НҮҮДЭЛЧИН

НҮҮДЭЛЧИН

Өвлийн хөр цасны дараа эхэлсэн их нүүдэл тогтож, ханш задраад удаагүй боловч цасан дороос шинэхэн ногоо мэт намрын аагтай өвс идсэн үхэр тугал халуун өдрийн наранд оодгонолдоно. Өвөлжин цастай ноцолдож, хаваржин нүүж алжааж ядарсан энэ айлын нуруу тэнийж, хүн малгүй нүдээ нээгээд байлаа. Энэ үед аймгийн сэргийлэхийн 69 машин давхин ирж, Вангаа өвгөнийг ач хүүгийн хамт аймаг руу авч одоод бараг хоёр сар болж байлаа. Учир нь хавар нүүхэд 80 нас зооглож явсан Заазуурын эгч болох Балж эмгэн, дөнгөж дөч шүргэж явсан Балжийн том хүү Лоором хоёр өөд болжээ. Вангаа эмгэнээс гурван насаар дүү бөгөөд ач хүү нь энэ жил 18 нас хүрчээ. Эмгэн, залуу хоёул өвчтэй авч арай ч амьсгал хураачихаар хэмжээнд хүрээгүй байсан гэж хамт өвөлжсөн айл гэрчилжээ. Харин нүүдлийн замд юу болсныг хэлэх хэн ч байсангүй.

-Нөгөө Артаг чинь ахаа алсан гэдгээ хүлээсэн гэнэ.

-Яасан бузар хог бэ? Онц сурдаг, бүх талаараа тэргүүний хүүхэд гээд манай сумын бүх медалийг түүнд өгсөн биш билүү.

-Харин тиймээ, хир халдаалгүй хамгаалдаг Заазуур өвгөн хам хэрэгтэн нь байж гэнэ.

-Заазуур гуай их шударга царайлаад байдаг. Үнэн чанартай бол жинхэнэ хөгийн новш байж дээ.

-Заазуур гуай тэгэх хүн биш дээ. Манай нутгийн хүндтэй цөөхөн өвгөдийн нэг шүү дээ. Хэлдэг үг, хийдэг ажил, аль ч талаараа манай засууст нөмөр нөөлөгтэй хүн байсан.

-Шал худлаа, их зарчим ч царайлчихаад…

-Үнэн, үнэн, Заазуур гуай чинь ёстой сайн хүн шүү. Та нар бүгд мэдэж байгаа биз дээ.

-За чи боль, сайн хүн, хүний аминд хүрэх үү?

-Тэр тэгэхээр хүн биш ээ. Артаг бол бүр тэгэх хүүхэд биш.

-Хэргээ хүлээчихээд байна. Худал гэвэл шүүх хуралд нь ороод сонс. Ийм яриа сумын хөлөөвийн гадаа цугларсан хүмүүс дунд өрнөнө. Хоёр алуурчинг үзэн ядсан хүмүүс байхад огт хир халдаахгүй өмгөөлөх хүн ч байв. Гэхдээ яахыг ганцхан шүүгч л мэднэ. Төд удалгүй сэргийлэхийн машин ирж, машинаас гартаа гавтай өвгөн хүү хоёр цагдаагаар хамгаалуулсаар бууж ирэв. Хүмүүс нүүрийг нь харах гэсэн мэт урдуур нь гүйлдэж, цагдаа нарт загнуулна.

-Хөөрхий минь, бүр царай нь цонхийчихож, зайлуул.

-Хөөрхий гэнэ шүү. Хүн алчихаад байхад.

-Заазуур ч яах вэ, Артаг хүү л харамсалтай юм. Угаасаа л Заазуурын буруу болохоос, хүүхдийн буруу гэж…

-Артаг чинь алсан гэдгээ өөрөө хүлээсэн гэнэ лээ.

-Хүүд буруу байхгүй ээ. Өвгөн л…

-Буруугүй байсан бол хөл гарыг нь тушаад байх юу байсан юм. Ийм маргаан дундуур тэр хоёр танхимд орлоо. Хүмүүс ч араас нь ямар нэг юманд яарах мэт чихцэлдэн орцгоов.

Хар хувцастай бүдүүн эр «Шүүгч» гэсэн бичигтэй ширээний ард ирж зогсов. Улсын яллагч. Монгол улсын нэрийн өмнөөс ирснээ төв дуугаар чангахан мэдэгдээд суулаа. Танхимд хүмүүс дүүрчээ. Шүүгчийн эргүүлэх цаас шажигнах чимээ тод сонсогдож, хүчтэй амьсгалсан нэгний амьсгал ч тод мэдэгдэм чимээгүй. Яллагчийн баруун, зүүн талд нь хоёр эмэгтэй суусны нэг нь нарийн бичиг, нөгөө нь ардын төлөөлөгч гэсэн бичиг өмнөө тавьжээ. Өмгөөлөгч гэсэн бичигтэй ширээ хоосон байв.

Яллагч өвгөн хүү хоёр луу эгц ширтэнэ. Тэр хоёрт яллагчийн цоо ширтэх нь бие биесээ ширтэх гэж орж ирсэн мэт харагдана. Яллагч ширтсэн чигтэй:

-Эмээгийн чинь аминд хэн хүрсэн гэлээ хэмээн намуухан асуув. Хүү яллагчийг цоо ширтэнгээ:

-Бурхан гэв. Хүмүүс гайхан бие бие рүүгээ бүлтэлзэн харцгаана.

