“Харьд хэлмэгдсэн Монгол иргэд”

e1c60318fe5c63b5bigӨнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр.

Энэ өдөртэй холбоотой нэгэн бүтээл уншигчдад хүрээд удаагүй байна. “Харьд хэлмэгдсэн монгол иргэд” номын зохиогч нь түүхч С.Туяа.

Хэлмэгдүүлэлттэй холбоотой судалгааны орхигдоод байдаг сэдвийг хөндсөн энэ номд 1930-1940-өөд онд ЗСБНХУ-д улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн 249 монгол хүний нэрсийн жагсаалт, БНМАУ-ын Дотоодыг хамгаалах газрын дэргэдэх тусгай комиссын шийдвэрээр ЗХУ-ын Эрхүү хотын шоронд хоригдож хэлмэгдсэн 26 монгол хүний товч намтар, Ленинград мужийн ДХАК-ын удирдах газрын шийдвэрээр хэлмэгдсэн таван хүний намтар болон баривчлагдах үеийн мэдээлэл, ЗХУ-ын 17 дугаар армийн тагнуулын байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаад сураггүй болсон 81 хүний бүртгэл зэрэг өмнө нь төдийлөн олон нийтэд ил болж байгаагүй баримтуудыг дэлгэжээ.

Энэ бүх бүртгэл, тоо нь хэчнээн хүн харийн нутагт хэлмэгдсэн бэ гэдгийг харуулах баримт. Гэхдээ бас бүрэн гүйцэд мэдээлэл биш гэдгийг хэлэх нь зүйтэй биз ээ.

Харьд хэлмэгдэн амь насаа алдсан хүмүүсийн тухай дорвитойхон дуугарсан энэ бүтээлийн содон баримтуудаас уншигчдадаа хүргэж байна.

БНМАУ-ЫН 35000 ГАРУЙ ИРГЭН АМИА АЛДСАН ГЭХ “БАРАГЦАА ТОО”

…Монголчуудыг улстөрийн хэрэгт хамгийн олноор хаман яллах ажил ХХ зуунд тохиосон хэмээх ойлголт хэдийнэ тогтоод байна. Сүйрэл болсон гэх ч болов. Сүйрлийн хэмжээг дэлхий нийтэд тогтсон уламжлалаар амиа алдсан хүний тоогоор ярьдаг.

БНМАУ-ын 35000 гаруй иргэн 1930-1940 онд өрнөсөн улстөрийн хэлмэгдүүлэлтийн шуурганд амиа алдсан гэх барагцаа тоон дээр тогтоод байна. Чухам юуны учир “барагцаа тоо” хэмээснийг эрхэм уншигч Та цааш хөөн уншин болгооно хэмээнэ найдаж байна. Энэ тоо их тоонд чих дассан манайхны зарим хүнд сүржигнэх юу байна гэж санагдахаар сонсогдож магадгүй юм. Хүний алтан амь гэж бодвол яав ч ингэж бодох учиргүй. Бас БНМАУ-ын хүн ам 1928 онд 709,0 мянга; 1935 онд 738,0;1938 онд 747,5;1944 онд 759,2;1947 онд 759,5 байсан гэсэн албан ёсны статистик мэдээнээс эргүүлэн бодвол энэ тоо хүн амын тав орчим хувь болж байна.

Энэ хэлмэгдсэн хүмүүс идэр залуу эрчүүд байсан гэж бодвол өдий тооны өрх гэр ханхайж, эр үгүй эхнэр, эцэг үгүй хүүхдүүд, тэргүүн үгүй гэр хоцорсон гээд бодоод үзэгтүн.

Хэлмэгдэгсдийн дотор харь гүрэнд, тухайлбал тухайн үеийн нэрээр ЗСБНХУ-ын эрх баригчдын шийдвэрээр, тэнэмэл нохой шиг, тулж түших эх орон элгэн садангүй мэт бусдын газар оронд хилс хэрэгт тулгагдан ялд унаж, буудуулсан, шорон, гянданд хоригдон хүнд хэцүү хөдөлмөрт нухлуулан амь насаа алдсан, ялаа эдлэн давж гарсан цөөн зарим нь эх орондоо эргэж ирэх эрхгүй нутаг заагдан харьд насыг барсан БНМАУ-ын иргэн цөөнгүй байгаа нь баримтаар харагдаж байна. Харин үүний учир шалтгааныг судлаж, түүхийн үнэн мөнийн дэнсэнд тавих ажил харамсалтай нь өнөө хэр хийгдээгүй ажээ…

БУРИАД-МОНГОЛЫН 1850 ХҮНИЙГ БАРИВЧЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ

“…1937 оны долдугаар сарын 30-нд батлагдсан “Нударган байсан, гэмт хэрэгтэн болон зөвлөлтийн засгийг эсэргүүцэгч нийгмийн бусад элементийг цээрлүүлэх ажиллагааны тухай” ЗСНБХОУ-ын ДХАК-ын шуурхай тушаал №00447 ”маш нууц” гэсэн цохолттойгоор гарчээ.

Энэ тушаалын хэрэгжилтээр 1937-1938 оны “их хядлага” хэмээн нэрлэгдсэн хэлмэгдүүлэлт эхэлсэн гэж судлаачид үздэг. Энэ үеийг зөвлөлт оросын түүхчид, судлаачид уг тушаалд гарын үсэг зурж хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж зохион байгуулсан ДХАК-ын удирдагч Ежовын нэрээр “ежовщина” буюу “ежовчлол” гэж бас томьёолж ирсэн байдаг. Энэхүү тушаалд баривчлах хүмүүсийн тоо хязгаарыг бас нарийвчлан тогтоож, заавал биелүүлэх төлөвлөгөө гаргаж өгсөн байна. Уг төлөвлөгөөгөөр бол Буриад-Монгол улсаас нийтдээ 1850 “хүн эсэргүү”-г баривчлахаар заасан байжээ.

1937 онд гаргасан тушаалын талаар ингэж дэлгэрэнгүй нуршихын учир нь БНМАУ-ын иргэдийг яг энэ тушаал заавраар хилс хэрэгт хамруулан яллаж, Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт, залхаан цээрлүүлэлтийг мөн энэ арга замаар хэрэгжүүлсэнтэй холбоотой”…

МАРШАЛ ЧОЙБАЛСАНГИЙН ГАРЫН ҮСЭГТЭЙ ОРДЕРООР, ТУСГАЙ ТАГНУУЛ АНГИЙНХАНААР, АЖИЛТНУУДАА ИЛГЭЭЖ ДАЙЧИЛГАА ЯВУУЛАХ…

…1937 оны наймдугаар сард ДХАК-ын орлогч М.Фриновский тэргүүтэй зөвлөлтийн төлөөлөгчид\их хядлага хийх ажлыг зохион байгуулахаар\ ирэхдээ өөрсдөө бэлтгэсэн бэлэн нэрстэй, бас баривчлах залхаан цээрлүүлэх\БНМАУ-д суух бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Мироновын ажиллаж байсан Баруун Сибирийн ДХАК-ын удирдах газрын ажилтнууд, мөрдөгчдийн хамт\ бригадтай, өөрсдийн сүр хүчийг баталгаажуулсан улаан армийн анги нэгтгэлүүдийг хилээр оруулсан зэргээр бүхий л бэлтгэлээ хангасан байсан. Монгол руу ирэх замдаа жанжин Г.Дэмидийг Эрхүүгийн ойролцоох Тайга өртөөн дээр тосч уулзан хордуулан амь насыг нь егүүтгэх арга ажиллагаагаа ч бас нарийн зохион байгуулсан гэдгийг ОХУ-ын судлаачид баримтаар нотолжээ.

Энэ бол Монголын иргэдийг харь гүрэнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн амь насыг нь егүүтгэсэн бас нэгэн тодорхой баримт мөн.

