Нарангийн энгэрт цэцэглэсэн хар тосны нууц үйлдвэр

 

   Нийслэлчүүд бид өвлийн улиралд л өөрсдийнхөө үйлдвэрлэсэн хорт утаагаар амьсгалдаг гэж боддог. Гэтэл үгүй аж. Зун ч гэсэн хорт утаа үйлдвэрлэж, түүнийгээ “иддэг” юм байна. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Улаанчулуутын хогийн цэгээс хойших уулын амууд буюу Улаанбаатарын салхины дээд талд утаа үйлдвэрлэдэг бичил үйлдвэр олноор үйл ажиллагаа явуулж байна. Уулын ам руу дөхөх тусам хар утаа суунаглаж, гуу жалга бүр нь “хар” өнгөтэй хогоор дүүрсэн байх аж. Хар утаа дээш олгойдож буй газарт манай сурвалжлах хэсэг очвол 25-30 орчим насны гурван залуу хуучин хар цааснуудыг төмөр торхонд хийгээд, гал түлэн хайлуулж байна. Тэдний хувцас  хунар, нүүр ам нь хөө тортогт баригдаад тас хар болчихсон байлаа. Эдгээр залуус 10 орчим төмөр торх эгнүүлэн тавиад хаягдал хар цаас хийн шатааж түүнийхээ дор зуйван хэлбэрийн төмөр хувин тавьсан байх юм.

 

Энэ нь ямар учиртай болохыг тэднээс асуухад, хаягдал хар цааснаас хар тосыг нь хайлуулан тосч авдаг сав хэмээн тайлбарлав. Тэдний сонирхуулж ярьснаар гаргаж авсан хар тосоо барилгын дээвэр хийдэг хүмүүст зардаг юм байна. Гэхдээ энд ажиллаж байгаа хүмүүсийн олонх нь бусдын удирдлага дор тодруулбал, том хүмүүсийн захиалгаар дээрх ажлыг хийдэг гэж байсан. Энэ газарт хэсэгхэн хором зогсоход л амьсгаа давчдаж, толгой өвдөж байв. Харин тэнд ажилладаг хүмүүс нь ”Хэцүү байна уу. Бид сурчихсан юм аа. Зүгээр л байдаг шүү дээ” хэмээж байв. Мөн тэдний үйлдвэрлэл явуулж байгаа газраас таваас зургаан алхмын цаана оромж нь байх бөгөөд эвдэрсэн машины толгой авчирч тавиад тэндээ орогиодог гэцгээж байлаа.

 

ХОГОО ТОЛГОЙТЫН ГУУ ЖАЛГАНД АСГАДАГ

 

Тэнд хар цаас шатааж байсан 30 гаруй насны эрэгтэйтэй уулзаж зарим зүйлийг тодруулав.

 

-Та нар энэ ажлыг хувиараа хийдэг юм уу, эсвэл хэн нэгэнд ажилладагуу?

 

-Би бол цалин аваад л ажилладаг. Дээрээ эзэнтэй.

 

-Сард хэдэн төгрөгийн цалин авдаг юм бэ?

 

-600 мянган төгрөг авдаг. Өдрийн 20 мянган төгрөгөөр цалинждаг. Дээр нь хоол, тамхи үнэгүй өгдөг юм.

 

-Та энд ажиллаад хэр удаж байгаа вэ?

 

-10 орчим жил ийм ажил хийж байна.

 

-Хаягдал хар цаасаа хаанаас, хэдэн төгрөгөөр авдаг юм?

 

-Худалдаж л авдаг гэсэн. Хаанаас, хэдэн төгрөгөөр авдаг болохыг нь мэдэхгүй. Дээвэр хийдэг компаниуд л бидэнд авчирч өгдөг.

 

-Та нар өвөл ч бас ажиллах уу?

 

-Үгүй ээ. Цас ороход болино. Хавар, намар л ажилладаг.

 

-Танай эзэн ямар хүн байдаг юм бэ?

 

-Эзэн нь хотод л байдаг гэсэн. Хэн гэдгийг нь мэдэхгүй.

 

-Дүүргээс хүмүүс ирж “Үйл ажиллагаагаа зогсоо, орчноо цэвэрлэ” гэсэн шаардлага тавьсан гэсэн. Үүнийг удирдлагууддаа хэлсэн үү. Юу гэж байх юм?

 

-Хэлсэн. Бид хогоо цэвэрлээд бөгнүүлээд л байгаа шүү дээ.

 

Тэдний хар цаас шатааж буй газрынх нь ойр орчмын хөрс тэр чигтээ шатсан, тас хар өнгөтэй болсон байсан. Тэднээс энэ хавийн газар яагаад ийм бохир байгааг асуухад “Шатаж байгаа хогийг хүрзээр гаргаад газар хаядаг” гэсэн тайлбарыг өгч байв. Мөн тэднээс хогоо хаана хаядаг, энэ газраа хэрхэн цэвэрлэдэг талаар асуухад “Жалга руу хийж, битүүлдэг. Толгойтын жалганууд руу л хаячихдаг шүү дээ. Газрыг нь тэгшилж өгдөг юм. Айлууд буухад амар байдаг гэсэн. Энэ чинь байшингийн дээврийн дулаалгад хийдэг л үнс” хэмээн хэнэг ч үгүй хариулсан. Тэд нэг газрыг ийм байдлаар бохирдуулчихаад удалгүй бууриа сэлгэн шинэ газарт нүүдэллэн очиж мөн л газрын хөрс бохирдуулдаг юм байна. Үүнийг нь ч нотлох мэт Улаанчулуутын хогийн цэгээс хойших уулын ам, гуу жалга, бэл нэлдээ хар тортог, үнс нурманд дарагдсан байв.

 

ХАР ЦААС НЬ НҮҮРСНЭЭС ГУРАВ ДАХИН ХОРТОЙ УТАА ЯЛГАРУУЛДАГ

 

Хаягдал хар цаасыг дахин боловсруулж, хар тосыг нь авч зарж байгаа энэ бичил үйлдвэрлэлийг дагасан хор уршиг дэндүү их аж. Мэргэжилтнүүдийн хэлснээр хар цаасыг шатаахад нүүрсний утаанаас гурав дахин их хортой утаа ялгардаг байна. Яагаад гэвэл нүүрс нь азотын хий ялгаруулдаг бол хар цаас нь хүний эрүүл мэндэд хамгийн хор хөнөөлтэй металлуудыг ялгаруулдаг аж. Тиймээс байгаль экологи, хөрсөнд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс гадна хүний биед хор учруулдаг,элдэв өвчин, хорт хавдрын эх үүсвэр болдог байна. Харамсалтай нь энэ бизнесийг эрхлэгчид үүнийг тоодоггүй аж. Мөн энэ газар Улаанбаатарын салхины дээд талд байдаг гээд бодохоор Их болон Бага Нарангийн айлууд, нийслэлчүүд зуны турш нүүрснээс хэд дахин хорт утаа ялгаруулж буй хортой агаараар амьсгалж буй юм.

 

Уг нь өнгөрсөн зургадугаар сард Сонгинохайрхан дүүргийн холбогдох албаны хүмүүс хар тосны нууц үйлдвэрийнхэн дээр “зочилжээ”. Энэ үеэр заримынх нь бичиг баримтыг хурааж, үйл ажиллагаагаа зогсоон, хог хаягдлаа цэвэрлэ гэсэн лүндэн буулгасан юм байна. Гэсэн ч тэд ажилласаар л байна. Мөн тэдэнд үйл ажиллагаагаа зогсоо гэсэн шаардлага тавихаар Хийх ажил олдохгүй байна. Та нар ажил олж өгөх юм уу. Энэ ажлыг л хийхгүй бол өлбөрч үхэх гээд байна” хэмээн бухимддаг тухай албаныхан өгүүлж байсан. Бүр зарим нь хорт утааныхаа дэргэд жаахан хүүхдээ дагуулж ирчихээд ажилладаг гэж байв.

 

ИЙМ ХҮН ОЛОН БАЙГААСАЙ

 

Биднийг тэдэнтэй уулзаад цааш хөдлөх үед бас нэг уулын аманд их утаа суунаглаж байсан. Тэр зүгт очвол Сонгинохайрхан дүүргийн иргэн П үйл ажиллагаа явуулаад бохирдуулчихсан газрынх нь хогийг цэвэрлэн шатааж суусан юм. Тэрбээр “Манайх энд ойрхон байдаг. Гэрт хог хийсч орж ирээд, амьсгалахад ч хэцүү байна. Тиймээс завтай үедээ ирж хогийг нь цэвэрлэдэг  юм. Ах нь уг нь эд нартай тэмцдэг. Өнгөрсөн жил тэмцэж яваад зодуулсан. Би ганцаардаад хүч хүрэхгүй л юм шиг байна. Хүнийх нь тоо нэмэгдээд л, бохирдуулсан газрынх нь хэмжээ ч барагдаа байлаа,” гэсэн юм.

 

НЭГ ПОРТЕР ХАЯГДАЛ ХАР ЦААСЫГ 120 МЯНГАН ТӨГРӨГӨӨР АВДАГ

 

Албан бус тоогоор Нарангийн энгэрийн хойд талд яг ийм үйл ажиллагаа явуулдаг 10 орчим нууц “үйлдвэр” байдаг аж. Нэгэнд нь ойролцоогоор хоёроос дөрвөн хүн ажилладаг юм байна. Тэд ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг. Зөвшөөрөл өгөх эрх зүйн үндэслэл байхгүй гэдгийг албаныхан хэлсэн. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд ийм үйлдвэрийн тоо  нэмэгдэж, бохирдуулсан газар нь тэлсээр байгаа аж. Зарим хүний ярьснаар энэ үйлдвэрлэл багагүй ашигтай бөгөөд нэг портер хаягдал хар цаасыг 120 мянган төгрөгөөр авдаг. Харин нэг машинаас нэг тонн орчим хар тос гаргаж авдаг. Тэгээд нэг килограмм хар тосыг 400-500 орчим төгрөгөөр зардаг байна. Ингээд бодохоор өдөрт багагүй хэмжээний орлоготой ажилладаг гэж байв.

 


URL:

Сэтгэгдэл бичих