Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илтгэлийг анзаарахад…

0b5402d08fe18388originalМонгол Улсад санхүүгийн хямрал нүүрлээд байгаа энэ цаг дор дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг манай улсын Засгийн газартай хамтран зохион байгуулж байна. Тус чуулга уулзалтын агуулга нь Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудал бөгөөд сэдэв нь “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ” аж. Уг чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, “Бага импорт, их экспорт, нэмүү өртгийн төлөө” гэсэн сэдвийн дор илтгэл тавив. Улсынхаа Ерөнхийлөгчийн илтгэлтэй бүрэн эхээр нь танилцлаа. Хямрал хөндөж, түүнээс гарах арга зам гээд цаг үеийн тулгамдсан асуудал дурдагдсан нь сайшаалтай хэрэг.

Уран илтгэгч, шоучдын тойрч гардаггүй нэг зам байдгийг ч тэр бас тойрсонгүй. Учир нь “Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хууль, шүүхийн шинэчлэлд их анхаарал тавьж ирсэн. Шүүхийн шинэтгэлийг хийхэд 10 гаруй хууль гаргах байх гэж үзэж байсан ч 40- өөд хууль гаргах хэрэгтэй болж байгаа” гэх мэт хямралд хамаагүй зүйлийг ч сөхөж, өнөөх л шоучин араншингаа гаргаад авав.

Эдийн засаг доройтож, ард түмний амьдрал туйлын муу байхад юун шүүхийн шинэчлэл энэ тэр вэ. Эхлээд тэр шүүхийн тухай хуульд чинь захирагдаж явах учиртай ард түмнийхээ амьдралыг нэг харчих хэрэгтэй. Яахав, Ц.Элбэгдоржийн гэрт, тэдний хүрээнд хямрал байхгүй байж болно шүү дээ. Түүнчлэн тэрбээр “Сая би Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр хоёр хөршийн удирдагчидтай уулзсан. БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй маш элэгсэг дотно яриа өрнүүлсэн. Шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хамтарч шийдвэрлэх талаар ярилцсан” гэжээ.

Үнэн хэрэгтээ манай стратегийн орд газарт хөрөнгөө оруулаад үйл ажиллагаа явуулж байсан хойд өмнөд хөршийг өдгөөгийн эрх баригчид л хөөж гаргасан шүү дээ. Гуравдагчдын мөрөөдөлд хэт автсан өдгөөгийн эрх баригчид л гуравдагчдад ханд хаясан нь өнөөдрийн энэ хямралын үндэс суурь болсон гэдэгтэй цөөнгүй судлаач санал нийлдэг. Мөнхийн хоёр хөршөө адласныхаа гайг үүрсэн эрх баригчид өдгөө эргээд тэднийгээ гуйхдаа тулж явааг Ерөнхийлөгчийн илтгэлээс харж болно. Үнэн хэрэгтээ хөрөнгө оруулагчдыг үргээсэн гол буруутнуудын нэг нь Ерөнхийлөгч гэдгийг бүтэн жилийн турш ярьсан даа. Тэгэхээр өдгөө өөрсдөө хөрөнгө оруулагчдаа үргээчихээд хэн нэгнийг буруутгах гээд байгааг харсан гаднын зочдын нүд нь орой дээрээ гарч суугаа биз. Ерөнхийлөгчийн хувьд үнэхээр л хямралаа мэдэрч үүнд санаа зовж байсан бол энэ сэдвээр нэлээд эртнээс дуугарах байсан. Гэтэл яагаад ч юм нэгэнт хямрал нүүрлэж, амьдрал доройтож байгаа энэ үед тавьж байгаа нь төдийлөн ач холбогдолгүй мэт. Гэхдээ яахав, “Оройтсон борооны хойноос цув нөмөрч” байгаа ч бид удаа дараа ярьж байж хямралыг давах учиртай. Тиймээс “Олуулаа хэлэлцвэл буруугүй” гэдэг үг байдгийг ч манай эрх баригчид уг нь сайтар мэддэгийг юу эс андах билээ. Тийм ч учраас Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч уг илтгэлдээ ийн дурдсан нь хамтрагчдаа төдийгүй гадна дотнын зочдыг ангайлгаж орхисон болов уу. Тэрбээр хөрөнгө оруулалтын тухай дурдахдаа “Гол хүндрэл бол бодлогын хүндрэл юм. Хөрөнгө оруулагчид үүнийг ойлгож, мэдэрч байгаа.

Монголд хөрөнгө оруулалтын бодлого сайн биш, үүнээс болж хүндрэл гарч хөрөнгө оруулагчдыг үргээдэг. Өнөөдөр Монголын эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт буурч, төгрөг, үндэсний валютын ханш суларч, төсвийн орлого хүндэрч байна. Үүнийг яаж засах вэ. Энэ бүхэн бодлоготой холбоотой хүндрэл юм. Бодлого, хөрөнгө оруулалтын орчин ойлгомжтой, татварын ачаалал хөнгөн, төрийн оролцоо бага байх хэрэгтэй гэдэг. Ийм зарчмаар хүндрэлээс гарах боломжтой” хэмээн цохсон юм л даа. Үүнийг ёстой л хожуу ухаарал гэх байх. Мөн цааш хэлэхдээ “Маргаашаас УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана. Ээлжит бус чуулганаар тодорхой хуулиуд баталж гаргахаар эрмэлзэж байгаа. Гол асуудал бол хөрөнгө оруулагчдад ээлтэй бус хуулиудыг өөрчлөх, хөрөнгө оруулагчдад урт хугацааны таатай боломж олгох талаар ярилцана” гэсэн юм. УИХ-ын чуулганы хуралдаанаар хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын тухай хууль хэлэлцэхэд ихээхэн шалтгаан бий. Тийм ч амар хэлэлцэж батлаад амьдрал дээр хэрэгжихгүй. Нэлээд цаг хугацаа зарцуулах байх. Яагаад гэхээр ард түмний төлөөллөөс нэлээдгүй хэсэг нь “Хулхи эх орончид” юм. “Хулхи эх орончид”-ын хувьд газар шороо, асар их баялагаа ард түмний өмч болгоно. Манай улс төдөн хувь эзэмших ёстой хэмээн санаанд багтамгүй тоо хэлнэ. Түүнчлэн энэ чинь ард түмний өмч гээд л цээжээ дэлдэнэ. Нуулгүй хэлэхэд, манай УИХ-д хөрөнгө оруулалтын талаар ойлголттой хэдэн гишүүн байгааг хэлэхэд бэрх.

Нэг л их эх орон, ард түмэндээ хайртай нөхдүүд олширсон учраас энэ тухай хуулийг эцэслэн батална гэдэг тун хүнд. Гэхдээ 2012 оны сонгуулийн дараа төрийн эрх барих болсон “шинэчлэгчид”-ээс өмнө энэ мэт хөрөнгө оруулагчид нүүрээ буруулсан тохиолдол үгүй. Харин ч хөрөнгө оруулагчдын урсгал дагасан валютын урсгал бий болж, улмаар эдийн засаг 17 хувийн өсөлт давсан байв. Гэтэл өнөөдөр гаднын хөрөнгө оруулалт 44 хувиар буурсан үзүүлэлттэй сууж байна. Үүнийг дагасан хямрал илт мэдэгдэж, нийгмийн бухимдал ч ихэслээ. Үүнд зөвхөн Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж хоёр буруутай биш л дээ. Өөрөөр хэлбэл, 2012 оны парламентад “Хулхи эх орончид” олноор сонгогдон орж ирсэн нь ч гай болсон гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Тодотгож хэлбэл, хэдэн жилийн турш эх орон ард түмэн минь, асар их баялаг минь хэмээн яг энэ хөрөнгө оруулалтын эсрэг зүйл ярьсаар УИХ-д орж ирсэн гишүүн цөөнгүй бий. Ард олон өөрсдөө хэнийг сонгосноо мэдэж байгаа учраас тэдний нэрийг дурдаад яахав. Ерөнхийлөгч цааш дурдахдаа өнөөх л уран илтгэгчийнхээ ажлыг мартсангүй. “Монгол Улс хүнд суртал, төрийн оролцоо багатай орон байх ёстой. Юм л бол төрийн оролцоо, төрийн хувь хэмжээ, төрийн өмч гэсэн ойлголт газар авч болохгүй. Төрийн оролцоонд хяналт тавина. Төрийн компани дахин байгуулах талаар ярихгүй байх тухай Засгийн газартай ярилцана” гэжээ. Манай Засгийн газрын тэргүүний хувьд бол Ерөнхийлөгчийнхөө эсрэг бодлого барьдаг хүн гэдгийг бид олон зүйлээс харж болно. Тэр Засгийн газраа эмхлэн байгуулахдаа яамдын болон агентлаг газрын тоог нэмсэн. Нөгөө талаар Н.Алтанхуяг болж өгвөл төрийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр бодлого барьдаг. Тухайлбал, хуучнаар ОССК- ийг татан буулгаж, Төрийн өмчит Орон сууцны корпораци болгон өөрийнхөө мэдэлд авсан. Тэр ч бүү хэл Багануурын нүүрсний уурхайгаас нийслэлчүүдийн түлшийг бэлдэх гэж хөглөдөг хүн шүү дээ. Эрх зүйн орчин нь л нээлттэй байвал Монгол Улсын Ерөнхий сайд нь нүүрсний шуудай барьчихаад л уурхай дээрээс мэдээ цацуулж байх ямар хэрэг байна вэ. Төр оролцох байлаа ч Ерөнхий сайд нь нүүрсний шуудай бариад зогсч байдаг улс орон гэж дэлхийн хаана ч байхгүй.

Эцэст нь Ерөнхийлөгч маань тун ч тэссэнгүй аанай л өөрийнхөө тухай ярихаар эрс шийдсэн бололтой. Тэгэхдээ “Өөрийнхөө тухай товч ярья. Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр энэ оны зургадугаар сард дахин сонгогдсон. Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдох эрхтэй байдаг. Анх Ерөнхийлөгчөөр сонгогдоход хоёр морь байгаа гэдгийг мэдэж байсан. Одоо бол хоёр дахь морин дээрээ мордсон учраас сонгууль бодох биш улс орныхоо эрх ашгийг харж шийдэл гаргахын төлөө манлайлал үзүүлж ажиллах болно. Хэцүү хүнд зүйлийг сөрөх болно. Хөрөнгө оруулалт, хийж бүтээж байгаа харилцааны эсрэг гаргаж байгаа асуудал, популизмын эсрэг ихээхэн ачаа үүрч ажиллана гэжээ. Юутай ч Ерөнхийлөгч маань хоёр дахь удаагаа сонгогдоно гэдгээ хэдэн жилйин өмнөөс мэдэж байжээ. Тэгэхдээ хоёр дахиа сонгогдвол улс эх орныхоо төлөө ажиллана гэсэн чин тангарагтай ч байсан аж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан илтгэлийг анзаарахад ийм л байна даа.

С.БАЯР


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.