Дижитал дипломат харилцааны эрин ирж байна

GE DIGITAL CAMERAЦахим Өртөө Холбоо ТББ-ын Англи дах Бүс Нутгийн Төлөөлөгч, Англи улсын Веэстминстрийн Их Сургуульд Олон улсын харилцаа, ардчилсан улс төр судлалаар мастерын зэрэг хамгаалж буй Улаанхүүгийн Ганзориг 9-р сарын 2-ноос 6-ны өдрүүдэд Түрк улсын Анкара хотод болсон “Залуу Дипломатчдын Чуулганд” оролцоод ирсэнтэй нь холбогдуулан товч хөөрөлдсөнөө хүргэж байна. 

Сайн яваад ирэв үү? Юуны өмнө “Залуу Дипломатчдын Чуулган 2013”-ынхаа талаар товч танилцуулахгүй юу. Хаанаас зохион байгуулдаг, ямар чиг зорилготой ажиллагаа юм бол?
Сайн байна уу? Сайн яваад ирлээ. Миний бие Глобал Дипломат Форумаас санаачлан зохион байгуулсан Залуу дипломатчдын чуулганд оролцоод ирлээ. Глобал Дипломат Форум нь олон улсын харилцааны чиглэлээр мэргэшсэн, тус салбарт олон жил ажилласан хэсэг судлаачид, эрдэмтдийн үүсгэн байгуулсан бие даасан Төрийн бус байгууллага. Энэ байгууллага бүс нутгийн болон олон улсын хурал семинаруудыг зохион байгуулдаг. Харин Залуу Дипломатчдын Чуулган нь анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Анхдугаар Чуулганд дэлхийн 76 улсын 100-аад төлөөлөгчид оролцсон өргөн цар хүрээтэй арга хэмжээ болсон. Нийт оролцогчдын 18% нь мастер, докторын зэрэгт суралцаж буй оюутнууд, 16% нь олон нийтийн байгууллагын төлөөлөл, 41% нь дипломатчид, бусад албаны хүмүүс, 25% нь хэвлэл мэдээлэл, хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл байсан ба энэхүү анхдугаар чуулганд оролцох хүсэлтэй материалаа ирүүлсэн нийт 1000 гаруй хүмүүсээс биднийг сонгон шалгаруулж, урьж оролцуулсан тухай чуулганы нээлт дээр онцлон тэмдэглэж байв.
Уламжлал болон зохиогдох энэхүү чуулганы зорилго нь дэлхийн өнцөг булан бүрээс цугласан олон улсын харилцааны асуудлуудыг сонирхон судалдаг шилдэг залуу дипломатчдын дуу хоолойг орчин үеийн дипломат ёсны чиг хандлагад уялдуулан, нэгтгэж, санаа бодлоо хуваалцан, туршлагаа солилцож, ирээдүйн шилдэг дипломатчдыг бэлтгэхэд түлхэц болохуйц олон талын мэдлэг олгоход оршиж байгаа юм.
Анхдугаар чуулганы хувьд олон улсын харилцаа, түүнд тулгамдаж буй асуудлуудыг сонирхон судалдаг залуус бид уг салбарт олон жил ажилласан, ажиллаж буй арвин туршлага хуримтлуулсан дипломатчид, судалгааны ажил хийж буй судлаачид, уг чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй туршлагатай байгууллагуудын төлөөллүүдтэй санал бодлоо солилцож, танилцаж хэлхээ холбоо үүсгэж, практик талын мэдлэгээ өргөжүүлснээрээ чухал ач холбогдолтой боллоо.

• Та сая 1000 гаруй хүнээс 100-д хүн сонгогдож оролцлоо гэлээ. Ямар шалгуураар төлөөлөлөгч нараа сонгодог, өөрөө чухам яаж сонгогдсон туршлагаасаа хуваалцахгүй юу?
photoAllЗураг. Залуу Дипломат Чуулганд оролцогчдын оюутны хэсэг, Турк Улсын Үндэсний Ассамблейтэй танилцав.

