Монгол Улсын Арслан Ж.Хайдавын нэрэмжит “Арслан” бөхийн дэвжээ байгуулагдлаа

Монгол улсын ерөнхий прокурор  “Увс нуур” бөхийн дэвжээний тэргүүн, Дамбийн Дорлигжавын санаачилгаар Зүүнговь суманд “Арслан” бөхийн дэмжээ байгуулагдлаа. Тус бөхийн дэвжээг Монгол Улсын Арслан Жамбалын Хайдавын нэрэмжит болгосон байна. “Арслан” бөхийн дэвжээний нээлтийн бэсрэг наадамд  хүчит 32 бөх барилдаж, дааганы уралдаан зохион байгууллаа.
Хорьдугаар зууны хоёрдугаар хагаст халхын бөхчүүдийн зүрхэнд шар ус хуруулж, өвдөгийг нь чичрүүлж явсан Увсын долоон хүчтэн. Нэгэн цаг үед улсын наадамд зэрэгцэн, шижигнэтэл барилдаж, уран мэх, хүч бяраа уралдуулж явсан тэднийг бөхийн хорхойтон монгол түмэн “Увсын долоон хар” хэмээн алдаршуулсан.
Тэрхүү хүчит “Долоон хар”-ын нэг нь  Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Монгол улсын арслан Жамбалын Хайдав. 1965 онд хожим улсын арслан болсон Дагвасүрэнтэй тунаж барилдан давж начин цол хүртсэн бол Улс хувьсгалын 50 жилийн ойгоор одтой барилдаж Монгол Улсын арслан гэсэн эрхэм хүндтэй цолыг хүртсэн байдаг.
Үндэсний бөхөөс гадна идэр залуу цагтаа самбо, чөлөөт бөхөөр амжилттай барилдаж явсан түүний алдрыг мөнхөлж, шинэ үеийн хүчтэнүүдийг бэлтгэн төрүүлэх, хүүхэд залуусыг спортоор дамжуулан хөгжүүлэх зорилгоор уугуул нутагт нь Монгол улсын арслан Жамбалын Хайдавын нэрэмжит бөхийн  дэвжээг үүсгэн байгууллаа.
Зүүнговь суманд байгуулагдсан Монгол Улсын Арслан Жамбалын Хайдавын нэрэмжит “Арслан” бөхийн дэмжээний нээлтэд аймгийн удирдлага Зүүнговь сумаас төрсөн улс төр, урлагийн зүтгэлтнүүд, Монголын нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгасан Олимп дэлхийн аваргууд Улс наадмын гурван жилийн түрүү аварга арслангууд  хүндэтгэн оролцлоо.
Зүүнговь суманд байгуулагдаж байгаа Арслан бөхийн дэвжээ Хүүхэд бүрийн авьяасныг нээн илрүүлэх авьяас хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  тулхтай дэмжлэг болно гэдэгт итгэж байгаа аймгийн Засаг дарга онцолсон. Түүнчлэн энэ мэт бөхийн дэвжээг сум бүрт байгуулах, цаашлаад аймаг сумын засаг даргын нэрэмжит тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.  Бөхийн дэвжээ байгуулагдаж байгаад аймгийн удирдлага хоёр сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
Аливаа спортоор хичээллэхийг зорьж л байгаа бол сэтгэл зүрхээ өгч, тэсвэр хатуужилтай, өмнөө тавьсан зорилготой байх нь чухал гэдгийг Улсын арслан Хайдав захиж байна.
Арслан бөхийн дэвжээг үүсгэн байгуулах санаачилга гаргаж ажил хэрэг болгосон хүн бол Улсын ерөнхий прокурор Увс нуур бөхийн дэвжээний тэргүүн Дамбийн Дорлигжав.
Сэтгэлтэй, эхэлснээ ажил болгодог сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгээр Арслан бөхийн дэвжээ олон улсын тэмцээн явагддаг стандарын жудогийн татами, тамирчдын хувцас хэрэглэл, үндэсний бөхийн зодог шуудаг, жудогийн кимоно, чөлөөтийн тирко, боксын малгай, мишоктой болсон.
Мөн Зүүнговь суманд шинээр соёлын төв баригдахаар болсон учраас энэхүү соёлын төвийг Арслан бөхийн дэвжээний бэлтгэлийн байр болгохоор төлөвлөж байгаа юм байна.
“Арслан” бөхийн дэвжээний нээлтэд зориулсан хүчит 32 бөхийн барилдаанд аймгийн начин Мөнхбаяр түрүүлж, аймгийн арслан Бадарч үзүүрлэсэн. Өсвөрийн барилдаанд энэ жилийн аймгийн хүүхдийн барилдааны түрүү аймгийн харцага Өсөхбаяр түрүүллээ.
Ийнхүү МУ-ын арслан Жамбалын Хайдавын нэрэмжит “Арслан” бөхийн дэвжээний нээлтэд зориулсан бэсрэг наадам дэлгэр сайхан боллоо.

URL:

Сэтгэгдэл бичих