Я.Содбаатар: Н.Алтанхуяг сайдын гэр бүлд эдийн засаг хямраагүй байж болно шүү дээ

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хүн болгон улсын эдийн засаг улам хүндэрсээр байгааг ярьж сануулж байна. Таны нүдээр эдийн засаг ямар байдалтай байна вэ?
-Монголын эдийн засгийн статистик үзүүлэлтүүд, иргэдийн худалдан авах чадвар сүүлийн саруудад эрс муудлаа. Ам.долларын ханш 1700 төгрөгт хүрчихлээ. Гадаадын хөрөнгө оруулалт жилийн дотор 41 хувиар буурсан статистик үзүүлэлт гарсан. Монгол Улсын төсвийн бүрдэл, гүйцэтгэл их хэмжээгээр тасалдаж байна. Улсын төсөв батлах үед төлөвлөж байсан экспортын томоохон бүтээгдэхүүнүүдийн биет хэмжээ эрс буурлаа. Үүнийг дагаад дэлхийн зах зээлд эрдсийн гаралтай бүтээгдэхүүнүүдийн үнэ ханш суларч эхэлсэн. Ингэснээр орж ирэх ёстой экспортын орлого их хэмжээгээр буурсан. Эдгээр шалтгааны улмаас манай улсын эдийн засагт бодитой хямралын шинж илэрч, энэ нь зөвхөн макро төвшиндөө төдийгүй иргэд, өрхийн амьжиргаанд бодитой нөлөөлөөд эхэллээ. Тухайлбал, иргэдийн өдөр тутам худалдан авдаг хүнсний бүтээгдэхүүний үнэд 20 хувийн өсөлт гарлаа. Цахилгаан дулаан, дэд бүтцийн суурь үнийг нэмэх шийдвэр Засгийн газар гаргасан. Үүнээс гадна хамгийн хүндрэлтэй нь их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэн явдал. Иргэдийг хамгийн их хямрааж байгаа зүйл бол энэ. Тиймээс Засгийн газар үүсээд байгаа нөхцөл байдлаас хохирол багатай даван туулах арга замыг хайх учиртай. Ингэхийн тулд Засгийн газар тодорхой хөтөлбөр төлөвлөгөөгөө УИХ дээр оруулж ирэх ёстой. Үүнийг л хүлээж байна.

-Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг эл асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж гурван асуудлыг хэлэлцье гэдэг санал тавьсан. Нэгдүгээрт, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад саад, тотгор болж байгаа гэх хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр Хөрөнгө оруулалтын хууль, эдийн засгийн бусад хуулиудыг оруулж ирж яаралтай хэлэлцүүлэхийг хүссэн. Төсвийн тодотгол хийхгүй бол жилийн эцсээр иргэдийн цалин, тэтгэвэр тавихад хүндрэл гарч болзошгүй байдал үүсч байна. Тиймээс төрийн данхар аппарат, төрийн захиргааны урсгал зардлаа хэмнэх, зарим үр ашиг муутай хөрөнгө оруулалтыг танах замаар цалин, тэтгэврийн хэмжээг бууруулахгүй байх бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Хамгийн гол нь үүсээд байгаа нөхцлөөс хохирол багатай даван туулах төлөвлөгөөг батлах учиртай. Өмнө нь 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямрал манайх уруу орж ирсэн. Тухайн үед манай эдийн засаг хасах нэг хувь хүртлээ унаж байсан. Энэ үед парламент эдийн засгийн хямралыг давах төлөвлөгөөг баталж, төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо, гадаад, дотоод харилцаа гэх мэт бүх чиглэлээр идэвхтэй ажилласан. Үүний үр дүнд эдийн засгийн өсөлт нэг жилийн дотор сэргэж эхэлсэн. Тиймээс одоо энэ арга хэмжээг Засгийн газрын төвшинд боловсруулж УИХ-д оруулж ирэх ёстой.

-Эдийн засгийн хямралын гол буруутныг олох гэж хүмүүс нэг нэгийгээ буруутгаж эхэллээ. Зарим нь Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс ч үүдэлтэй гэж үзэж байгаа. Харин Та хямралын гол шалтгааныг тодорхойлохгүй юу?

