Ларри Кинг Си-Эн-Эн-д эргэн ирлээ

Ням гарагийн үдэш алдарт хөтлөгч Ларри Кинг телевизийн Си-Эн-Эн сувгаар “Санаанд оромгүй зүйл: Альцгеймер өвчний тахал” буюу англиар “Unthinkable: The Alzheimer’s Epidemic” гэдэг нэртэй эдгэшгүй өвчнөөр өвчилсөн хүмүүст зориулсан тусгай нэвтрүүлгийг хөтөлжээ.

“Associated Press” агентлагийн мэдээлснээр, тус нэвтрүүлэгт Ларри Кингийн хамт АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейганы хүү 52 настай Рон Рейган оролцжээ. Тэд Лас-Вегас хотын Альцгеймер өвчний эмчилгээгээр дагнасан эмнэлэгт очсон байна. Нэвтрүүлгийн зураг авалтын явцад Альцгеймер өвчинд өртөж байгаа шалтгааныг тогтоох эмнэлгийн шинжилгээ явуулжээ. Нэвтрүүлгийн нууцыг хадгалах үүднээс хэн үзлэг шинжилгээ явуулсныг Ларри сэтгүүлчдэд хэлэхээс татгалзсан байна.

Ерөнхийлөгч Рональд Рейган амьдралынхаа сүүлийн жилүүдийг Альцгеймер өвчнөөр шаналан өнгөрүүлсэн билээ. “Би цоо эрүүл, гэхдээ хижээл насныхан ийм өвчин тусах эрсдэлийн талаар бодохгүй байж болохгүй” гэж өдгөө 77 настай Ларри Кинг хэлжээ. Мөн хөтөлбөрт Альцгеймер өвчнөөр өвчилсөн америкчуудын төрөл садныхан оролцсон байна. “Alzheimer’s Association” байгууллагын мэдээлснээр, АНУ-ын 5,4 сая хүн уг өвчнөөр шаналж байгаа бөгөөд энэ зууны дунд үе гэхэд тэдний тоо 16 саяд хүрч өсч болзошгүй ажээ.
Ларри Кинг Си-Эн-Эн-д сувагт зориулж өөр хоёр ч хөтөлбөр бэлтгэхээр төлөвлөсөн байна. Нэг нь бейсболд зориулсан бол нөгөө нэвтрүүлэгт нь жүжигчин Жонни Депп оролцох гэнэ. Өөрт нь өдөр тутмын эфирийн цаг хүрэлцэхгүй байгааг Ларри хүлээн зөвшөөрөөд, Японд болсон газар хөдлөлт эсвэл Египетийн хувьсгалын тухай нэвтрүүлэг бэлтгэхийг хүсч байгаагаа дурджээ.
Ларри тавдугаар сарын дундуур АНУ-ын хотуудаар хошин шогийн аялан тоглолт хийж эхэлнэ.


URL:

Сэтгэгдэл бичих