Ерөнхий сайд аа, улайхгүй худал ярих аа одоо зогсооё

 

Долларын огцом өсөлт, мөнгөний огцом уналт ард түмний амьдралд хүндээр тусч эхэллээ. Харин төр засгийн зүгээс дорвитой зүйл хийхийн оронд  дорвитой тайлбар хийсээр өдий хүрч байна. Ерөнхий сайд нь ч, УИХ-ын тэргүүн нь ч эдийн засаг хямраагүй зүгээр л хүндэрч байгаа юм. Нээх үхлээ хатлаа хэмээн хашигчаад байх хэрэггүй ухааны зүйл хэвлэл мэдээллээр ярьж суух. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг болон Ардчилсан намынхны ард түмнээ жаргаана гэсэн амлалт хаана байна вэ. Өчигдөрхөн эмийн сан орж даралтныхаа эмийг авах гэсэн настан эмнийхээ үнийг сонсоод харин ч даралт нь нэмэгдээд чадрах шахав. Доллар, монгол төгрөгийг үнэгүйдүүлж, үнийн өсөлтөд нөлөөлж байгаа нь энэ мэтээр хүмүүсийн амьдралд нөлөөлж эхэлж байна.

 

Ерөнхий сайд аа. Үнийн өсөлт байхгүй чинь энэ үү. Доллар зогсолтгүй өсч байгаа энэ үед зарим нэгэн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөгөө өсөөд, ард түмэнд дарамт болж эхэлчихээд байхад яагаад хүндрэлийнхээ эсрэг юу ч хийж чадахгүй байгаа юм бэ. Энэ та нарын хүндрэл гэж яриад байгаа Эдийн засгийн хямрал чинь ард түмний амьдралыг туйлдуулах нь байна шүү. Цалин тэтгэвэр яг л хэмжээндээ байгаа энэ үед үнийн өсөлт хэрээс хэтэрч, мөнгө үнэгүйдэж, цаас болох дөхөж байна. Хэдий амаараа ард түмнээ тайвшрууллаа ч амьдрал дээр тайвшраад суух арга алга.

 

Өчигдөрхөн засаг хуралдсан. Үүгээр ч гэсэн эдийн засгийн асуудлаар “А” ч гэж ангайгаагүй бололтой юм. Өнөөдөр Монголчуудын амьдралд тулгамдаж буй асуудал нь эдийн засгийн асуудал байна. Тэгэхээр засгийн газар цаг үеэ мэдэрч, ард түмний амьдралд хэрэгтэй шийдвэрүүдийг гаргаж, ард иргэдийнхээ төлөө ажиллах хэрэгтэй байна. Улс орон оршин тогтнох үндэс нь ард түмэн гэдгийг эрх биш ойлгож л баймаар санагдах юм. Татвар төлөгчдийн мөнгийг хамж, цалин хэмээн халаасалж байгаа засгийн газрын гишүүд өнөөдөр хэрэгтэй хэрэггүй шийдвэр гаргаж суухын оронд эдийн засгийн асуудлыг ярьж, гарах арга замаа хэлэлцэх учиртай байсан юм. Магадгүй засгийн газар ажлаа хийж чадахгүй байгаагаа үүгээр харуулж байж болох. Нийгэмд үнийн өсөлт нөлөөлж, ард иргэдийн амьдрал хүндэрч буй энэ үед засгийн газар тайван байгааг ойлгох арга алга. Ёстой л нөгөө PR-даа найдаад суугаа юм биш байгаа. Худал үг, худал амлалтыг 1000 давтахад үнэн болохоо байж, харин ч улиг болж, залхаадаг болсон цаг шүү гэдгийг сануулъя.

 

Н.Чинзориг /New.mn/


URL:

Сэтгэгдэл бичих