмсэнээр шигшээ баг дахь гоолынхоо тоог нэмэв.


Харин тоглолтын гоолын салхийг 12 дахь минутад Стевен Жерард хагас хамгаалалтын анд Лампардын дамжуулалтаар 16-гийн шугамын гаднаас хөнгөхөн цохиж гоолдсоноор эхлүүлсэн. Ийнхүү Английн шигшээ долоон тойргийн дараах байдлаар 15 оноотой хэсгийг тэргүүлж эхэллээ. Тэдний ард  Черногорын шигшээ баг адил оноотой бичигдэж байна. Гэхдээ тэд нэг тоглолтын илүү байгаа.

Өнгөрсөн шөнө Черногорын шигшээ Полштой 1:1-ээр тэнцсэнээр оноо алдаж, тэргүүн байраа алдсан. Харин Украйны шигшээ баг талбай дээрээ Сан-Мариногийн шигшээг 9:0-ээр бутниргэснээр гуравдугаар байр руу үсэрч орж ирлээ.

Тоглолтын 11 дэх минутад   Девич гоолдож, салхи хагалсан. Түүнээс хойш 26 дахь минутад  Селезнев, 32 дахь минутад Эдмар, эхний үеийн үндсэн цаг дуусах мөчид  Хачериди нэгийг нэмэв. Ийн эхний үед л Украйнчууд өрсөлдөгчөө 4:0-ээр “буталсан”. Харин хоёрдугаар хагаст гоолын “бороо” бүр ч ширүүсэв.

50 дахь минутад  Коноплянка, 54 дэх минутад Хачериди, 63-т Безус, 74 дэх минутад Федецкий, төгсгөлд нь  Ракицкий нэгийг хийснээр үр дүн 9:0-ээр дууссан.  Харин Сан-Мариногийн шигшээ баг долоон тойргийн дараах байдлаар нэг ч хожил авалгүй, хомоол хамж байна.

Н.Пунцагболд /www.mminfo.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих