Галаар тоглож байгаа хүүхдийн хажуугаар дуугүй өнгөрч чадахгүй

Өчигдөр тавдугаар сарын 1. Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр.

Энэ өдрийг тохиолдуулан МҮЭ-ийн салбарын үйлдвэрчний эвлэлүүд, харъяа байгууллагууд, МҮЭ-ийн холбооны ажлын албаныхан байрныхаа гадна цуглаан зохион байгуулж, “Олон улсын ажилчид нэгдэгтүн” гэсэн бичиг бүхий туузтай бөмбөлөг агаарт хөөргөсөн юм. Энэ үер МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатартай ярилцлаа.

-Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр. 125 жилийн өмнө гарсан тэмцлийн үр дүнг өнөөдөр юу гэж дүгнэж болох вэ?

-Олон улсын хөдөлмөрчдийн тэмцлийн өдөр 5 дугаар сарын 1-нийг дэлхий нийтээрээ дурсан тэмдэглэж эв санааны нэгдлээ илэрхийлдэг уламжлалтай. Ажилчдыг өдөрт 10-14 цагаар албадан ажиллуулж байсныг 8 цаг болгохын төлөөх ажилчдын тэмцэл анх Америкт 1860-аад оноос эхэлж 1880-аад оноос улам бүр хурцдан олон мянган ажилчид уг тэмцэлд нэгдэн орж байсан. 1886 оны 5 дугаар сарын 1-ний өдөр “Ажлын цагийн үргэлжлэх хугацааг 8 цаг болгон хуульчлах”-ыг шаардсан тэмцэл болсон.

Энэ тэмцлийн үеэр зургаан цагдаа амь үрэгдэж, олон хүн шархадсан. Цагдаа нарын суманд хичнээн хүн өртсөнийг тогтоогоогүй, тэсрэх бөмбөг шидсэн хүнийг ч олж чадаагүй мөртлөө 100-аад хүнийг ямар ч үндэслэлгүйгээр баривчилж, найман жирийн хөдөлмөр­чин хүнийг цаазалсан байдаг. Ийм их цус урсгасан, хүний амиар олдсон өдөр.

Энэ бол тэмцлийн өдөр. Энэ өдрийн цаад санаа нь “Жирийн хөдөлмөрчин хүн бол баялаг бүтээх багаж биш. Баялаг бүтээх эзэн” гэсэн үг. Баялаг бүтээж байхдаа өөрийн­хөө хөдөлмөрийг, биеийн хүчийг худалдахдаа нөхцөл тавих ёстой. Энэ үзэл санаа анх гарч ирсэн. Энэ бол дэлхийн хүн төрөлхтний ололт амжилт. Энэ өдрийг Монгол Улс 1922 оноос хойш тэмдэглэж ирсэн.

-Монголчууд баялаг бүтээх эзэн болж чадсан уу?
- Баялаг бүтээгч эзэн болоход маш их тэмцэл хэрэгтэй. Өнөөдөр жирийн хөдөлмөрчин хүмүүсийн эрх ашиг маш зөрчигдөж байна. 200-аад жилийн өмнөх зэрлэг капитализм Монголд нүүрлэж байна. Бид хоосон байгаагүй. Бас ч гэж гуравдагч гэдэг юмуу, дөнгөж зах зээлд хөл тавьж байгаа орнуудтай харьцуулахад МҮЭХ хөл дээрээ бат бэх зогссон.

Ард түмний өмнөөс Засгийн газарт хэлэлцээрт ордог давуу талтай, Азийн зарим орнуудаас өндөр хэмжээнд. Гэхдээ хөгжингүй орнуудын стандартыг гүйцэхгүй байна. Тэгэхээр нийт ард иргэддээ үйлдвэрчний эвлэлийн холбоондоо туслаач. Бидэнд хандаач. Түрж орж ирж байгаа мөлжлөгөөс өөрсдийгөө хамгаалах үндсэн зэвсэг бол ҮЭ гэж хэлж уриалмаар байна.

