Төр, Хууль, Боловсрол, Шашин

АРД ТҮМНИЙ ТӨР БА ҮНДСЭН ХУУЛЬ

Төр гэдэг нам биш. Ард түмний төр гэдэг бол “эрх чөлөө”, “тэгш эрх”, “шударга ёс” гэсэн ардчиллын үнэт зүйлийг дээдэлж, илүү хүмүүнлэг нийгмийг бий болгох зорилготой ард түмний хүслийн байгууллага. Ард түмний төр зөвхөн ард түмнийхээ төлөө ажиллана. Ард түмний төрөөр удирдуулсан улсад тухай ард түмэн нэгдүгээрт байна.

Ард түмний төрийг байгуулна гэвэл хамгийн түрүүнд Үндсэн Хуулиа өөрчилөхөөс эхлэх учиртай. Мэдээж Монголчууд социалист Үндсэн Хуулиудтай явсаар 1990 он хүргэсэн. 1992 оны 1-р сарын 13-ны өдөр батлагдсан Үндсэн Хууль эхлэхдээ “Ард түмэн төрийн эзэн” эсвэл “Монголын төр зөвхөн монгол хүний төлөө ажиллана”, “Монгол хүн монгол нутаг дээрээ нэгдүгээрт байна” гэсэн хүмүүнлэг заалтуудыг тусгаж өгсөн бол “ардчилал”-ын үнэр ханхлах ёстой байлаа. Харамсалтай нь үүнийг хийж чадсангүй.

Үүний шалтгаан нь Үндсэн Хуулийг хийсэн хүмүүсийн мэдлэг, чадвар дутмагтай холбоотой. Ард түмний төрийн Үндсэн Хууль хэрхэн яаж хийгддэг вэ гэхээр хүмүүс хүслийнхээ дагуу аж төрөн амьдрах боломж, бололцоог хангасан байхаар зохиогддог.

Төрийн амин сүнс Үндсэн Хуулинд байдаг. Үндсэн Хуулинд дээр хэлсэн хоёр зарчмийг хангаж, баталгаажуулах ёстой гэдэг. Энэ нь “хүний эрх” /human rights/ ба “тэнгэрлэг” /dignity/ гэсэн хоёр зарчим. Үүнийг баталгаажуулж хэрэгжүүлж чадсанаар хүний чөлөөт бөгөөд тэнцүү байдал баталгаатай болдог төдийгүй хүмүүсийн хооронд ахан дүүсэг харьцаа үүсдэг. Ингэж хүмүүнлэг нийгэм байгуулагддаг.

Нийгэм гэдэг хүмүүсийн бөөгнөрөл биш. Харин нийгэм гэдэг нэг зорилготой, нэг зарчимтай, нийтлэг үнэт зүйлтэй хүмүүсийн нэгдэл. Тэд хоорондоо харьцах зарчимуудтай. Өнөөдрийн монголын нийгмийг нийгэм гэхээс илүү хүмүүсийн бөөгнөрөл. Энд ямар ч үнэт зүйл, зарчим алга. Жинхэнэ нийгэм үүссэн газар нь тодорхой дүрмийн дагуу ард түмэн өөрсдийн төрөө байгуулдаг. Өөрөөр хэлбэл дээр хэлсэн чөлөөтэй бөгөөд тэнцүү иргэд хамтран төрөө байгуулах ёстой.

Үндсэн Хууль ард түмний хүсэл буюу үндэстний хүсэл (nation will)-ийн илэрхийлэл байх ёстой.

Мөн Үндсэн Хуулиар үндэстнийхээ хүслийг хэрэгжүүлэх үндэстний төр (nation state)-ийг бүтээн босгох зарчимуудыг тусгах ёстой.

Түүний хэрхэн ажиллах зарчимуудыг мөн тодорхойлох ёстой. Монголын өнөөдрийн Үндсэн Хууль бол зөвхөн Баруун Германы Үндсэн Хуулийн хуулбар бөгөөд Монгол хүний амьдралаас урган гараагүй төдийгүй философийн мэдлэг дээр суурилаагүй хийгдсэн. Тиймээс л өнөөдрийн Үндсэн Хууль Монголчуудын амьдралыг хамгаалж, дээдэлж чадахгүй байгаа юм. Монгол хүнээ үнэ цэнтэй болгож, монгол хүнийг дээдэлсэн хамгаалж чадах ард түмний төрийг байгуулахын хүсэж байгаа бол Үндсэн Хуулиа өөрчлөх шаардлагатай.