-Эдийн засгийн хямрал нэг зүйлээс болдоггүй л дээ. Харин маш олон алдаатай бодлогын үр дүнгээс бий болдог. Юуны өмнө монголын төр бизнесийн орчин руугаа хэт гараа дүрж эхэллээ. Ийм байдал МАН- ын үед ч байсан. Харин өнөөгийн эрх баригчдын энэхүү үйл явц улам гүнзгийрэх хандлагатай болж байна. Ардчилал, зах зээлийн харилцаанд нийцсэн төрийн оролцоог багасгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авахгүй бол бизнесийн орчин уруу хэт орж байна. Ялангуяа Н.Алтанхуягийн Засгийн газар гарснаас хойш үнэ тогтворжуулах бодлого нэрийдлээр зах зээлийн жам ёсны явж байгаа үзэгдлийн эсрэг эдийн засгийг хүчээр барих гэсэн халдлага, оролдлого хийсэн. Тэр нь ч бүтэлгүйтлээ. Манайх чинь түгжигдмэл байдалтай, хоёр их гүрний дунд оршдог улс шүү дээ. Эдийн засаг нь үндсэндээ уул уурхай буюу ганц тулгуурт эдийн засагтай ийм орон. Тэгтэл Монголынхоо онцлог нөхцлийг харгалзаж үзэхгүйгээр хэтэрхий цээжнийхээ бангаар тооцоо судалгаагүй асуудалд хандсанаас болж хоёр хөрш болон гадаад худалдааныхаа түншүүдтэй үл ойлголцлын, ойлгомжгүй байдалд орчихсон. Энэ нь манай эдийн засагт, ялангуяа экспортын гаралтай бүтээгдэхүүний худалдан авалтад сөрөг нөлөө үзүүлсэн. Ийм сөрөг нөлөөллийн хар сүүдэр эдийн засаг хямрах гол шалтгаан болсон. Хоёр хөрштэйгээ худалдаа, эдийн засгийн нягт хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн төрийн бодлогыг ч цаашдаа тогтвортой баримтлах ёстой.

-Аль ч Засгийн газрын үед гадаад харилцаанд илүү анхаарах нь зөв байх. Гэтэл шинэчлэлийн Засгийн газрыг гадаад харилцаанд сэв суулгасан гэж зарим хүмүүс шүүмжилдэг юм билээ?

-Ерөөс 1990 оноос хойш монголын төрд байсан нэг сайн зүйл нь аль ч Засгийн газрын үед гадаад бодлогоо тогтвортой байлгаж ирсэн. Үүнд ч хамгийн их анхаарал хандуулж байв. Харамсалтай нь шинэчлэлийн Засгийн газар гарч ирснээс хойш гадаад бодлогод нэлээд алдаа гарч эхэллээ. Гадаад харилцаанд гарч буй алдаа нь нэг талын дипломат харилцаанд гарч байгаа мэт боловч дунд болон урт хугацаанд улс орныхоо хөгжилд маш том саад болдог. Тиймээс энэ талд илүү анхаарч, тодорхой арга хэмжээг аваасай гэж хүсч байна. Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулагчдад хандсан хандлагын асуудал маш чухал. Мөн л 1990 оноос хойш Монгол Улсын бүх л төрийн өндөр албан тушаалтнууд, хувийн хэвшлийнхэн гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улс уруу татахын төлөө бусад оронтой өрсөлдөж бүхий л арга замаар ажиллаж ирсэн. Зарим үед гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль гаргаж зохицуулалт хийж байсан. Тэр ч бүү хэл тэдэнд зориулан тусгайлсан эрх, боломжийг нь хуульчилж өгдөг байлаа. Тиймэрхүү хэлбэрээр ч гэсэн гадаадын хөрөнгө оруулалтыг татахын төлөө бүгд зүтгэж байсан. Үүний хүчинд Монгол Улсад сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэн. Гадаадын хөрөнгө оруулалтаас жилдээ дунджаар 3-4 тэрбум ам.долларыг татаж эдийн засагтаа оруулж байсан. Энэ арга хэмжээ нь манай эдийн засаг, бизнесийн орчин, ард иргэдийн амьдралд бодитой үр дүн өгч эхэлсэн. Харамсалтай нь гадаадын хөрөнгө оруулагчид уруу хандсан шинэчлэлийн Засгийн газрын алдаатай бодлогын дүнд гаднын хөрөнгө оруулагчид Монголоос хөрөнгөө татах, аж ахуйн нэгжүүдээ татан буулгах хандлага сүүлийн нэг жилд эрчимжлээ. Ингэснээр олон ажлын байр хаагдаж, олон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орлоо. Ийм байдал монголын эдийн засагт томоохон хохирол учруулж байна.

-Төрийн бодлогын залгамж чанар энэ Засгийн газрын үед хэр зэрэг хэрэгжиж байна?

-Бас л төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагааны залгамж шинж чанар алдагдаж байна. Шинээр томилогдсон хүмүүс нь өмнө нь ажиллаж байсан албан хаагчдаа үгүйсгэдэг эсвэл өөрсдийнхөө хийж байгаа ажлыг хэт дөвийлгөдгөөс болж Монгол төрийг тухайн цаг үед хэн удирдаж байснаас үл хамаарч Монголын төрд итгэх итгэл гадаад, дотоодод суларч эхэллээ. Тухайлбал, гаднын нэг компани аль нэг яамтай хамтарч ажиллаад мөнгө, төгрөгөө оруулчихсан байхад удаа ч үгүй түүнийг нь улстөрийн шалтгаанаар үгүйсгэдэг зүйл ажиглагдаж байна. Хэт гадаад хэмээн туйлширч дотоодын бизнес эрхлэгчдээ дэмждэггүй, тэднийг хардаж, сэрддэг, цагдаа хүчний байгууллагаар дарамталдаг, бизнес рүү халддаг байдал хавтгайрлаа шүү дээ. Тиймээс төрд итгэх олон түмний итгэл үгүй болж байна. Энэ бол маш аюултай үзэгдэл. Цаашид эдгээр алдааг засахгүйгээр амжилтад хүрэхгүй. Өмнөх Засгийн газрын үлдээсэн валютын нөөц, хөрөнгийн хуримтлалаар хэдий болтол өнгөн шинэчлэл хийж явах юм бэ. Уг нь өмнөх Засгийн газар гурван тэрбум ам.долларын валютын нөөц, эдийн засгийн сайн үзүүлэлт, хэд хэдэн сангууд дээр мөнгөн хуримтлалтай хамт шинэчлэлийн Засгийн газарт шилжүүлсэн. Гэтэл энэ хөрөнгийн хуримтлалуудаар өнөө маргаашаа аргацааж нүд хуурсан өнгөн шинэчлэл хийгээд байгаа юм. Ер нь эдийн засгийг хөшүүрэгдэх, эргэлтийг эрчимжүүлэх эдийн засгийн томоохон бодлого өнөө хүртэл эрх баригчдаас гараагүй байна шүү дээ. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчид, дотоодын бизнес эрхлэгчдэд итгэлийн гал үүсэхгүй байгаа хэрэг. Иймд дээрх асуудалд анхаарч, эдийн засгийг хөшүүрэгдэх төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах ёстой. Өнгөрсөн 10 гаруй жил МАН засгийн эрхэнд байхдаа эдийн засгаа хөшүүрэгдэх тодорхой төсөл хөтөлбөрүүдийг зарлаж, түүнийг дагасан бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын идэвхжил өндөрсдөг байлаа. Тухайлбал, 2000 оны эхээр эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах асуудал, Мянганы зам барих, “40 мянган айлын орон сууц” хөтөлбөр гэхчилэн томоохон ажлыг зарлаж хэрэгжүүлсэн нь эргээд хүмүүст итгэлийн хандлага бий болгож байсан. Өмнө нь хэрэгжүүлж байсан ажлаа цааш уламжилж хадгалж явах, шинээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр л өмнөх Засгийн газрын хийсэн зүйлийг дуусгах, нээлтэд нь оролцож тууз хайчлах, инээж зогсох ийм л ажлууд явагдаад байна. Засгийн газар ирэх дөрвөн жилд улсын нийгэм, эдийн засагт томоохон өөрчлөлт гарах, эдийн засгийн хөшүүрэг болсон тийм төсөл хөтөлбөр гаргахад дутмаг ажиллаж байна. Үүнийг дагаад гадаадын бизнесийнхэн нөхцөл байдлыг ажигласан, харзнасан байдалтай болчихлоо.

