Л.Гансүхийг хэвлэлийн эрх чөлөөний дайснаар нэрлэж байна

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдрийг өнөөдөр дэлхий нийтээр тэмдэглэж байна. Үнэнийг чөлөөтэй хэлж болдог ганцхан өдрийнхөө эрхийг эдэлж, манай сонин хэвлэлийн эрх чөлөөний дайснаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг нэрлэж байна.

Уг нь тэр бидний талд байсан юм. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө буюу 2003 оны зун УИХ-ын гишүүн Л.Гүндалайг Олон улсын хүний эрхийн хуралд явах гэж байхад нь хүч хэрэглэн баривчлах үед үнэн бодит мэдээллийг бидэнд хүргэж байснаараа сэтгүүлчдийн халуун ам бүлийн эчнээ гишүүн байсан сайхан түүх түүнд бий. Тиймээс сэтгүүлчид Л.Гансүхийг манай талын хүн гэдэгт итгэдэг байлаа.

УИХ-ын гишүүн болсныхоо дараа ч хэвлэлийнхнээс уяатай хэвээрээ байв. Ялангуяа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажилласан хугацаанд Төрийн ордон дахь түүний өрөөнд сэтгүүлчид чөлөөтэй зочилж, өдөр тутмын сонин, телевизийн мэдээний хөтөлбөрүүдээс Л.Гансүхийн ярилцлага, тодруулгагүй дугаарыг олох нь ёстой л “Өвсөн дотроос зүү эрэхтэй адил” тийм өдрүүд байсан юм шүү.

Тиймээс ямар ч хаалттай, нууц хуралдааны талаар мэдээлэл өгч чаддаг байсан түүнийг ардчиллын билэг тэмдэг мэт үздэг, хүндэтгэдэг, өөриймсдөг байв.

Гэтэл өнөөдөр тэрбээр байсгээд л хэвлэлийнхнийг бөөнөөр нь шүүх цагдаагийн өмнө дууддаг болсон нь ёстой л гал халуун итгэл рүү ус цацах шиг болов. Сэлэм эргүүлнэ гэдэг шиг гэнэтхэн бидний эсрэг дайн зарласан тэр ардчилагчийн жинхэнэ нүүр царай энэ байсан гэж үү.

Бидний таних Л.Гансүхтэй он жилүүд гэвэл наанадаж лав найман жилийн түүх ярих болно. Үүнээс сүүлийн хоёр жилд нь Л.Гансүх “ийнхүү” төрөл арилжчихаад байгаа юм. Дахин хоёр жил өнгөрөхөд юу болохыг таашгүй.

Л.Гансүх сайдтай тааралдсан ахмад сэтгүүлч “Сайн байна уу, шонхорчин сайд аа” гэхэд инээгээд гүйж явсан нь саяхан билээ. Харин өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн гэр бүлийн хоёр сэтгүүлчтэй үзэж тарсаар бүтэн жилийн нүүр үзэв. Хэн нь үнэн яриад байгааг шүүх байгууллага тогтоох биз. Тэр бол тэдний хэрэг.

Хамгийн гол нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд үзэг нэгтнүүдээс маань дэндүү олныг шүүхэд дуудсан нэхэмжлэгчийнх нь хувьд түүнийг эрх чөлөөнийхөө энэ өдөр онцолж бичмээр байна. Энэ бол бидний хэрэг. Таныг бичвэл шүүхэд дуудагдах юм байна гэж айгаад бичихээ больчихно гэж арай бодоогүй биз дээ, сайд аа. Тийм бол манай улсад ардчилал байхгүй гэсэн үг. Үүнийг танаас эхлээд нотолчихоод байна.

Хүн нэр төрдөө хайртай байлгүй яах вэ. Нэр төр бол тухайн хүний, тэр тусмаа улстөрчийн хамгийн үнэт зүйл яах аргагүй мөн. Харин нэр төрийнхөө төлөө ёс суртахуунаа, зарчмаа умартаж болохгүй.

Парламентад хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй түүнийг ардчилсан үзэл бодолтой хүний хувьд их улс төрийн гал тогоонд бойжиж борогшсон, хатуу хөтүүг үзэж байрагшсан нэгэн гэж бодож явсан юмсан. Гэтэл өөрийг нь олигархиар тодруулсан Ард түмний их хуралдайнхныг яаж ч чадахгүй хэрнээ, “Л.Гансүх” гэсэн үг бичсэн сэтгүүлч болгоныг шахам шүүхэд дуудаад байгаа нь “эгдүүцэл” төрүүлж байна.

Харамсалтай нь хамтарсан Засгийн газрын сайд болсноосоо хойш танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн улстөрч зөвхөн Л.Гансүхээр дуусахгүй. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ч мөн хэвлэлд халтай хүмүүсийн тоонд зүй ёсоор багтаж таарна.

Түүнийг торны цаана хоригдож байхад бид үзгээрээ зэвсэглэж, үгээр дайтсаар үнэний талд шийдвэр гаргуулж дуу хоолойг нь олон нийтэд хүргэж байсан. Үүгээрээ С.Эрдэнэд тусалсан хэрэг биш, ард түмэн үнэнийг мэдэх эрхтэй, бид хүргэх үүрэгтэй гэдэг үүднээс асуудалд хандаж байв.

Ардчиллын үнэ цэнийг мэдэрдэгийн хувьд, түүнийг ардчилагч гарцаагүй мөн гэдгийг батлахын учир бид үүргээ гүйцэтгэсэн юм. Гэтэл мөн л өнгөрсөн гуравдугаар сард АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн шүүх хурлын үеэр тэрбээр сэтгүүлчидтэй дайн зарлав.

Ч.Сангарагчаа хэвлэлийн хурлын үеэр “УИХ-ын гишүүн С.Эрдэнэ” гэсэн нэрийг оруулж ярьсныг тэр хуралд суусан сэтгүүлч “Ч.Сангарагчаа тэгж ярилаа” гээд бичиж л таарна. Гэтэл сэтгүүлчдийг “тэмдэглэлийн дэвтэр, дуу хураагуураа шалгуул” гэхчлэн дарамталж буй нь түүний хувьд өнгөрсөн 20 гаруй жилд тэмцэж ирсэн ардчилсан үзэл баримтлалын гол тулгуурыг тасчин үгүй хийсэнтэй агаар нэг билээ.

Ардчилсан зарчим баримталдаг улс орнууд дөрөв дэх засаглал гэж ганцхан өдөр худлаа ярихаасаа илүү үйл ажиллагаанд нь байнга хүндэтгэлтэй ханддаг.

Одоогоос арван жилийн өмнө Казахстаны сэтгүүлчид олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тухай хуульдаа өөрчлөлт оруулахын тулд парламентын 49 гишүүнд зориулан 49 царс модны тарьц суулгаж байсан. Тэгээд энэ асуудлыг хариуцсан салбарын сайддаа “карагача” модны суулгац бэлэглэж байсан нь нэн сонирхолтой тэмцлийн арга хэлбэр болж байв. Үүний нэгэн адил сэтгүүлчид энэ өдөр 76 мод тарьж улстөрчдөд бэлэглэдэг юм билүү. Эсвэл Байгаль орчны сайд өөрт нь тал засч байна гээд бодчихдог юм болов уу.

ОХУ-ын хамгийн догшин улстөрч В.Жириновский сэтгүүлчидтэй ёс зүйгүй харилцсан, дайрч доромжилсныхоо төлөө Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тэдний зүгээс хүнд цохилтод орж байсан удаатай. Тухайн үед түүнийг сэтгүүлчид мөнгө өгч өөрийг нь зөвтгөсөн мэдээлэл нийтлүүлэх гэж байсныг нь “OPT” телевизээр цацсан юм.

Өнөөдөр хойд хөршид үнэнийг бичсэн сэтгүүлчид амиа алдах нь цөөнгүй байгаа ч ард түмний хэвлэл мэдээлэлд итгэх итгэл нь төдийчинээ хүчирхэг байна. Үнэн ялдаг технологи ардчилалд ингэж нөлөөлдөг. Хүчтэй, эрх мэдэлтэй нь ялахын эсрэг 20 гаруй жил тэмцсэн ардчилал, шударга ёс хэвлэл мэдээллээс, ардчилагчдаас эхлэх ёстой.

У.Оргилмаа

ulsturin toim


URL:

Сэтгэгдэл бичих