-Бурхан тэгээд юугаар алсан юм?

-Хонины сүүлээр… Зарим хүмүүс мэдүүлгийн учрыг олохгүй урдын адил гайхсаар байхад өндөр насыг зооглосон бор өвгөн ямар нэг юмны сэжим ойлгох мэт бодолд дарагдан, зовхио унжуулж санаа алдана.

-Ахыг чинь бас л бурхан уу?

-Тиймээ.

-Бас л сүүл үү?

-Тийм. Шүүгч өвгөнд хандан:

-Таныг яагаад Заазуур гэдэг юм бэ?

-Танхимд байгаа хүмүүсээс асуу гэж өвгөн цаанаа л хэгжүүрхсэн шинжтэй хэлээд жишүү харлаа. Хэн нэгэн хүн:

-Манай нутгийнхан хүндлээд тэгж авгайлдаг гэж хэлсэн хүн өөр лүү нь нэвт сүлбэх олны харцнаас эмээх мэт үгээ дуусгалгүй нугдайв. Үг хэлэгчээс хараагаа өвгөн рүү шилжүүлсэн шүүгч:

-Та ач хүүдээ бурхны ном заадаг уу?

-Үгүй дээ, би байгаль шүтдэг гэж өвгөн намуухан агаад их тайван хэллээ.

-Танайх жил бүрийн хавар урт нүүдэл хийдэггүй мөртлөө энэ жил яагаад тэр хол нүүсэн юм?

-Аз жаргал хайж. Гэхдээ би өөртөө биш хэдэн ач зээгээ хүний зэрэгт хүргэх гэсийм.

-Тэгээд олоо юу?

-Олохын даваан дээр… Энэ мэт нэлээд удаан хэлэлцсэн шүүх хурал хэсэг хором завсарлав. Нам жим байсан танхим гэнэт амь орох шиг дүнгэнэлдэж, зарим нь гадагшаа гарч тамхи татна.

-Тэртээ тэргүй нас нь болчихсон эмгэн өөрөө л явчихсан юм биш үү?

-Үгүй ээ, эд нар тээршаагаад алсан байна ш дээ.

-Залуугийн бие бас муу байсан юмуу?

-Бараг л хоногоо тоолж байсан даа, хөөрхий.

-Гэхдээ л энэ хоёрын буруу байна.

-Буруу байлгүй яах юм. Хэдий өндөр настай ч өшөө хэдэн жил явах л самган байсан шүү дээ. Залуу ч гэсэн. Залуу хүн байна, нэг өдөр босоод ирэхийг хэн байг гэхэв. Хэдий өвчтэй байсан ч гэсэн…

-Харин тийм. Эд нар асрахаас тээршаагаад гэх мэтээр маргалдаж, сөргөлдөх хүн ч олон байв. Гаднаас шүүгчийн нарийн бичиг орж ирсэн тул хүмүүсийн чимээ намдлаа. Танхимд суусан хүмүүс үл мэдэг чимээ гаргаж, зарим нь хоорондоо шивнэлдэж, зарим нь яллагчийн орж ирэхийг хүлээх мэт таг дуугүй. Энэ үед хамгийн ард зогссон охин юунаас ч болсон юм бүү мэд тас хийтэл инээхэд танхимд байсан бүх хүн хачин чигтэй харцаар нэвт ширтэцгээж, зарим нь хялалзана. Тэнд байсан хүмүүс нэг л таагүй болцгоов. Хурц гэрэл мэт олон харцанд тал талаасаа шүршүүлсэн охин хүмүүсийн хойгуур тонгойгоод таг болов. Харин хүмүүс хэвийн байдалд орсон ч, зарим нь байн байн эргэж харсаар л хоёр минут орчим болж байтал шүүгч бусад хүмүүсээ дагуулсаар орж ирэв. Тэрээр хүний амь насыг санаатайгаар бүлэглэн хороосон учир хоёуланг нь цаазаар авахаар болжээ. Танхимд байсан хүмүүс бүгд цааз сонссон мэт чимээ ч үгүй, хөдөлгөөн ч үгүй, дараа нь юу болох бол гэсэн мэт шүүгч, яллагч хоёр луу харцаа ээлжлэн шидэж сууцгаана. Гагцхүү мэлмэрүүлэн уйлсан эмэгтэй, эхэр татсан дүү охины уйлаан л танхимд ноёлж байв. Охины уйлаан хүмүүсийг улам жихүүцүүлжээ. Танхимд суусан хүмүүс их дайны отоонд, харуулд зогсох цэрэг мэт хаана ямар хөдөлгөөн болно, түүн руу харц шидэлнэ. Хэргийг үнэн зөвөөр шүүсэндээ итгэлтэй байгаа шүүгч инээвхийлмээр авч өөдөөс нь харах олон гунигт харцанд ээрүүлээд тэдэнтэй адил дүнсийнэ. Цааз сонссон өвгөн юу ч болоогүй мэт ихэд тайван сууна.

-Хэрэгтэнд хэлэх сүүлчийн үг байна уу гэсэн асуултанд хүү «үгүй» хэмээн толгой сэгсрэв. Харин өвгөн «Би бол нүүдэлчин» гэсэн ганцхан үгүүлбэр хэлжээ. Хиристийн шашинг дэлгэрүүлэхээр ирсэн харь нутгийн эмэгтэй «Харгис этгээд» гэж амандаа үглэснийг хэн ч анзаарсангүй.


URL:

Сэтгэгдэл бичих