-Саяхан болсон уул уурхайн хөрөнгө оруулагчдын томоохон чуулган дээр Уул уурхайн сайд Д.Ганхуяг илтгэл тавихдаа дэлхийн хөрөнгө оруулалтын салхи удахгүй Монгол уруу эргэнэ гэсэн. Түүний амласнаар гадаадын хөрөнгө оруулалт хурдан сэргэх боломж хэр байгаа юм бол?

-Гадаадын хөрөнгө оруулалтын салхи удахгүй бидэн рүү эргэх гэж байгаа бол сайн л хэрэг. Үүнд монгол хүн болгон л баярлана. Улстөржих, намчирхах зүйл ерөөсөө байхгүй. Харамсалтай нь хөрөнгө оруулалтын орчин нэг цаашилбал эргэж наашаа харахад цаг хугацаа ордог. Итгэлцэл, ойлголцол, хөрөнгө мөнгө, олон хүний шаргуу ухаан, хөдөлмөр шаарддаг. Гадаадын хөрөнгө оруулагчдаа үргээхээсээ өмнө нөхцөл байдлаа сайн бодох ёстой байсан юм. Харамсалтай нь асуудалд хэтэрхий ойворгон, хөөрүү, судалгаа тооцоогүй хандаж байсан. Ямартай ч 2011 онд хүрч байсан амжилтаасаа нэлээд ухарчихлаа. Тиймээс одоо хэн нэгнээсээ буруутан хайхаас илүүтэйгээр бараан хар үүлийг хэрхэн давж гарах ёстой вэ гэдгийг ярилцах ёстой. Манай намын хувьд ч гэсэн, хувь улстөрчийнхөө хувьд ч гэсэн асуудлыг шүүмжилж байдлыг улам хүндрүүлэхээс илүү гарах гарц, арга замыг хайж зөвшилцөх нь зөв. Жилийн өмнө манай нам улсаа 20 жилд хөгжүүлэх “Ард түмний хөтөлбөр” хэмээх томоохон хөтөлбөр дэвшүүлж байсан. Энэхүү хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж байхад хамгийн том хүндрэл бол улстөрийн тогтворгүй байдал, төрийн байгууллагын харалган алдаатай бодлогоос улбаалсан хүндрэл хамгийн их эрсдэл дагуулж байсан. Гэхдээ бидний боловсруулсан хөтөлбөрт эдийн засгийн хямралаас гарах олон арга зам тусгагдсан. Хамгийн гол нь арга замаа олж, асуудлыг үндэсний эрх ашгийн үүднээс нэг цэгт нэгдэж чадах нь чухал. Тиймдээ ч монголчууд бид үндэсний зөвшилцөл, үндэсний ойлголцол, нэгдмэл хүчийг бий болгохын төлөө улстөрийн намууд, Засгийн газар, биднийг дэмжин ажилладаг гадаад, дотоодын байгууллагуудтай бүх шатандаа идэвхтэй үйл ажиллагаа явуулах шаардлага тулгарч байна гэж харж байгаа. Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг хүлээн авч уулзаж нийгэм, эдийн засагт тулгарч байгаа асуудлаар санал бодлыг сонсч байна лээ. Энэ бол бидний яриад байсан үндэсний ойлголцол уруу явж байгаа нэг том алхам гэж харж болно. Тэгэхээр Засгийн газар гүйцэтгэх засаглалын идэвхтэй байр суурин дээр ажиллах ёстой. Түүнээс нэг нэгэн рүүгээ буруугаа чихэж буруутгаад байвал асуудлаас гарч чадахгүй.

-Гэхдээ АН зөвшилцөх асуудалд хэтэрхий хойрго ханддаг шүү дээ. Тэр тусмаа сөрөг хүчний дуу хоолойг сонсох болохоор чих нь хатуу болчихдог юм биш үү?

