Д.Батсүх: Т.Билэгтэд өмгөөлөл үзүүлэхгүй

Д.Батсүх: Т.Билэгтэд өмгөөлөл үзүүлэхгүй

Хуульчдын Анхдугаар их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан билээ.

Энэ үеэр хэд хэдэн чухал асуудлын хүрээнд ярилцаж, шийдвэрт хүрсэн байна. Мөн тэд холбооныхоо ерөнхийлөгчийг энэ үеэр сонгосон юм.

Тиймээс ч Монголын Хуульчдын холбооны шинэ ерөнхийлөгч Д.Батсүх өчигдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн. Энэ үеэр түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хуульчдын Анхдугаар их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай явагдаж өнгөрлөө. Энэ үеэр хэд, хэдэн чухал асуудлын хүрээнд ярилцсан. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд бид анхдугаар их хурлаа амжилттай зохион байгуулж завсарлалаа. Ингэхдээ бид хэлэлцэх ёстой асуудлынхаа эхний дөрвийг нь хэлэлцсэн. Хамгийн чухал нь энэ үеэр бид холбооныхоо дүрмийг баталлаа. Дүрэм батлагдсанаар Хуульчдын холбоо албан ёсоор байгуулагдаж байгаа юм. Хуульчдын холбоо гэдэг бол төрийн тодорхой чиг үүргийг шилжүүлж авч буй мэргэжлийн өөрөө удирдах байгууллага юм. Үүнээс хойш хуульчдын мэргэжлийн ёсзүйн асуудлыг зохицуулж, нэг талаараа хуульчдаа дэмжиж, нөгөөтэйгүүр иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлнэ.

Хуульчдын холбооны гишүүнчлэлийн хураамжийг тогтоосон. Энэ сэдвээр хэлэлцсэний эцэст сар бүр 20 мянган төгрөгийн хураамжийг авахаар болсон. Хурал ирэх сард үргэлжилнэ. Энэ үеэр үлдсэн асуудлуудаа хэлэлцэж, шийдвэрлэх юм.

Хамгийн гол нь бидний нэгдсэн байр суурь бол мэргэжлийн лиценз авсан хуульч бүр холбооны гишүүн. Хуульчдын холбооны гишүүн бүр дүрмийн дагуу ажиллах ёстой. Дүрмийн дагуу ажиллаагүй л бол албан тушаалгүй болно. Ингэхээр дүрэм баримталдаггүй хуульч гэж үгүй болно. Харин бүртгэлийн ажлыг би хариуцан ажиллах юм.

-Таны хувьд холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Ажлаа юунаас эхлэх вэ?
-Хуульчдын анхдугаар их хуралдаанаас олонхийн санал авч, хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг хүлээж, хоёр жил ажиллахаар сонгогдлоо. Миний 17 жилийн туршлага дээр үндэслэж, хуульчдын нийтлэг эрх ашгийг хангаж ажиллаж чадна гэж итгэл хүлээлгэж, даалгавар өглөө гэж ойлгож байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг гаргах болсон үндсэн шалтгаан нь хуульчийн мэргэжлийн хариуцлагыг дээшлүүлэх, нийгэм дэх хуульчдын нэр хүндийг өсгөх зорилготой байсан. Хуульчдын холбооны хийж хэрэгжүүлэх үндсэн гол ажил маань энэ. Мэргэжлийн хариуцлагыг дээшлүүлэх ёстой. Хариуцлагатай л байж чадах юм бол нэр хүнд аяндаа өснө.

Их хурлаар яригдсан гол асуудал нь хуульчийн мэргэжлийн хариуцлага байлаа. Хуульчдын нэгдсэн дүрмээр мэргэжлийн хариуцлагын тогтолцоог бий болгох ёстой. Үүнд хариуцлагатай хандах үүднээс дараагийн хурлаар мэргэжлийн дүрмээ үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Их хурлаас гарсан энэ шийдвэрийн хүрээнд миний бие болон ажлын хэсэг тодорхой ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн.

-Өмгөөллийн байгууллагын хүн гэдэг утгаар нь энэ чиглэлдээ голлон анхаарал хандуулах байх гэж харж байгаа хүмүүс байна?
-Би холбооныхоо ажлыг дан ганц өмгөөллийн ажил гэж харахгүй байна. Олон салбарын хүмүүс нэг тогоонд ороод ирэхээр өөр өөрсдийнхөө эрх ашиг, өөрсдийн амбицийг ярьдаг. Холбооны гишүүд маань өмгөөлөгч нь өмгөөлөгчийнхөө, прокурор нь прокурорынхоо асуудлыг яриад ороод ирвэл нийтлэг эрх ашиг юу юм бэ гэдгийг нь л харна. Намайг сонгох болсон нэг шалтгаан нь өмгөөллийн ажлын хажуугаар сонгуульт ажлуудыг хийж байсантай холбоотой байх. Прокурорын байгууллагын мэргэжлийн хорооны гишүүнээр, Шүүхэд сахилгын хорооны гишүүнээр ажиллаж байсан зэрэг нь хэн нэгэнд давуу эрх олгохгүй, нийтлэг эрх ашгийг баримтлах чадвартай байх гэсэн үнэлэлт гэж харж байна.

-Энэ холбоо нь төрийн чиг үүргийг шилжүүлж авч байгаагаараа онцлог. Тухайлбал, ямар үүргийг авч байна вэ?
-Товчоор хэлбэл, өөрсдийнхөө эгнээнд орох хүмүүсийг “төрүүлэх”-ээс эхлээд “үдэх” хүртэл бүхий л эрхийг шилжүүлж авлаа. Өөрөөр хэлбэл, хуульч бэлтгэдэг их дээд сургуулиудыг магадлан итгэмжлэх эрхийг авсан гэсэн үг. Холбооноос магадлан итгэмжлэл авсан сургууль төгссөн эрх зүйч л Хуульчийн мэргэжлийн сонгон шалгаруулалтад орох эрхтэй. Мөн хуульчийн мэргэжлийн хариуцлага тогтоох, тооцох эрхийг шилжүүлэн авсан.

Тухайлбал, өмгөөлөгчдийн үйл ажиллагааны эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхийг, шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах, прокурорыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг тухайн байгууллагын захиргааны байгууллагаас шийддэг байсныг Хуульчдын холбоо хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр хуульчид өөрсдөдөө хариуцлага тооцдог, шийддэг болж байна. Нэг талаас нь харвал энэ бүх боломжийг бид өөрсдөө олоод авчихсан хэрэг гэхээс илүүтэй, төр засгийн бодлого нь олон түмэн рүүгээ чиглэсэн, мэргэжилтнүүдэд боломжийг нь олгосон зөв бодлого гэж харж байна. Өмнө нь хуульчийн гэрчилгээг Хууль зүйн яамнаас олгодог байсан. Манай холбооны нэг онцлог нь төрийн тодорхой чиг үүргүүдийг өөртөө авч, мэргэжилтнүүд өөрсдөө бие даан шийдвэрлэдэг анхны тогтолцоог Монголд бий болгож байгаагаараа онцлог. Үүгээрээ бидэнд хариуцлагатай байх үүрэг ногдож байна. Төр өөрийнхөө үүргээс татгалзаад өгч байгаа ажлыг нь бид нэр хүндтэйгээр хийх ёстой. Энэ нь дараа дараагийн мэргэжлийн байгууллагуудад төрийн чиг үүргийг өөртөө авч хэрэгжүүлэх боломжийг нээж өгөхөд жишиг, үлгэр жишээ болно.

-Магадлан итгэмжлэлийн асуудлыг дагаад багагүй маргаан дэгдэх болов уу?

-Гарна. Иймд ямар сургуульд сурах вэ гэсэн хувь хүний сонголт их чухал. Бидний зорилго хуульч гэх мэргэжлийн эгнээг чадварлаг мэргэжилтнээр хангах. Ийм бодлого барьж байж л хуульчдийн нэр хүнд өснө. Чадваргүй боловсон хүчнээс болж л хуульчдийн нэр хүнд унаж, хүний эрх ашиг хохирч байна шүү дээ.

-Хуульчдын холбоог үнэнч шударга шийдвэр гаргана гэдэгт яаж итгэх вэ. Магадгүй иргэд үүнд эргэлзэж байж болох юм?
-Ганцхан жишээ хэлэхэд Хуульчдын мэргэжлийн хариуцлагын хороог хуульчид өөрсдөө бүрдүүлнэ. Жишээ нь Мэргэжлийн хариуцлагын хороонд орох шүүгчдийн төлөөллийг прокурор, өмгөөлөгчид шийднэ. Зөрүүлээд прокурорын төлөөллийг өмгөөлөгч, шүүгчид нь шийднэ. Өөрсдөдөө хяналт тавиулах хүмүүсээ өөрсдөө сонгоно. Хэн шударга, хэн бодитой сонгож чадах хүнээ өөрсдөө сонгоно. Хэн нэгэн дарга биш, өөрсдөө сонгоно.

-Их хурлын үеэр энэхүү холбоо нь бусад байгууллагатай хэрхэн харилцах тухай асуудлыг хөндөж байсан?
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулинд хуулийн хэрэгжилтийн талаар хяналт тавих чиг үүргийг Хууль зүйн яам, Хууль зүйн байнгийн хороо харилцахаар хуульчилсан байдаг. Шүүх, прокурорын байгууллагатай, Өмгөөлөгчдийн холбоотой Хуульчдын холбоо нь зөвхөн гишүүдийнхээ эрх ашиг, гишүүдийн үйл ажиллагааны хүрээнд л харилцана. Шүүх дээр нэг онцлог бий. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэг гишүүнийг нэр дэвшүүлэх эрх Хуульчдийн холбоонд очсон. Ингэснээр Хуульчдын холбоо нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн захиргааны байгууллагад төлөөллөө оруулах боломжтой болж буй юм. Мөн Шүүгчдийг сонгох мэргэжлийн хороонд нийт хуульчдийн төлөөлөл буюу холбооны төлөөлөл нээлттэй байдлаар орсон.

-Санхүүжилтийг хаанаас бүрдүүлэх вэ?
-Холбооны үндсэн санхүүжилт бол гишүүнчлэлийн хураамжаас бүрдэнэ. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор санхүүжүүлэх боломжтой гэж харж байгаа. ТББ ямар байдлаар санхүүжилтээ бүрдүүлдэг вэ тэр бүх гарц нээлттэй гэж үзэж байна. Нэг гишүүний сар тутам төлөх мөнгөний хэмжээг тогтчихсон. Үүнийг хурал дээр ярьсан байгаа. Хуульчдын холбоонд бүртгэлтэй 4600 хуульч гээд тооцоод гаргахаар нэг тоо гарна. Татварын хэмжээг тодорхойлоход мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргах үеэр 3500 хүний татвар орно гэж тооцсон юм байна билээ. Нэгэнт өөрөө удирдах ёсны байгууллага учраас төрөөс ямар нэгэн санхүүжилт олгохгүй.

-Холбоо өөр дээрээ нэлээд ачаалал авч байгаа юм байна, тийм үү?
-Жигдрэхийн тулд нэлээд хугацаа орно. Их ч зүйл хийх хэрэгтэй. Одоогийн холбооны удирдлагад ажиллах хүмүүст, чиг үүргийн хорооныхонд асар их ачаалал ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Холбооны гол ажил маань чиг үүргийн хороодоор дамжиж хэрэгжинэ. Төрөөс шилжиж байгаа тэр чиг үүргүүдийг хуулиар ч, холбооны дүрмээр ч хороод хийхээр байгаа. Тухайлбал, их дээд сургуулиудын магадлан итгэмжлэл хариуцсан хороо, Хуульчийн сонгон шалгаруулалтын хороо гээд бүтэц бий болно.

-Сүүлийн үед авлига, албан тушаалын хэргүүд хуулийн байгууллагуудад олноор шалгагдах боллоо. Гэвч зарим нь шийдвэрлэгдэх шатандаа очоод замхардаг, эсвэл хэрэгсэхгүй болоод дуусч байна. Танай холбооноос үүнд анхаарал хандуулж ажиллах боломж бий юу?
-Хуульчдын холбооны үйл ажиллагаа аливаа төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх явц, шийдвэртэй ч ямар холбоо хамааралгүй. Өөрөөр хэлбэл, хуульчдыг мэргэжлийнх нь эрх ашиг, үүрэг хариуцлагынх нь хувьд нэгтгэсэн холбоо учраас хэрэг хянан шийдвэрлэх явцтай нь холбоотой ямар ч үйл ажиллагаа явуулахгүй. Тодорхой яригдаж буй хэргүүдэд тухайн шүүгч, прокурор, өмгөөлөгчид маань мэргэжлийнхээ хүрээнд бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах эрх дээр нь Хуульчдын холбоо оролцохгүй байна гэсэн хатуу бодлого барьж ажиллана.

-Та НИХТ-ийн дарга асан Т.Билэгтийг өмгөөлж байсан. Энэ хэргийг шалгах явц ямар шатандаа явж байна вэ. Ингэхэд та цаашид өмгөөллийн үйл ажиллагаа явуулах уу?
-Хуульчдын холбоо бол шүүх таслан ажиллагаанд оролцдог мэргэжилтнүүдийг эрх ашгийнх нь, хариуцлагынх нь хувьд нэгтгэсэн байгууллага учраас үүнээс ангид байх ёстой. Т.Билэгт гуайн тухайд одоогоор мэдээлэл өгөх боломж алга. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх ярих боломжгүй. Миний бие нэгэнт Хуульчдын холбооны ерөнхийлөгч гэсэн хариуцлагатай албанд сонгогдсон учраас цаашдаа өмгөөллийн үйл ажиллагаа явуулахгүй. Тухайн хэргүүдэд тэр ч өөр бусад байдлаар ажиллаж байгаа бүх үүргээс чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл, энэ цаг мөчөөс эхлээд өмгөөлөл үзүүлэхгүй гэсэн үг. Дараагийн хурал хүртэлх 30 хоногийн хугацаанд би өөрийнхөө хийж буй бусад ажил, албан тушаалаа бүгдийг нь шилжүүлж өгнө.

-Өнөөдөр улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиох гэж байна. Нэг намын тогтолцооны үед улс төрийн арх ашигт золиослогдон эрхээ хасуулсан өмгөөлөгчид ч байдаг. Тухайлбал, Д.Энхбат агсны өмгөөлөгч Л.Санжаасүрэн гуай байна. Энэ хүмүүсийн эрхийг хуулийн дагуу судлаад сэргээх боломж бий юу?
-Л.Санжаасүрэн гуайн асуудлыг би маш сайн санаж байна. Намайг 2003-2004 онд Өмгөөлөгчдийн холбоонд Сахилгын хорооны гишүүнээр ажиллаж байх үед гомдол ирж байсан. Тухайн үед өргөдөл гомдлыг хариуцаж шалгаад шийдвэр гаргаж байсан. Зөрчил бол байсан, гэхдээ гомдолд дурдсан шиг хэмжээнд байгаагүй. Тухайн үед сануулах шийтгэл оногдуулсан. Харин сүүлд гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон учраас эрхийг нь хассан байсан. Саяхан сонссоноор түүний өмгөөллийн эрх нь нээгдсэн гэсэн.

Х.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих