Б.Найдалаа: Банкны салбарын эрх зүйн орчныг шинэчлэх хэрэгтэй байна

Б.Найдалаа: Банкны салбарын эрх зүйн орчныг шинэчлэх хэрэгтэй байна

Азийн банкны холбооны XXX удаагийн чуулга уулзалт энэ сарын 12-13-нд Улаанбаатар хотноо анх удаа болох гэж байгаа билээ.

Тус чуулга уулзалтыг зохион байгуулж буй Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Б.Найдалаатай ярилцлаа.

-Азийн банкны холбооны XXX удаагийн чуулга уулзалтад хэчнээн төлөөлөгч оролцох вэ. Чуулганы сонин сайхнаас хуваалцаач?
-Азийн банкны холбооны XXX чуулганыг Монголын банкны холбоо гишүүн байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Анх удаа манай улсад болох гэж буй чуулга уулзалт нь “Ази: Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр” гэсэн уриан дор чуулна. Энэ удаагийн чуулга уулзалтад Ази, Номхон далайн бүс нутгийн банк, санхүүгийн салбарын төлөөлөл, мэргэжилтнүүд оролцох юм. Азийн банкны холбоо нь 30 гаруй жилийн түүхтэй. Тайванд төвтэй банкны холбооны хувьд жил бүр өөрийн гишүүн орныхоо хүрээнд чуулганаа зарлан явуулдаг. Азийн банкны холбоо нь Азийн банк, санхүүгийн байгууллагын нэгдсэн мэргэжлийн холбоо юм. Чуулга уулзалтад гишүүн орны 70 гаруй төлөөлөгч албан ёсоор оролцохоор бүртгүүлээд байна. Мөн Монголын банкны холбооны төлөөлөл, Монголын банк, санхүүгийн байгууллагынхан өргөн бүрэлдэхүүнтэй оролцох юм. Нийтдээ 200-250 орчим төлөөлөгч XXX чуулга уулзалтад оролцох төлөвтэй байна. Чуулганы үеэр зөвхөн хурал болоод зогсохгүй хэлэлцүүлэг өрнөх юм.

-Тус чуулга уулзалтыг зохион байгуулах болсон нь манай улсын хувьд нэр төрийн хэрэг байх. Монгол Улс дэлхий нийтийн хараанд өртөж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож болох уу?
-Азийн банкны холбоо Монголд XXX чуулга уулзалтаа албан ёсоор зохион байгуулах гэж байгаа нь Монгол Улс Азийн тивийн хараанд төдийгүй дэлхийн нийтийн сонирхолд өртөж буй хэрэг. Тэр тусмаа Монголын эдийн засгийн эрчимтэй өсөлт, өнөөгийн банкны салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын таатай боломж нь бүс нутгийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг тодорхой хэмжээгээр татаж байна. Нөгөө талаасаа Монгол Улс зах хязгаарын улс биш болсныг нотолж байгаа хэрэг. Ямар ч байсан бүс нутгийн хэмжээнд чуулах санхүүгийн төв болж буйн тод илэрхийлэл юм болов уу. Ази бүхэлдээ хөгжиж буй эдийн засаг. Тиймээс сүүлийн 30 жилд дэлхийн эдийн засгийн хөгжлийн төв болж ирсэн. Өөрөөр хэлбэл, үсрэнгүй хөгжсөн бүс нутаг юм. Азийн банкны холбоо гол төлөв Зүүн Өмнөд Ази, Солонгос, Тайванд төвлөрч байсан бол өдгөө Төв Азийн зүг үйл ажиллагаагаа хандуулж байгааг чуулга уулзалтаас харж болно.

-Монголд банкны салбар хэр тогтворжиж, хөгжиж байна вэ?
-Сүүлийн 20 жилд Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжлээ шүү дээ. Шилжилт бүрэн дууссан гэж үзэж байгаа. Тэгвэл Монголд хамгийн ажилттай шилжилт хийсэн, ахиц дэвшил гаргасан, ирээдүйнхээ амжилтын суурийг найдвартай тавьж чадсан нь банкны салбар. Байгууллага болоод бизнесийн чадавх, хүний нөөцийн хувьд ч бусад салбарын өсөлтөөс илүү хөгжсөн. Шүүмжлэл байгаа ч банкны засаглалын хөгжил тун сайн байгаа. Монголын бизнесийн талбарт тэргүүлэх салбар бол банк санхүүгийн салбар гэдгийг онцлон хэлье. Банк ДНБ-нд нэлээн өндөр хувь эзлэх болсон нь тодорхой хэмжээнд банкжиж байгаа хэрэг. Түүнчлэн санхүүгийн салбар хөгжиж байгаагийн нэг илрэл. Хэлбэр талаасаа харахад Монголд банкны тогтолцоо хөгжөөд байгаа боловч олон улсын жишиг болон ханасан эдийн засагтай орнуудтай харьцуулахад дөнгөж эхлэл төдий байгаа. Тиймээс одоогийн хөгжилд бид ханаж болохгүй. Банк ДНБ-ий хэмжээнээс хэд дахин илүү актив хөрөнгөтэй байж болно. Тэгж байж банк зээл өгөх, зээл нь хүртээмжтэй, банкууд нь хүчтэй болох юм. Мөн том төслөө санхүүжүүлэх чадамжтай болно гэсэн үг. Монголд банкны салбар хөгжих орон зай, боломж нээлттэй байгааг дурьдах нь зүйтэй.