Чуулганы оролцогчидтой танилцаж байхад үнэхээр шилдэг залуус цугласан нь харагдаж байлаа. Жишээлбэл: НҮБ-ын Залуучуудын Хабитат (Habitat)-д удирдах зөвлөлийн гишүүнээр 3 жилийн хугацаатай сонгогдсон Кэняагийн төлөөлөгч, Энэтхэгийн оюутны парламентын дарга, Мороккогийн залуу дипломатчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, дэлхийн шилдэг их сургуулиудад тэтгэлэгээр суралцдаг, тухайн сургуулийнхаа оюутны холбоодын дарга нар гэх мэт суралцаж, ажиллаж байгаа салбартаа тэргүүлэх орон орны залуус цугласан байсан нь чуулганы чанар, үнэлэмжийг илтгэж байлаа.
Шалгуурын хувьд ерөнхийдөө тухайн хүний товч намтар, бичиж ирүүлсэн эссэ дээр үндэслэн шалгаруулсан. Мөн өмнө нь олон улсын чанартай болон бүс нутгийн хэмжээний уулзалт, чуулганд оролцож байсан эсэхийг харгалзан үздэг юм байна. Миний хувьд олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, хэд хэдэн хурал чуулганд оролцож, зохион байгуулалцаж байсан, хамгийн сүүлд Олон улсын оюутны байгууллагаас жил бүр 20 оюутныг 100%-ын тэтгэлэгээр 6 сарын турш сургаж, бэлтгэдэг “Learn to Lead” хэмээх удирдах чадварыг хөгжүүлэх сургалтад хамрагдаад дөнгөж сертификатаа гардаж аваад байхдаа энэ чуулганд материалаа явуулсан нь сонгогдох давуу тал болсон байх гэж бодсон.

• Чуулганд оролцох зардлыг цаанаасаа даадаг уу?
Үгүй юм билээ. Чуулганд оролцохоор материалаа явуулснаас 7 хоногийн дараа тэнцсэн тухай бас миний материал, бичиж явуулсан эссэ дээр үндэслэн оролцогчдын хураамжнаас 40% тэтгэлэг олгохоор болсон гэсэн захиа ирсэн байсан. Ингээд үлдсэн зардалыг өөрөө гаргах шаардлагатай ч оюутан надад овоо их мөнгө байсан. Уг чуулганд оролцож орон орны олон залуустай хүнтэй танилцаж мэдлэг туршлагас нь суралцах басхүү Монгол улсаа тэнд төлөөлөн оролцох хүсэлдээ хөтлөгдөн нэмэлт санхүүжилт хайхаар шийдсэн. Ингээд Монгол Улсаас ИБУИНВант улсад суугаа элчин сайд Н.Тулга гуайд учир байдлаа тайлбарлан дэмжлэг үзүүлэхийг хүсэхэд сайд болон яамны хамт олон хүсэлтийг минь маш сайхнаар хүлээн авч, дэмжихээр болсон билээ.
Энэ дашрамд сэтгэл гаргаж дэмжлэг үзүүлсэн элчин сайд Н. Тулга болон элчин сайдын яамны хамт олонд чин сэтгэлийн талархалаа илэрхийлье.

• Чуулганд оролцож явахдаа анзаарч мэдсэн зүйл, танилцаж нөхөрлөсөн хүмүүс гээд олз омог ихтэй байсан байх.
Чуулганд оролцогч олон орны залуучуудтай танилцаж байхад манай улсын талаар маш бага мэддэг нь ажиглагдаж байлаа. Монгол гэхээр Чингис хаан, хоёр их гүрний дунд байдаг гэдгээс өөр илүү мэдээлэл тэдэнд үндсэндээ байхгүй гэж хэлж болохоор байсан шүү. Монголоос ирсэн гэхээр бүгд их гайхаж, зарим нь миний уулзаж буй хамгийн анхны Монгол хүн гэх олон хүнтэй тааралдав. Тэд манай улсын талаар янз бүрийн асуулт асууж илүү ихийг мэдэх хүсэлтэйгээ хэлж бараг эхний 2 өдөр Монгол улсынхаа талаар мэдээлэл өгч, түүх соёлоо танилцуулж ер нь тун завгүй байсан. Зарим нь морь унаж дээлээ өмсөөд явж байдаг, орчин үеийн техник технологийг ашигладаггүй гэсэн төсөөлөлтэй байсан нь үнэхээр гайхшируулж байлаа. Сүүлдээ манай улсын талаар хэр мэдэх вэ? гэж тэднээс эхэлж асуудаг болсон. Ихэнх нь л манай улсыг түүх талаасаа жаахан мэддэг, цөөхөн хэсэг нь уул, уурхай байгалийн баялаг талаас нь хальт мэддэг юм байна билээ.
Бид үнэхээр агуу түүхтэй, бахархалтай улс гэдгээ мэдэрч, бахархаж байсан ч орчин үеийн Монгол улсыг дэлхий дахинд таниулах ажлыг зөв эрчимтэй хийж, эх түүхээ хадгалсан орчин үеийн Монгол гэсэн брэндийг бий болгох хэрэгтэй юм байна хэмээн бодогдож байв.
WithDelegatesЗураг: (Зүүн гар талаас Глобал Дипломат Форумын Гүйцэтгэх Захирал ноён Юунэс Эл Гази, Румын төлөөлөгч хатагтай Анка, Глобал Дипломат Форумын Дэд Ерөнхийлөгч, Профессор Бэн Бэннис, оюутан У. Ганзориг, Болгар улсын төлөөлөгч ноён Пламэн.)

Миний хувьд чуулганы хамгийн чухал ач холбогдолтой, сонирхолтой хэсэг нь чуулганы 3 дах өдөр бид олон улсын харилцаанд шинэхэн гэгдэх дижитал дипломатын талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн явдал байсан. Дижитал дипломат гэдэг нь хил хягааргүй мэдээллийн давалгаанд дунд амьдарч буй энэ үед мэдээллийн технологи нь өөрөө дипломатын үүрэг гүйцэтгэж буйн илэрхийлсэн ойлголт юм. Жишээлбэл: twitter, facebook-д нэг мэдээлэл оруулахад энэ нь өчнөөн мянган хэрэглэгчдэд хүрч чадаж байгаа. Дөнгөж хэдхэн хоногийн өмнө G20 уулзалтыг Al Jazeera TV шууд дамжуулж байгаа нь үзэгчдийг ямар нэгэн байдлаар олон улсын харилцааны түвшинд үнэлэлт, дүгнэлт өгөхөд хүргэж байгаа, үүнийг л дижитал дипломат буюу дипломатын харилцааны цоо шинэ үе гэж нэрлээд буй.
Орчин үед хүн бүхэн шахуу онлайн ертөнцөд амьдрах болсон энэ үед дижитал дипломатын асуудал үнэхээр чухал асуудал болж байна. Мэдээллийн асар хурдацтай тархалт нь улс орнуудын харилцаанд эерэгээр нөлөөлөхөөсөө илүү сул талыг авчирдаг нь нэгэнт судлагджээ.

Хэдийгээр хөрөнгө мөнгө их шаарддаг гэх дижитал дипломатын асуудалд дэлхийн зарим орнууд аль хэдийнээ анхаарлаа хандуулаад байгаа бөгөөд Англи, Америк зэрэг улсууд одоогоор уг салбартаа тэргүүлэх чиг хандлагатай байна. Мөн энэ асуудлыг олон улсын харилцаа сонирхон судалдаг судлаачид цахим ертөнцийг ашиглан хийж болж байгаа юм. Жишээ нь: Швэд, Морокко, Израйль зэрэг орнуудаас оролцож буй оролцогчид дижитал дипломатын ажлыг хэрхэн яаж онлайн орчинд хийж байгаа талаар танилцуулж байсан нь үнэхээр авууштай, үр өгөөжтэй байлаа.
Эцэст нь 6 хоногийн турш олон сэдвээр, илтгэл хэлэлцүүлгүүд, сая сая долларын үнэтэй асуултууд, практик талын үнэтэй зөвлөлгөөнүүд хосолсон үнэхээр үр өгөөжтэй чуулганд оролцож, олон үндэстний найз нартай болсондоо туйлын баяртай байгаа. Дараа жилийн Залуу Дипломатчдын Чуулган Лондон хотод зохион байгуулагдахаар болсныг чуулганыг зохион байгуулагчид албан ёсоор зарласнаар чуулган өндөрлөв. Ирэх жилийн чуулган Лондон хотод болохоор товлогдсон.

Цахим (дижитал) хөөрөлдсөн Д.Цэрэнбат


URL:

Сэтгэгдэл бичих