АРД ТҮМНИЙ ТӨР БА ХУУЛЬ

Хууль хийнэ гэдэг хуулж хийх биш. Хууль гэдэг тухайн ард түмний оршин буй газар нутаг, цаг агаарын онлогийг тооцох ёстой гэдэг. Мөн тухайн үндэстэн, ард түмний заншил, уламжлал болон дасал зэргийг сайн судлах ёстой гэдэг. Хэрэв эдгээрийг тооцоогүй зөвхөн л гаднаас шууд хуулсан хуулиуд гэвэл амьгүй бөгөөд хэзээ ч хэрэгжихгүй.

Хуулийн утга учир хүмүүсийг шийтгэхдээ биш харин хүмүүсийн амьдралыг хамгаалахад байдаг. Тиймээс л хууль хүмүүсийн амьдралыг хамгаалах хуулийг оюуны хүмүүс хийх ёстой. Хуулийг хийхэд хоёр зарчимыг баримтлах ёстой хэмээн онолчид бичсэн байдаг. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээрт хууль логиктой байх хоёрдугаарт хууль сэтгэлтэй байх.

Логиктой байна гэдэг нь хууль хоорондоо зөрчилдөхгүй, нэг заалт нь нөгөө заалтаа үгүйсгэхгүй байх ёстой гэсэн. Хууль сэтгэлтэй байна гэдэг нь хууль харгис биш бас хэт зөөлөн биш байх ёстой шүү гэдгийг тодотгодог. Тиймээс хуулийг оюунлаг хүмүүс хийх ёстой гэдэг.

Ард түмний төртэй үед хүмүүсийн амьдралыг хууль хамгаалж, хэрхэн яаж үйлдэхэд л чиглүүлдэг болохоос биш яллахдаа гол нь биш. Тодруулвал хүмүүсийн эрхийг хамгаалах ёстой. Мөн хүмүүс зөвөөрөө яваад байхыг дэмжих ёстой түүн рүү чиглүүлэх ёстой гэдэг. Эцсийн эцэст хүн зөвөөрөө явж байхад хэзээ ч хууль зөрчихгүй байхаар хууль хийгдэх ёстой юм.

Ард түмний төртэй улсын шүүх хурал эцэстээ “Ард түмний нэрийн өмнөөс” хэмээн бичсэн байдаг. “Төрийн нэрийн өмнөөс” ард түмнийг шийтгэж болохгүй. Яагаад гэвэл ард түмний төр учраас мөн ард түмний дээр юу ч байхгүй учраас. Тиймээс шүүхийн ямар ч шийдвэрийн эцэст “ард түмний нэрийн өмнөөс” гэдэгээ тодотгон илэрхийлэх учиртай.

АРД ТҮМНИЙ ТӨР БА БОЛОВСРОЛ

Ард түмний төртэй улс оронд төр, засгийн албатууд нь мэдлэгтэй, боловсролтой байх төдийгүй төрийг бүрдүүлж байгаа ард түмэн мэдлэг, боловсролтой байсан цагт л хөгжил явагддаг. Яагаад гэвэл ардчилсан тогтолцоо өөрөө мэдлэг боловсролыг шаарддаг онцлогтой систем юм. Аливаа хүн боловсролтой болсноор хуучнаас хөндийрөх бас хоцрогдсоноос мултрах. Боловсролтой хүн үлгэр домог, ид шид болон сүсэг бишрэл гэх мэт баталгаагүй эргэлзээтэй зүйлсээс чөлөөлөгдсөн хүн. Ингэж чөлөөлөгдөж чадсан хүн нэг үгээр хэлэхэд өөрийгөө чөлөөлж чадсан хүн боловсролтойгийн шинж гэдэг. Боловсролгүй хүн бүгдэд итгэнэ бас үнэмшинэ. Боловсрол гэдэг жинхэнэдээ юмыг ойлгох чадвар. Яагаад ийм байгаа юм бэ? Үүний шалтгаан нь юу вэ гэдгийг араас нь асууж, үнэн үү, баталгаатай юу гэдгийг шалгах.

Өнөөдрийн дипломоор хүний боловсролтой, мэдлэгийг хэмжиж болохгүй. Боловсролтой хүний харьцаа соёлтой, үйлдэл зөв байдаг. Ард түмний төртэй улс мэдлэг боловсролд онцгой анхаарал тавьдаг. Яагаад гэвэл мэдлэгтэй болсноор хөгжил ирж, хүмүүс боловсролтой болсноор хүмүүнлэг нийгэм бий болж улс орон урагшлан хөгждөг. Тиймээс бүхий л ерөнхий боловсролын байгууллага төрийн мэдэлд байдаг. Яагаад гэвэл иргэн хүний боловсролын асуудал хувийн хэрэг биш харин улс үндэстний асуудал.

Боловсролын байгууллага шашны байгууллага хоёр хэзээ ч холилдож болохгүй. Тус тусдаа байх ёстой. Боловсрол, мэдлэггүй газар мухар сүсэг газар авдаг. Боловсрл мэдлэггүй газар л хүмүүс ид шидэнд итгэж, сүсэг бишрэл хүчээ авдаг. Боловсролтой хүн шүтэхгүй харин асууна, шалгана. Товчхондоо боловсролтой хүн гэгээрсэн хүн. Тиймээс л хүн ардыг боловсруулах, мэдлэгжүүлэх нь бүх шатны боловсролын байгууллагын үүрэг. Бас төрийн үүрэг.

АРД ТҮМНИЙ ТӨР БА ШАШИН

Шашин гэдэг бол хүмүүсийг ёс суртахуунтай байхад тустай болохоос биш харин хүмүүсийн толгойг эргүүлж, тархи угаалтын зэвсэг биш. Шашин гэдэг хүний төлөө байхаас хүний эсрэг цаашлаад ашгийн төлөө байж болохгүй. Шашин шүтэх нь хувь хүний асуудал.

Ард түмний төртэй нийгэмд тухайн хүн ямар шашнаа шүтэх нь хувийн хэрэг боловч бусад хүмүүст тулгаж болохгүй бөгөөд бас нийгмийн хэм хэмжээ, үнэт зүйлийн эсрэг чиглэж болохгүй. Ард түмний төртэй улсад төр шашин хоёр тус тусдаа байх ёстой. Төрийн хүмүүс мухар сүсэгтэй байх аюултай. Тухайн хүн хувьдаа л шашнаас шүтэж болно.

Гэхдээ төрийн албатын хувьд бол ард түмнээ төлөөлж буй тул аль нэг шашинд тал засаж болохгүй. Төрөөс албан ёсоор зарласан шашинтай бол өөр хэрэг.

Төр ард түмнээ үргэлж боловсруулахад анхаарч буй цаад шалтгаан нь ерөөсөө л мухар сүсэг, догма, ид шид гэсэн хүний идэвхтэй амьдралд гай таригч зүйлүүдээс л хамгаалж буй хэрэг. Засгийн албатууд мухар сүсэгт автагдаад, бүх ард түмэн шашинд баригдаад эхэлвэл энд хэзээ ч мэдлэг боловсролын тухай ярихгүй. Мэдлэг боловсрол хориотой, яригдахгүй гэвэл хэзээ ч хөгжил дэвшил ирэхгүй. Хөгжил дэвшил үгүй гэвэл сайн сайхан ирээдүйн тухай яриад ч хэрэггүй. Тиймээс л ард түмний төртэй нийгэмд төр, шашин хоёр тус тусдаа байх нь нэгдүгээр зарчим. Хоёрдугаарт хүмүүсийн оюуны хамгаалахын тулд төрөөс шашны талаархи бодлого хэрэгжүүлдэг.

Хүмүүсийн төлөө шашин байхаас хүмүүсийн эсрэг шашин байж болохгүй.

Судлаач: Б.Гансүх


URL:

Сэтгэгдэл бичих