-Засгийн эрх барьж буй улстөрийн хүчинг маш өндөр хариуцлага дагаж ирдэг. Өмнө нь АН-ынхан сөрөг хүчин байсан. Ямар нэгэн хариуцлагаас хол хөндий. Асуудалд зөвхөн шүүмжилж л ханддаг, эсвэл нийгэмд таалагдах байдлаар шоуддаг л байсан. Харин одоо бол өөр. Дарга цэрэг болох гэж хошуурч байсан нөхдүүд одоо асуудлыг нуруун дэрээ үүрсэн шиг үүрээд шийдсэн шиг шийддэг байх нь маш чухал байна. Гадаад харилцаа, дотоод эдийн засаг уялдаа, улстөрийн хүчнүүдийн ойлголцлын чиглэлээр зөв арга хэмжээг авах ёстой. Үүндээ нам хамаарахгүйгээр Монголын чадварлаг сэхээтэн, боловсон хүчнүүдийг татан оролцуулах хэрэгтэй. Ингэж л байж бид зөв шийдэл, зөв бодлогыг гаргана. Түүнээс дөнгөлүүлсэн бух шиг зөрөөд дангаараа шийднэ, чадна, бүтээнэ гээд байвал асуудал бүр л хүндэрнэ шүү дээ.

-Шинэчлэлийн Засгийн газрын жилийн ой тохиож байна. Та ямар дүн тавих вэ?
-Сонгогч олон аль эрт өөрсдөө дүгнэлтээ хийсэн байлгүй дээ. Яагаад гэвэл жилийн өмнө ард түмэн АН-д илүү суудал өгч итгэл хүлээлгэсэн. Тэгэхээр өөр өөрсдөө дүгнэлтээ тавьж байгаа байх. Харин миний хувьд дүгнэхэд энэ удаагийн Засгийн газарт алдаа онооны аль, аль нь байлаа. Мэдээж иргэдэд төрийн захиргааны ажлыг илүү нээлттэй, ил тод байлгах, олон түмэнд хийж байгаа үйлдлээ сурталчлах чиглэлд ахиц дэвшилтэй ажилласан. Харин гурван том алдаа гаргачихав уу даа гэж харж байна. Нэгдүгээрт, гадаад харилцаа, гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцах харилцаанд том алдаа гаргалаа. Хоёрдугаарт, боловсон хүчний бодлого, төрийн залгамж чанарыг хадгалах асуудалд хэтэрхий ойворгон, өс санасан байдлаар хандсанаас болоод Монгол төрийн дархлаа нэлээд суларчихлаа. Гуравдугаарт, улсын нийгэм, эдийн засгийг хөшүүрэгдэж авч явах, хөдөлгөөнд оруулж, эрчимжүүлэх нэгдсэн бодлого, үйл ажиллагаа дутмаг байна. Харин асуудлын өнгөн талыг сурталчлах, олон түмэнд таалагдах шоу арга хэмжээ нь ихсэх, шинэчлэл нэрийн дор өнгөн шинэчлэлийг барьж аваад ноцолдчихов уу даа гэж харж байна. Тэрхүү өнгөн шинэчлэл нь ард түмэнд тухайн өдрөө, долоо хоногтоо таалагдаад алга ташсан байж болно. Харин урт хугацаандаа үнэн дүр төрх танигддаг шүү дээ. Үүнийг ч ард түмэн ойлгож байгаа. Жилийн өмнөхтэй харьцуулахад монголын эдийн засаг дандаа хасах уналттай гарч байгаа нь харамсалтай. Гэхдээ заавал АН-ын Засгийн газрыг шүүмжлэх, харлуулах гэхээсээ илүү алдаан дээрээ илүү сурах, зөв алхах, асуудлын гарцыг олох талаасаа шүүмжлэлээ ч сонсдог байх хэрэгтэй. Магтаал сайшаалыг ч хүлээж авч сайшаадаг байх хэрэгтэй.

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засаг хямраагүй гэж батлаад байгаа?
-Н.Алтанхуяг даргын гэр бүлд эдийн засаг хямраагүй байж болно шүү дээ. Харин монголын жирийн иргэдийн амьдралд эдийн засаг бодитоор нүүрлэчихлээ. Авдаг цалин, тэтгэвэр нь нэмэгдэхгүй, бараа бүтээгдэхүүний гүйлт нь багассан энэ үед бүгд л эдийн засгийн хямралыг мэдэрч байна шүү дээ. Манай төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийн нүд нь заримдаа таглагдчихдаг. Түүнтэй адил Н.Алтанхуяг сайдыг нүд нь таглагдсан юм болов уу. Эсвэл эерэгээр бодоход ард түмэндээ гутрал, сандралд оруулахгүйн тулд мэдсээр байж итгэл төрүүлэхийн тулд худлаа хэлсэн байж болно.

-Хөрөнгө оруулалтын тухай хууль өргөн баригдаагүй байхдаа шүүмжлэл дагуулж байна. Та энэ хуулийн талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Монгол Улс 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр тодорхой хөнгөлөлтүүдийг хуулийн хүрээнд шийдвэрлэж байсан. Нэг ёсны гадаадын томоохон хөрөнгө оруулагч нарт тогтвортой орчныг амлах, түүнийгээ дагасан татвар хураамжийн хөнгөлөлтийг үзүүлдэг байсан. 2000 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд бүр ч илүү анхаарч эхэлсэн. Ингэснээр 2004 оноос гадаадын хөрөнгө оруулалт эрс мэдэгдэхүйц хэмжээнд нэмэгдэж, эерэг нөлөөллөө үзүүлж эхэлсэн. Гэтэл хэсэг хүмүүс “1990 оны үед өгч байсан хөнгөлөлт, чөлөөлөлтөө больё, гадаадын хөрөнгө оруулагчдыг дотоодын хөрөнгө оруулагч нартайгаа ижил төвшинд авч үзье, ер нь бид яагаад гаднын хөрөнгө оруулагчгүйгээр өөрөө өөрийгөө аваад явчихаж болдоггүй юм. Монголчууд бид юу ч хийж чадна” гэсэн үндэсний хэт үзэл гаргаж эхэлсэн. Үүнээс болоод сүүлийн парламентад улстөржсөн, хувь улстөрч нарын ганцаарчилсан тоглолтын үр дүнд гадаадын хөрөнгө оруулалтыг боомилсон, хавчсан хэд хэдэн баримт бичиг гарсан. Эдгээр нь гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсаас болгоомжлох, хөрөнгөө татах гэсэн энэ хандлагад түлхэц болсон. Үүний дараагаар шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааны гэрээ хэлцэл дээр бас л томоохон алдаа гаргачихсан. Тухайлбал, хэтэрхий гадуурхах, бизнесийн орчин уруу нь гараа дүрэх ийм хандлагууд нь гадаадын хөрөнгө оруулалт татрах бас нэг шалтгаан болсон. Хөрөнгө оруулалтын тухай хууль буюу гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэг төвшинд авч үзэх, аливаа хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой орчноор хангах, тухайн хөрөнгө оруулалтыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой эрх зүйн шинэ орчныг бий болгох чиглэлээр Засгийн газарт хуулийн төсөл боловсруулагдаж байгаа байх.

-Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй шинэчлэлийн Засгийн газар хамтарч ажиллах гэж байгаа. Үүнд Та ямар байр суурьтай байна вэ?

-Үнэхээр монголын үндэсний эрх ашиг, нийгэм эдийн засгийн амьдралд үнэтэй зөвлөгөө өгч байвал Тони Блэйр нь байна уу, хэн нь хамаа байхав. Туслаад, дэмжээд л явж байвал сайн биз. Харин түүнийг дагаад үндэснийхээ эрх ашгийн асуудлаар хөшигний цаана хуйвалдах шинэ хуйвалдаан үүсч байгаа бол бид сонор сэрэмжтэй хандах ёстой.