Жишээ нь Оюутолгойгоос 7000 гадаад ажилчныг гаргаж, 7000 монгол ажилчныг дор хаяж 2 сая төгрөгийн цалинтай ажилд оруулна гэдэг бол жирийн ард түмний төлөө тэмцэл. Эрүүл мэндийн даатгалд 86 тэрбум төгрөг төлсөн. Тэрнийхөө төлөө хяналт тавья, хариуцлага тооцдог больё гэдэг бол жирийн хөдөлмөрчин хүмүүсийн хүч хөдөлмөрийг хамгаалах гэсэн тэмцэл.

Хөдөлмөрийн аюулгүй байдал маш ноцтой байна. Ялангуяа уул уурхай дээр маш ноцтой байгаа. Өнгөрсөн онд 88 хүний алтан амиар бизнес эрхлэгчид ашиг олсон байна. 88 хүний гэр бүлийн нулимсыг арчихын төлөө бид тэмцэж байна. Бид айл айлд ороод эвлэлдэн нэгдээч гэж хэлэх эрх байхгүй. Та ирээч гэж уриалж байна. Энэ л бидний үндсэн ажил.

-Уул уурхай гэснээс Оюутолгойн гэрээнд “ Үйлдэрчний эвлэл заавал байгуулна гэж” тусгах тухай саналыг МҮЭХ оруулж байсан. Энэ хүсэлт гэрээнд хэр тусгагдсан бэ?

-Өчигдөр тухайн үед Ерөнхий сайд байсан хүн телевизээр ярилц­лага өгч байна билээ. Ингэхдээ, гэрээ их сайхан болсон. 100 хувь монголчуудаас мөнгө гараагүй. Тэгэхэд бид тодорхой хувийг нь авч байна. Энэ бол ололт амжилт гэж байна билээ.

Худлаа ярьж байнаа. 100 хувь мөнгөө гаргаагүй үнэн л дээ. Надад мах байна. Миний махаар гуляш хийх гэж байгаа. Тэр гуляшийг хийхийн тулд заазуураар хэрчээд, шарах тэр жаахан ажилд нь 10 доллар хэрэгтэй. Тэд 10 доллараа авчирсан л даа. Гэхдээ би махаа гаргаж байна.

Хоёр талаас хөрөнгө оруулалт хийж байна. Миний махгүйгээр Фрийдланд тэр Канаддаа гуляш хийхгүй. Тэнд мах байхгүй. Энд мах байна. Тэр 10 доллар зээлж авчихаад тогоочийн хөлсийг өгөөд, 10 долларынхаа зээлийн хүүг өгье. Энэ бүгд 15 доллар гарч байгаа. Цаана нь үлдэж байгаа 85 долларын хэд нь манайх юм бэ гэж асууж байна. Тэрний ашиг нь 5 ам.доллар өгөөд 20 доллар боллоо.

Цаана үлдэж байгаа 80 доллараа би авнаа гэх ашгийн тухай ярьж байгаа юм. Гэтэл хүн хуурч байна шүү дээ. Харсаар байтал хүүхэд галаар тоглож байхад би хажуугаар нь дуугүй өнгөрч чадахгүй шүү дээ. 27 зүйл заалтыг Оюутолгойн гэрээнд тусгаач гэж бид бичиг өгч байсан. Өчигдөр тэр ярилцлага дээрээ ямар ч тодорхой санал над дээр ирээгүй гэж байна билээ. Ингэж худлаа ярина гэдэг гэмт хэрэг. Тэр гэрээн дотор Үйлдвэрчний эвлэл заавал байгуулна гэж оруулаач ээ гэж цөхрөнгөө бартал бид тэмцсэн. Гэтэл өөдөөс 1,5 сая төгрөг өгөх гэж байхад битгий гай болоод байгаарай.

Чи Канадуудаас салгаж Хятадуудад өгөх гээд байгаа юм уу гэдэг пиарыг битүү тараасан. Бид юу ч хэлж чадахаа больсон. Гэтэл өнөөдөр 1.5 сая төгрөг өгөхгүй байгаа. Худалч. Одоо ажилчдын зөвлөл байгуулна гэж байгаа. Манай хөдөлмөрийн хуульд үйлдвэрчний эвлэл болон ажилчдын зөвлөл байгуулж болно гэж байдаг. Зөвхөн тэрэн дээр тоглолт хийж байгаа. Тэр үед дотор нь байсан хүмүүс үйлдвэрчний эвлэл байгуулаа гэж байхад үгүй гэж байсан, одоо тэд ойлгосон. Яагаад гэвэл тэд канадуудаас 60 дахин доогуур цалин авч байна.

Канадуудын доор вьетнамууд, вьетнамын доор хятадууд, хятадын доор монголчууд ажилладаг. Энэ тэнэг байдлыг гаргахгүйн тулд тэмцсэн. Монгол орон битгий хэл Монгол орон шиг 3-4 орныг тэжээх, хөгжүүлэх тэр их баялгаар уул уурхай гэж юу юм бэ гэдэг курс хийлээ. Энэ дэндүү үнэтэй курс. Оюутолгой бусдад нь жишиг болж байгаа нь хамгийн харамсалтай. Бусад нь Оюутолгой гээд барьцах байхгүй юу.

- Цахилгааны үнэ нэмэгдсэнээс болж талх, бензин гээд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдлээ. Монголбанк бодлогын хүүгээ нэмлээ. Энэ талаар МҮЭХ ямар байр суурьтай байгаа вэ?

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, “Атар” талх, бензиний үнэ огцом өслөө. Энэ бол Засгийн газар, Монголбанк, Сангийн яам ажлаа хийхгүй байна гэсэн үг. Тэд юу хийх ёстой байсан бэ? Төгрөгийн худалдан авах чадварыг хамгаална, инфляцийн түвшинг тогтвортой барьж байна гэсэн үг, үндсэн үүрэгт нь байдаг.

Энэ ажлаа хийхгүйгээс болж тэтгэвэр авч байгаа хөдөлмөр хийж иргэдийн халааснаас 10-15 хувийг шууд хулгай хийж байна. Иймээс бид өнөөдөр үнээ буулга, монголын ард түмний халааснаас хууль ёсоор хулгай хийхээ зогсоо гэж мэдэгдэл хийнэ.

Монголбанк бодлогын хүү­гээ 11.5 хувь болголоо. Аль ч улс оронд инфляцийн түвшингээс илүү бодлогын хүү байдаггүй. Дэлхий нийтийн бодлогын хувь бүгд 0 рүү явж, 1 хувиас доош байгаа. Манайд 11 байсныг 11.5 болгож байна. Банканд ажиллаж байсан хүний хувьд би хатуу мэдэгдэл хийнэ. Энэ бол улс орны эдийн засгийг сөхрүүлнэ гэсэн үг. Цаагуураа инфляцийг хөөрөгдөж байгаа хэлбэр.

Арилжааны банкууд 10-15 хувийн эрсдэлтэй зээл өгч байхын оронд Монголбанкны бонд худалдаж авах нь тэдэнд ашигтай болж байгаа юм. Зах зээл рүү мөнгө гарахгүй. Тэгэхээр улам их зээл рүү шуурна. Өөр орноос зээл авна. Зээ­лийн хүү улам нэмэгдэнэ. Үйлд­вэр­лэж байгаа талх бүр дээрээ зээ­лийнхээ хүүг нэмэхээр инфляци 20-аас буухгүй болох нь ойлгомжтой болж байна. Цалин нэмснээс инфляци болоогүй. Үйлдвэрчний эвлэл хатуу тэмцэл явуулна.

Тэгэхгүй бол талх худалдаж авахгүй байх эрх нь байгаа. Монгол орон даяар боорцог хийе гэдэг уриалга гаргана. Хамгийн бага үнэтэй ШТС-аас бензин авч, бусдаас авахгүй байх уриалга гаргаж болно. Бензин импортолдог, талх үйлдвэрлэдэг газрууд, ЭХЗГ-ыг МҮЭ хэлэлцээрийн ширээнд урьж байна. Маргаашаас хэлэлцээр эхэлнэ. Ойрын үед нааш­тай үр дүн гарахгүй бол томоохон арга хэмжээ авна. Далимд хэлэхэд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг ажлаа хийгээч ээ гэж хэлмээр байна.
МҮЭХ-нд дэндүү их ажил байна. Гэхдээ бид галаар тоглож байгаа хүүхдийн хажуугаар дуугүй өнгөрч чадахгүй.

Ш.Эрдэнэчимэг

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.