-Банкны салбар илүү хурдацтай хөгжихөд аль талын дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна вэ?
-Аль ч салбарыг хөгжүүлэхийн тулд бизнес гэхээс илүүтэй мэргэжлийн холбоог нь дэмжих хэрэгтэй. Тухайлбал, үндэсний бөхөө хөгжүүлэхийн тулд манайх  мэргэжлийн холбоог нь түлхүү дэмжих учиртай. Түүнээс түрүүлж, үзүүрлэсэн бөхөд байр, мөнгө өглөө гээд элс рүү ус хийхтэй адил. Зөвхөн түрүүлсэн бөхөө тордох нь хөгжил биш буруу хандлага юм. Үр дүнд нь юу ч хөгжихгүй. Зөв тогтолцоо бий болгох нь оновчтой. Үүнтэй адил банкны салбарыг хөгжүүлэхийн тулд мэргэжлийн холбоог нь дэмжих хэрэгтэй. Мэргэжлийн холбоогоор дамжуулж өсөлт хөгжилд хүрэх нь илүү ойр. Монголд байгаа холбоодоос сайн засаглалтай, гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалж чаддаг, санал нь удирдлагын түвшинд хүрч, хэрэгждэг байгууллага бол Монголын банкны холбоо. Банкны холбооны үндсэн үүрэг гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, гол нь мэргэжлийн нөхөрлөлийг бий болгох. Мэргэжлээрээ өрсөлдөгч бус бизнесийн хувьд өрсөлдөх болохоор харилцан нэгнээсээ суралцах, туршлага солилцох, хамтран мэргэжлийн асуудлаа хэлэлцэх, гарц олох хамгийн эрүүл хандлагатай гэж хэлж болно.

-Банкны салбар дахь эрх зүйн орчин цаг үеийнхээ нөхцөл шаардлагыг хангаж байгаа юу?
-Азийн банкны салбарынхан энэ удаагийн чуулга уулзалтаар хамтдаа мэргэжлийн асуудлаа хэлэлцэнэ. Мөн сайн туршлагаа хуваалцах юм. Улс бүрт банкны салбар харилцан адилгүй хөгжиж байна. Тухайлбал, банкны салбар давамгайлсан орон байхад хөрөнгийн зах зээл нь боломжийн түвшинд хөгжсөн, эсвэл аль аль нь хоорондоо хосолсон байх жишээтэй. Мөн төрийн өмч давамгайлсан ч бий. Зарим улс гаднын банкийг хүлээн зөвшөөрдөггүй, түүнийг хязгаарладаг.

Манай орны хувьд банкны салбар хурдацтай хөгжиж байгаа. Гэхдээ бидний өмнө яваа Зүүн өмнөд Азийн орнуудын түвшинд хүрэх арай л болоогүй байна. Монгол Улс хатуу дэд бүтцийн хувьд харьцангуй сайн хөгжсөн. Бүх сумдад банкны салбар байна. Монгол Улсын хаана ч засгийн байрнаас илүү банкны салбар байх жишээтэй. Үүнээс харахад банкны салбар харьцангуй хүртээмжтэй. Цаашдаа банкны бүтээгдэхүүнийг тэлэх, хөгжих боломж асар их байгаа. Хийх ёстой зүйл нэлээн байна. Төр засгийн бодлогын хэмжээнд хэрэгжүүлэх ажил ч байгаа.

Тухайлбал, хууль эрх зүйн орчин. Банкны салбарын эрх зүйн орчныг шинэчлэх хэрэгтэй байна. Эрх зүйн сайн орчин бий болж байж бид хөдөлдөг хөрөнгийг эрсдэл багатай барьцаалдаг болно. Эрх зүйн орчныг шинэчилж байж зээлээ төлөхгүй байгаа хүн шударгаар хууль ёсны дагуу хариуцлага хүлээдэг болно. Үүний дараа л зээлийн хүү буурах асуудлыг хөндөх нь илүү оновчтой. Түүнээс эрх зүйн орчин одоогийнх шиг байвал зээлийн хүү өндөр байна, буурсангүй гэж хэлэх ямар ч боломжгүй.

Б.Тогтох


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.