Б.Даваасүрэн: Залуу цагт багахан магтаалд мөн ч амархан сагсайдаг байжээ

9-13-3Т.БАТСАЙХАН

Моторын дуу” киноны ганган жолоочийн дүрээр ард түмнийхээ сэтгэлд илүү хоногшсон жүжигчин Б.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэрээр амьдралынхаа 40  гаруй жилийг урлагийн тайзнаа өнгөрөөж, 100 орчим жүжиг хэдэн арван кинонд тоглосон билээ.

-Та тэтгэвэрт гарснаасаа хойш нам гүмхэн байна. Ямар уран бүтээл хийж явна хэмээн үгүйлэх хүн олон байна?

-Би Драмын театрт 36 жил ажиллажээ. Цаасан дээр бол тэтгэвэртээ гарсан. Харин уран бүтээлийн сэтгэлгээ маань хэзээ ч хөгшрөөгүй. Ямар уран бүтээл хийж, дүрдээ яаж тоглох вэ гэсэн бодолдоо шатаж яваа хэвээрээ. Хамгийн сүүлд Мөрөөдлийн театрын “Тэр чинь би” жүжиг, “Нар гарна аа аз жаргал минь” кинонд тоглосон.

-Яг одоо юунд тэмүүлж байна вэ. Урлагийнхан тэтгэвэрт гардаггүй гэдэг үнэн үг байх?     

-Би 60 гаруй настай боллоо. Гэхдээ өөрийгөө хөгшин гэж голдоггүй. 85 жил амьдарна гэдэгтээ итгэлтэй байдаг. Энэ хийсвэр сэтгэлгээ биш л дээ. Өвөг дээдэс маань   85 насалж, монгол өвөө найраа хийдэг байсан. Бидний биеийн онцлог эд эс байгалиасаа ийм л тогтолцоотой.  Тийм болохоор жүжигчин Даваасүрэн ямар ч гэсэн 85 насныхаа найрыг хийнэ гэж ойлгоорой. Тэр болтол зорилго, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарна.

- Бие даан уран бүтээл хийе гэсэн бодол төрдөг үү. Урилга ирэхээр л кино жүжигт орж тоглодог байх?

-Бид зохиомол түүхээр олон жил амьдарлаа. 1911 оноос хойшхи Монголын түүх их бүдэг байна. Зориуд бүдгэрүүлсэн ч гэж боддог. Уламжлал түүх маань алс байгаа учраас жинхэнэ монгол хүний дүр төрхийг бүтээхэд хэцүү.  Өнөөдрийн кинонуудыг харж байгаа биз. Сэдэв хүрээ нь тун богинохон. Болох бүтэхгүй хайрын тухай өгүүлж байна.  Үүнийг буруутгах аргагүй. Гэхдээ монгол зан чанар, монгол хайр сэтгэл хаана явна вэ. Яагаад солонгос, америк сэтгэлгээгээр хайрлаж дурладаг болсон юм. Үүнд нь их бухимдалтай явдаг даа. Монголын бодит түүхээр сайхан бүтээл хийхийг мөрөөддөг.  Энэ талаар судалж сураглаж байгаа. Сайхан зохиол гарч ирэхгүй л байна даа.

-Аливаа зүйл нийгмээ дагаад өөрчлөгддөг гэдэг. Тэр зарчмаараа л явж байгаа байх?

-Дэлхий дахин даяарчлагдах гэдэг зүйл их ярьдаг болжээ. Нийгмийнхээ тогтолцоогоор эдийн засаг өөрчлөгдөж болох юм. Харин хүний зан чанар эх орноо гэсэн сэтгэлгээ нь өөрчлөгдөж болохгүй. Монгол хүн монголоороо байх ёстой. Би тэгж л боддог. Энэ бодол маань намайг зовоож, дотроос байнга шаналж явна. Жинхэнэ монгол зан заншил, монгол хүн монгол хайр дурлалыг үзэгчиддээ харуулахыг хүсэж байна. Мөн сайхан монгол жүжигчин төрүүлэх  юм сан.

-Жинхэнэ монгол жүжигчин байхгүй гэж үү?

-Байхгүй. Монгол ахуй байхгүй байхад яаж монгол жүжигчин төрөх юм бэ. Монгол хүн цэвэр ичимтгий байсан гэдэг. Үүнийг үнэн гэдгийг яаж баталж байгаа юм.  Бүх зүйл шалтаг шалтгаантай. Тиймээс залуучууд маань тасарч бүдгэрсэн үүх түүхээ сэргээн гаргаж ирмээр байна.

-Түрүүнд кино урлагийн талаар цухас дурдаад өнгөрсөн. Хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?

-Кино үзээгүй удаж байна.  Мэргэжлийн үүднээс үзэх нэг ч кино алга. Нэг үйлдэл нь 2-3 секунд өөрчлөгдөхгүй бол харахыг ч хүсдэггүй. Тэр ямар утга агуулгатай байна хамаагүй. Тэнд жүжигчний ажиллагаа алга. Нэг нэгнээ таван секунд ширгээд өөр үйлдэл тэсрэлт гарахгүй бол сонин байж чадахгүй. Тийм кино харж цагаа алдаж суугаад яах юм.

-Танай үеийн киноноос одоо ч хүмүүс уйддаггүй. Жинхэнэ бүтээлүүд төрдөг байж дээ?

-Тийм ээ. Г.Жигжид, Н.Цэрэн, О.Уртнасан гээд мундагчууд байлаа. Намайг хамгийн их хүмүүст таниулсан “Моторын дуу” кино маань дэлгэцнээ гараад 40 жил болчихож. Миний залуу нас энэ бүтээлд үлджээ. Зураг авалтад тэнцээд киноныхоо тухай судлахад цаад санаа нь их сонин байсан.  “Моторын дуу” киноноос өмнө жолооч гэдэг хүн пөөнийсөн хар хүрэмтэй, хацар ам нь тос болсон техникийн боол мэтээр дүрслэгдэж байлаа. Тэгээд киногоороо залуу, жолооч хүн яагаад цэвэрхэн явж болохгүй гэж гэсэн санааг өгсөн юм. Тэр үед эрээн цамц, жинхэнэ биш ч гэсэн жинснүүд гарч эхэлсэн байсан.  Тэгээд л тийм ганган дэгжин жолооч болсон доо.

-Киноны дараа хүмүүс их сайхан хүлээж авсан биз?

- Ер нь бүтээл төрсний дараа их сайхан. Онгироод л, миний хэсэг хурдан гараасай гэж бодож догдолно. “Моторын дуу” кино гарсны дараа тухайн үеийн авто баазууд бүгдээрээ хүлээж авсан. Өглөө бүр улс төрийн сонсгол  хийдэг байлаа. Тэгээд намайг очихоор “яаж гоё жолооч болов”  гээд л асууж өгнө. Тэр үедээ л жолооч нарын дунд од нь явлаа. Би ер нь тоглосон киногоо зорьж суугаад үздэггүй. Хааяа нэг харахаараа “Энэ дээр ингэдэг байж тэрэн дээр нь тэгж ажилладаг байж дээ” гэж өөрийгөө л дүгнэж суух юм. Ер нь зохиолынхоо мөн чанарыг ойлгохгүй тоглочихоод  салганатал аашлуулж байсан үе олон бий.

-Өөртөө бардаж онгирох үе гарна биз?

-Залуу цагт жаахан магтаалд мөн ч амархан сагсайдаг байжээ. Ямар ч муу жүжигчинд “Миний найз мундаг шүү” гэж хэлэх хүн байдаг. Сайжрах тусам улс даяараа магтаад л. Тэгээд зарим нь тэрэн дээр халтирна. Олон ч сайхан хүн хальтарч бор дарсанд орсон доо. Алдаагүй амьдарсан хүн гэж байхгүй. Алдаагаа олж харсан л бол бүх зүйл нь тодорхой болж ирнэ. Би ч олон унасан, олон ч босож ирсэн.

-Таны амьдрал урлагтай салшгүй холбоотой. Урлагийн сайхан зүйл нь  юу вэ. Уран  бүтээлч бүхэн өөрөөр тайлбарлах байх?

- Би урлагтай салж чадахгүйгээр холбогдсон хүн. 1971 онд Багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгссөн. Түүнээс хойш тасралтгүй 40 гаруй жил ажиллалаа. Дэлгэцийн болон тайзны урлагийг алаг үзэлгүй адилхан зүтгэсэн. Надад нэг хүн “Урлаг гэдэг их сайхан ажил. Чи жаргаж байна аа. Бэлэн зохиол байна. Хувцсыг чинь хүн оёод өгнө, тайз нь бэлэн. Нүүр амыг чинь бас будаад өгч байна. Чи ер нь юу хийдэг юм бэ. Үг л цээжилдэг юм биш үү”  гэж хэлж байсан. Энэ ард түмний нийтлэг ойлголт. Гэхдээ жүжигчдийг ингэж дүгнэж болохгүй. Үг цээжлээд, тайзан дээр гүйж явдаг амьтад ердөө ч биш. Би анх “Яагаад” гэдэг жүжгийн Дарам гэдэг инженер залуугийн дүрд тоглосон. Амьдрал нь надтай их ойрхон байлаа. Сэтгэлдээ шатаж яваа залуу.  Дүр дээрээ ажилласан юм байхгүй. Үгээ цээжлээд л орсон. Бөөн алдаа байсан. Би тэр цагаас бүхнийг ойлгож хичээж эхэлсэн. Жүжигчин хүн юуг өгүүлэх вэ гэдэг зорилгоо тодорхойлоод дүр бүтээх арга томьёоллуудаа хэрэглэнэ. Байнгын эрэл хайгуул хийж байж сая үзэгчдийн өмнө гарч дуугарах эрхтэй болж байгаа юм. Энэ зүйлийг би амьдрал туршдаа суралцаж ирсэн.

-Дүр бүтээх, дүрд тоглох хоёрыг өөр гэж ярьдаг. Та хэдэн дүр бүтээж чадсан бэ?

-Дүрд тоглоно гэдэг мэргэжлийн жүжигчин хүнд байж болохгүй зүйл. Энэ нь сайн дурын уран сайханчдын хийдэг ажил. Хэрвээ мэргэжлийн жүжигчин хүн тоглоод сэтгэлээсээ хандахгүй бол үр нь ямар байх нь ойлгомжтой. Өөрийгөө л баллаж байгаа хэрэг. Би өөрийгөө тийм мундаг сайн гэж дүгнэж чадахгүй. Урлагийн тайзан дээр аашлуулж, загнуулж, магтуулж биеэ тоож ч явлаа. Урлагаа орхиё гэж бодож байсангүй. Тас зууралдаад амжилтанд хүрнэ ч гэж улайраагүй. Хийх ёстой юмаа л хийсэн. Ер нь хүн өмнөө зорилготой байхад болно доо.

-Одоогийн жүжигчдийн ихэнх нь дүрээ бүтээх биш тоглоод байна уу даа?

-Яг үнэнийг хэлэхэд бүгд л тоглож байна. Гавьяат нь ч, ардын жүжигчин нь ч дүрдээ тоглож байна. Ер нь жүжигчин хүн шинэлэг зүйл хийхгүй л бол хэцүү. Тэр хүнд ирээдүй алга. Зарчмын шаардлага нь тэр юм.

-Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу. Урлагийн хүний хувийн амьдрал их сонин байдаг?

-Би гэр бүлийнхээ амьдралыг олонд дэлгэх дургүй.  Салж нийлж хань, үрээ ч алдаж  явсан үе бий. Гэхдээ тэр бүхэнд би нугарч хугараагүй. Одоо сайхан ханьтай болсон. Амьдрал дажгүй л байна.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих