Д.Батжаргал: “Ахыгаа уучлаарай” гэж албан ёсоор хэлсэн

Д.Батжаргал: “Ахыгаа уучлаарай” гэж албан ёсоор хэлсэн

СЭЗДС-ийн захирал Д.Батжаргал нэгэн амралтын газрын тогооч руу хутга барьж дайрсан хэрэг гарсан талаар цахим сайтуудаар мэдээлсэн билээ.

Тэрбээр энэ сарын 3-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд байдаг амралтын газар дөрвөн хүний хамт очихдоо агсам тавьж, хутга барин сүрдүүлж буй бичлэг интернэтээр цацагдаад байгаа юм.

Түүнчлэн Д.Батжаргал согтсон үедээ үйлчилгээний чанар муу байна гэхээс гадна шөнө архи гаргаж өг хэмээн агсам тавьсан аж. Ингээд түүнтэй холбогдож, дээрхи асуудлын талаар таван үг солилоо.

-Та амралтын газар амарч байхдаа бусад руу хутга барин дайрсан, амь насанд нь заналхийлсэн гэсэн мэдээлэл байна. Ямар шалтгааны улмаас ингэсэн юм бэ?

-Үйлчилгээнээс болж бидний дунд маргаан үүссэн юм. Хэсэг хүмүүсийг дагуулаад гайгүй амралтын газар ирчихлээ, захиалга өгчихлөө гэж бодсон. Гэтэл биднийг очиход ямар ч зүйл бэлэн болоогүй байсан. Дээрээс нь үйлчилгээний чанар маш муу байсан юм.

-Тэгээд та хутга барьж дайрсан хэрэг үү. Үйлчилгээ муу байна гэсэн шалтгаанаас болж уу?

-Ийм үйлдэл гаргасан нь яах аргагүй миний буруу. Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор тийм үйлдэл гаргасан гэдгээ огт мэдээгүй. Харин өглөө бичлэг үзүүлэхэд л мэдсэн. Түүнчлэн амралтад явж байгаа хүмүүс чинь хорхог хийж иднэ. Тэр утгаар өмднийхөө тэлээнд хийчихсэн байсан хутгаа гаргасан юм шиг байна билээ.

-Тус үйлчилгээний газрынхнаас гаргасан алдааныхаа төлөө та уучлал гуйсан уу?

-Тэгсэн. Ахыгаа уучлаарай гэж албан ёсоор гуйсан. Улмаар энэ асуудлыг Баянчандманийн цагдаа шийдвэрлэчихсэн.

Б.Яруу /Монголын мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.