Авлигын торон дахь ЭРХМҮҮД

Авлигын торон дахь ЭРХМҮҮД

Төрийн өмчит компанийн болон улсын үйлдвэрийн хөрөнгө мөнгийг хувьдаа завшихын тулд албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний хөрөнгө мөнгө хууль бусаар олдог авлигачдын тоо нэмэгдсээр байна.

Алзны тор шиг ар араасаа хөвөрч улсын томоохон байгууллага, үйлдвэр, компанийн захирлууд АТГ-т шалгагдаж байна.

Нууц амрагийнхаа дансанд хэдэн тэрбумыг байршуулсан ТЕГ-ын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга асан Ч.Гансүх нарын хэрэг, МИАТ-ын Дайны эрсдлийн сангийн хөрөнгө мөнгийг угаасан МИАТ-ын коммер эрхэлсэн дэд захирал асан Ч.Хоролсүрэн, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарын араас ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрийн захирал А.Шоовдор гэх мэт хүмүүс авлига хээл хахууль, мөнгө угаах хэргийг тэргүүлж байна.

Эдгээр нэр бүхий авлигачид улсад хичнээн хэмжээний хохирол учруулсан нь одоогоор тодорхой бус байна. Шалгалтын явцад хэн нь хэчнээн хэмжээний мөнгө угааж завшсан нь тодорхой болох байх.

Авлигатай тэмцэх газраас “Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан М.Хулан туслах нягтлан А.Болдмаа нарыг бусдад авлига өгсөн, сангийн их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан, албан тушаалаа ашигласан гэх үндэслэлээр шалгаж байгаа билээ. Хэргийг шалгах явцад БОНХЯ-ны томоохон албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж, өөрсдийн байгуулсан хувийн аж ахуйн нэгжийн дансанд таван тэрбум орчим төгрөг шилжүүлэн завшсан нь тогтоогдсон юм.

Мөн өөрсдийн данс уруу шилжүүлж авсан мөнгөөр орон сууц, автомашин худалдаж авсныг шалгалтын явцад тогтоогджээ. Улсаас жил бүр Агаарын бохирдлыг бууруулахад их хэмжээний мөнгө төсөвлөдөг бөгөөд олон улсын байгууллагуудаас цөөнгүй төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг.

Тухайлбал, жилд Цэвэр агаарын санд улсаас 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөж олгодог. Түүнчлэн улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгөөс гадна хандив, буцалтгүй тусламжийн орлогын дийлэнх нь энэ санд төвлөрдөг байна. Гэтэл сангийн тодорхой хэмжээний мөнгө төрийн сангаас гараад хэд хэдэн удаа хууль бусаар хувийн компани болон хувь хүний нэр дээр их хэмжээгээр шилжсэн байсныг тогтоосон байна.

Т.Билэгт

НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг АТГ шалгалж байгаа. Түүнийг нийслэлийн Засаг дaргaар ажиллаж байх хугацаандаа “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хууль бусаар хувьчлахад голлох үүрэг гүйцэтгэсэн хэрэгт буруутган, сэжигтнээр татсан. Т.Билэгтэд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Т.Дашдэлэг

Авлигатай тэмцэх газраас Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, зэвсгийн наймаа хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байсан. Хэргийг шалгах явцад улсын нууцад хамаарах зүйл нэлээд гарчээ. Иймээс Т.Дашдэлэгт холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн байна. Т.Дашдэлэгийг ажиллах хугацаандаа байлдааны онгоцны моторыг БНАСАУ-д худалдсан зэрэг хэд хэдэн үндэслэлээр шалгаж байгаа.

Н.Түмэндэмбэрэл

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг улсын төсвийн хөрөнгөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргээр АТГ-аас шалгаж байгаа билээ. Түүнийг Эрүүл мэндийн яамнаас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт өөрийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1,7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байна. Мөн явуулын эмнэлэг нэрийдлээр суудлын гурван машин оруулж ирсэн гэх хэрэгт холбогдсон. Н.Түмэндэмбэрэлийг дөрвөн cap орчим цагдан хорьсон. Тиймээс Авлигатай тэмцэх газраас энэ хүнийг    цагдан хорих шаардлагагүй хэмээн үзэж, гадуур байцааж байгаа юм. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа.

Н.Түмэндэмбэрэл П.Н.Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн III эмнэлэгт цахилгаан соронзон оношлогооны аппарат “MRI” нийлүүлэх тендер зарлажээ. Уг тендерт “Мон Ортомед”, “Пролианс”, “Монос фарм”, “Лабтех” гэсэн дөрвөн компани өрсөлдсөн байдаг. Тухайн үед Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан H.Түмэндэмбэрэл эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн эзэмшлийн “Лабтех” ХХК-нд тендерийн эрхийг өгсөн аж. Ингэхдээ 1.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий “Philips” фирмийн “Intera 1.5Т”     маркийн “MRI” аппарат нийлүүлэхээр болсон байна.

С.Батмөнх

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнхийг AТГ-aас шалгаж байсан. Гэвч гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй аж. Харин сүүлд ирүүлсэн гомдлын дагуу шалгахад тендер сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулсан үйлдэл нь тогтоогджээ. Одоогоор С.Батмөнх цагдан хоригдож байгаа. Түүнийг өмнө нь Иргэний нисэхийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны зарим албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлсэн, улсын мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, эсэхийг нь шалгаж байгаа. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус газрын зарим дарга нар хувиараа хамтран байгуулсан “MQAS AIR SERVICE Co., LTD’’ компанитай холбоотой хэрэг ил болж эхэлсэн байна.

Татварын ерөнхий газрын Ч.Гансүх

Татварын ерөнхий газрын Xяналт шалгалтын хэлтсийн дaргa Ч.Гансүхийг хууль бусaар хөрөнгөжиж, их хэмжээний хөрөнгө завшсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Уг хэрэгт холбогдолтой Ч.Гансүх нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байна.

Б.Энэбиш

“Эрдэнэс таван толгой” компанийн гүйцэтгэх захирал aсан Б.Энэбишийг 1.6 тэрбум төгрөгийн үнэлгээтэй арван ширхэг авто самосвал болон бусад чанарын шаардлага хангаагүй дугуй гэх зэргийг төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр худалдан авсан талаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Б.Энэбишийн хэргийг одоо хүртэл шалгаж дуусаагүй байна. Авлига, албан тушаал тэр дундаа их мөнгөтэй холбоотой хэрэгт холбогдогч олон байдаг учраас шалгах ажиллагаа их удааширдаг талтай.

А.Шоовдор

Хөтөлийн “Цемент, шохой”-н үйлдвэрийн захирал А.Шоовдорыг Авлигатай
тэмцэх газарт шалгаж байгаа. А.Шоовдорыг хэд хэдэн томоохон тендерийн сонгон шалгаруулалтыг будилаантуулж, үйлдвэрийнхээ дарга нартай үгсэн хуйвалдаж, албан тушаалаа ашиглан танил талдаа ашигтай байдлаар шийдвэр гаргаж байсан аж. Мөн Хөтөлийн “Цемент, шохой” ХК-ийн үйлдвэрийн технологийг хуурай аргад шилжүүлэх төслөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байна. Мөн тендер нэрээр “Занар” нэртэй компани байгуулж хувьдаа ашиг орлого олж байсан нь тогтоогдсон. Одоогоор энэ хэрэгт нийтдээ 38 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа аж.

Н.Алтанцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих