Элчин сайд Ж.Сүхээ итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жагарын Сүхээ БНКазУ-ын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт энэ сарын 04-нд ИЖБ-ээ барив.
Энэ өдөр Монгол Улсын элчин сайдтай хамт бусад зарим орны элчин сайд нар ИЖБ-ээ мөн барьжээ. Элчин сайд нар ИЖБ-ээ барьсны дараа Ерөнхийлөгч Н.Назарбаев нийт элчин сайд нарт хандаж үг хэлсэн байна.
Тэрээр хэлсэн үгэндээ “…Бид Монгол Улстай бүх талын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Хоёр улсын хооронд улс төрийн яриа хэлэлцээ явагдаж, яам газар хоорондын харилцаа холбоо, парламентын хамтын ажиллагаа хөгжиж байна, Засгийн газрын түвшинд ажил хэрэгч хэлхээ холбоог идэвхжүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна.
Энэ чиглэлд соёл-хүмүүнлэгийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Өнгөрсөн 7 дугаар сард Монгол Улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн нь монгол-казахстаны хоёр талын харилцааг урагшлуулан хөгжүүлэх чиг шугамын залгамж чанарыг нотолсонд баяртай байна” хэмээн тэмдэглэсэн байна.
Элчин сайд Ж.Сүхээ Итгэмжлэх жуух бичгээ барих үеэрээ Ерөнхийлөгч Назарбаевт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж ярилцав. Ерөнхийлөгч Н.Назарбаев мэндчилгээ уламжилсанд Монгол Улсын Ерөнхийлөгчид талархалаа илэрхийлж, хариу мэндчилгээ   дэвшүүлжээ.
Элчин сайд ИЖБ барих ёслолын арга хэмжээний дараа Казахстаны хэвлэл, мэдэээллийнхэнд хандаж мэдээлэл хийв.

URL:

Сэтгэгдэл бичих