БНМАУ-ын иргэдийг ДЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсангийн гарын үсэгтэй ордероор баривчлах, Монголын нутагт байрлаж байсан улаан армийн анги нэгтгэлүүдийн дэргэдэх тусгай тагнуул ангийнханаар баривчлуулах, Баруун Сибирийн болон Зүүн Сибирийн ДХАК-ын удирдах газраас ажилтнуудаа илгээж дайчилгаа явуулах гээд олон арга замаар баривчилж, хойш нь хүргэж байжээ.

Тухайлбал, БНМАУ-ын Ерөнхий сайд А.Амарыг ДЯЯ-ны сайд Х.Чойбалсангийн гарын үсэгтэй 10 тоот ордероор мөн БНМАУ-ын Бага хурлын дарга Дансранбилэгийн Догсомыг 1939 оны долдугаар сарын 9-ны өдөр БНМАУ-ын Ерөнхий сайд, Дотоод явдлын яамны сайд Х.Чойбалсангийн тушаалаар баривчилжээ. Д.Догсомыг баривчлахад Х.Чойбалсангийн өрөөнд ЗХУ-ын бүрэн эрхт элчин төлөөлөгч Иванов, ДЯЯ-ны орлогч сайд Жамбалдорж нар байсан гэдэг. Мөн БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Лосол, Худалдааны сайд Д.Чагдаржав нарыг томилолтоор явуулах нэрийн дор хуурч мэхлэн Зөвлөлтийн цэргийн ачааны онгоцонд суулган хойш нь илгээсэн, Лхүмбийн хэрэгт шийтгэгдсэн 120 гаруй хүмүүсийг ДХГ-ынхан баривчлан Эрхүүгийн чекистүүдийн гарт хүлээлгэн /Эрхүүгээс чекистүүд ирж ажилласныг ОХУ-ын судлаачид бичсэн/ өгч ачааны машинд суулган хил давуулах зэрэг арга замаар ЗСБНХУ-д явуулж тэндэхийн хуулиар шийтгэн шорон гяндан, лагерьт хорьж байжээ.

Үүний нотолгоо нь Эрхүү хотын улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан номонд Амгалангийн Дэмбэрэл, Очирын Бааст, Аюурын Дамдинжав, Бадамын Рэнцэншарав, Бадамын Базар, Бадамын Намдаг, Бадамын Дорж, Бадамын Цагаанхүү, Базарын Балдан, Базаржавын Емкил, Базарын Лувсандорж, Базарын Чулуунгарав, Санжийн Базарсад, Балдангийн Доржханд, Балдангийн Чойдог, Балдангийн Чойням, Бандийн Даз, Банзрагчийн Раднаа, Баастын Дугар, Баастын Шодой, Батмөнхийн Балдан, Батын Жав, Буянтын Балдан, Билэгийн Шарав, Василийн Бадамцэрэн, Башуудайн Ишдорж, Бүүвэйн Буджав, Балдоржийн Бат нарын 28 монгол иргэн 1934 оны хоёрдугаар сарын 3-нд баривчлагдан ЗСБНХУ-ын Эрүүгийн хуулийн 58-2, 58-6-гаар яллагдан 5-10 жилийн хорих ял эдэлсэн, тэднийг ЗСБНХУ-ын прокурорын 1989 оны тавдугаар сарын 29-ний шийдвэрээр цагаатгасан тухай баримт байна.

Эдгээр нэрсийг ЦАУЗБУК-ын сан хөмрөгт хадгалагдаж буй нэрстэй тулгаж үзэхэд зарим хүний нэрс байхгүй байгаа нь бидний хийсэн бүртгэл бас л бүрэн бус байгааг харуулж байна. Тухайн үеийн заавар журам, тогтоол шийдвэрээс үзэхэд хоригдлуудын нэгдсэн ерөнхий дүн мэдээг төврүү явуулдаг, бусад нарийн мэдээ мэдээлэл тухайн тухайн лагерь, шорон гяндангийнхаа архивт хадгалагддаг байжээ. Тэгэхээр хойно хэлмэгдсэн иргэдийнхээ нэрс, тоогтогтоохын тулд хүн бүрийн ял эдэлж хоригдож байсан газрын архивын баримт материалыг нягтлан үзэхээс аргагүй байдал харагдаж байна…

ДЕЛО ¹17093

1939 оны долдугаар сараас өмнө баривчилсан монголчуудыг шоронд хорьж, байцааж байгаад долдугаар сард баривчилсан бусадтай нь нийлүүлэн зөвлөлтийн цэргийн онгоцоор ЗХУ-ын Чита хот хүргэжээ. Тэднийг бүгдийг Читад хүргэсэн нь зам харилцааны боломжтой холбоотой байсан бололтой. Учир нь Баруун болон Зүүн Сибирийн ДХАК-ын салбар байгууллагын ажилтнууд цэргийн онгоцоор байнга ирж, очиж Монголын ДЯЯ-ны ажилд заавар зөвлөгөө өгөх, цэргийн зориулалттай бараа зөөх, мөн Монголоос түүхий эд ачдаг байжээ.

Баривчлагдагсдыг Чита хотод мөрдөн байцааж байхдаа “панмонгол”-ын хувьсгалын эсэргүү хорлон сүйтгэх бүлэг байгуулж, Японы цэрэг-тагнуулын байгууллагын дэмжлэгээр зэвсэгт бослого гаргаж, монголд төрийн эргэлт хийхээр бэлдэж байсан гэх хэрэг тулган хүлээлгэжээ. Долдугаар сарын турш, наймдугаар сарын эхэн хүртэл дахин дахин байцааж, нүүрэлдүүлж, хэрэг бүрдүүлэн төв рүү буюу ЗХУ-ын ДХАК-ын удирдлагад илгээсэн байна. Удаа ч үгүй ДХАК-ын дарга Бериягийн гарын үсэгтэй шийдвэрээр тэдний хэргийг Москва руу татжээ. Энэ бол “зохиомол” хэрэгт хэр ач холбогдол өгч байсныг харуулж байгаа үйлдэл яах аргагүй мөн. Японы цэргийнхэний үйл ажиллагаа идэвхжиж, хойт хятадад дэглэмээ тогтоон, Монголын хил рүү өнгөлзөж байсан энэ цаг үед Зөвлөлтийн эрх баригчид ээлжит зохиомол хэрэг бүрдүүлэн БНМАУ-ын удирдах ажилтнуудыг хамруулсан нь тодорхой зорилготой байсныг бид дээр өгүүлсэн. Их гүрний эрх ашиг гэгч дээ тулаад ирэхийн цагт олон улсын харилцаанд мөрдөгддөг дэг журам, дипломат ёс энэ тэр мартагддаг, тэр тусмаа их гүрэн, буурай жижиг Монгол хоёрын харилцаа ийм болдог ажээ.

Японы тагнуулын байгууллагатай холбоотой “панмонгол”-ын хувьсгалын эсэргүү бүлгийн хэргийг эрүүгийн мөрдөн байцаалтын Дело ¹17093 гэж дугаарласан байна. Энэ бүлэг хэрэгт монголд ажиллаж байсан 57 дугаар онцгой корпусын штабын дарга, хурандаа генерал А.М.Кущев болон зөвлөлтийн хэд хэдэн хүн хамрагдсанаас гадна одоогоор бидэнд олдсон баримтаар А.Амар, Д.Лувсаншарав, Д.Лосол, С.Довчин, Г.Даншийцоодол, Г.Дамба, Р.Мэнд нарын зэрэг монголын удирдах албан тушаалын 40-өөд хүнийг хамруулан шийтгэж яллажээ. Манай түүх бичлэгт “Амар, Довчин нарын хэрэг”, “Лувсаншарав, Лосол, Догсом нарын хэрэг” гэж ялган нэрлэж байвч Зөвлөлтийн ДХАК-ын хувьд энэ нь “Дело ¹17093” гэсэн дугаартай нэг бүлэг хэрэг хэмээн тооцогдож байжээ…


URL:

Сэтгэгдэл бичих