-Манай эдийн засгийн уналт, сэхэлт нүүрсний экспортоос хамааралтай. Нүүрсний үнийг сайжруулах талд юу хийх ёстой юм?
-Монголд экспортын бүтээгдэхүүн буурсан гол шалтгаан бол нүүрсний үнэтэй холбоотой. Монгол Улс 2011 онд 30.9 тонн нүүрс олборлож, жилдээ Хятад Улс уруу дунджаар 28 сая тонн нүүрс экспортолж байсан. Энэ онд нүүрсний зах зээлийн үнэ унасан, нөгөө талаар Монгол Улсаас Хятад Улсад нийлүүлж байгаа нүүрсний экспортлогч компаниудын үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Хамгийн гол нь гадаад худалдааны бодлого, хоёр хөрштэйгээ худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны ойлголцол дээрээ алдаа гаргасан. Ер нь манайх яагаад нүүрсний томоохон экспортлогч орон болсон гэхээр 2008 оноос Хятад нүүрсээ гаргахаа больж импортлогч орон болж хувирсан. Мөн дэлхийн нүүрсний зах зээлийн гол тоглогч Австралийн нүүрсний олон уурхайнууд үерийн асуудлаас болоод зогсонги байдалд орсон. Үүнээс үүдэн Номхон далайн бүс нутаг дахь нүүрсний зах зээл дээр Монгол Улс шинэ тоглогч болж гарч ирсэн. Ингэснээр бид Хятадын хамгийн том нүүрс экспортлогч орон болж эхэлсэн. Гэтэл бид гадаад харилцаа, хамтын ажиллагаа болоод хоёр хөрш орон дээрээ алдаатай бодлого явуулснаас болж Хятад манай нүүрсний зах зээл дээр хойрго, хөшүүн хандаж эхэлсэн. Гэтэл яг энэ үетэй нь зэрэгцээд Хятадын нүүрсний зах зээл дэх манай орон зайг ОХУ эзлээд эхэлчихсэн. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягаас сэтгүүлчид асуухад “Тэр хоёр орны төрийн тэргүүнүүд уулзаа л биз. Надад хамаагүй” гэж хэлж байсан. Яг энэ үед Хятад, Орос хоёр Алс Дорнодоор нүүрсний шууд худалдан авалт хийж эхэлсэн шүү дээ. Өмнөх Засгийн газрын үед Хятадын аж ахуйн нэгж болох “Чалко” компанитай байгуулсан Тавантолгойн орд газар дээр урт хугацаанд ажиллах гэрээг шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд үгүйсгэсэн. Бас гэрээг цуцлах гэж оролдсон. Бас Тавантолгойг тойрсон хээл хахуулийн маргаан дэгдсэн. Үүнээс болоод Тавантолгойн нүүрс олборлолт зогсонги байдалд орж байсан. Ингэснээр нүүрсэн дээр ажиллаж байсан компаниуд зогсох, ажлын байрыг хумих чиглэлд орсон. Иймээс ойрын жилүүдэд нүүрсний зах зээл дээр байр сууриа эргэж авах тодорхой бодлоготой төлөвлөгөөтөй оролцох шаардлагатай гэж харж байгаа. Дэлхийн нүүрсний хэрэглээний өсөлт цаашид өсөх хандлагатай байгаа. Нүүрсний экспортын асуудлыг эргэж сэргээх нь манай эдийн засгийн хувьд хамгийн чухал.

-Чухам ямар арга замаар сэргээх боломжтой вэ?
-Монгол Улс олон улсын харилцаанд, дэлхийн эдийн засгийн давалгаанд оролцогч болъё гэж хүсч байгаа бол гэрээ биелүүлдэг соёлд сурах ёстой. Хамтын ажиллагаагаа хоёр талд биелүүлдэг соёлд сурах ёстой гэсэн үг. Тэгэхгүй төр засгаас нь эхлээд жирийн бизнес эрхлэгчид нь байгуулсан гэрээгээ биелүүлэхгүй байвал хэзээ ч хөгжихгүй, хэзээ ч гадна дотнын итгэлийг хүлээж авч чадахгүй. Бизнесийн үндсэн суурь итгэл алдагдаад ирвэл эдийн засгийн том хүндрэл үүсдэг. Гэрээг биелүүлдэг ухамсар, соёл төлөвшиж байж зах зээлийн харилцаанд жинхэнэ утгаараа төлөвшинө. Тэгэхгүй нэг байгууллагатай гэрээ хийчихээд маргааш нь шүүмжлээд , өөрчилнө гээд яваад байж болохгүй.


Д.АНГАРАГ

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.